Дэлхийн зүүн төвийн үзэл баримтлалтай 130 улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн энэхүү нэгдэл нь социал демократ буюу нийгмийн ардчилсан үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.Тус байгууллагын гишүүд нь 21-р зууныг нийгэм, байгаль орчин болон ардчиллын дэвшлийн эрин үе болгохын төлөө ажилладаг.

Тус эвсэл нь улстөр-энх тайван, ардчилал, хүний эрх, зохистой хөдөлмөр, хүйсийн тэгш байдал, тогтвортой хөгжил зэрэг бодлогын чухал асуудлуудыг хөндсөн илүү дэвшилтэт үзэл санааг олон улсад түгээн дэлгэрүүлэхийг эрхэм зорилгоо болгодог.

 

Прогрессив Аллианс, СоцИнтерн байгууллагууд нь адилхан зүүний чиглэлийн үзэл баримтлалтай улс төрийн намуудыг нэгтгэдгээрээ төстэй.  Прогрессив Аллиансын хувьд харьцангуй залуу нэгдэл гэж үздэг.Энэхүү нэгдлийн анхдугаар уулзалт Бүгд Найрамдах Итали Улсын нийслэл Ром хотноо 2012 оны 12 дугаар сард дэлхийн 42 орны улс төрийн намын оролцоотойгоор зохион байгуулагдаж байсан.Энэ үеэр Прогрессив Аллиансыгалбан ёсоор байгуулах санаачлага гарч, 2013 оны тавдугаар сарын 22-нд ХБНГУ-ын Лейпциг хотод дэлхийн дэвшилтэт социал демократ намууд болон байгууллагуудын сүлжээнд суурилан байгуулагдсан. Өдгөө дэлхийн хэмжээнд энхтайван,  ардчилал, хүний эрх, нийгмийн шударга ёс, нийцтэй ажиллагааны хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Прогрессив Аллиансыг үүсгэн байгуулснаар олон улсын орчин үеийн улс төрийн намуудын хамтын ажиллагааны шинэ эхлэл болсон гэж үздэг.

 

“Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл”-ийн “Шударга, Хөгжингүй Дэлхийн Төлөөх Нийгмийн Шударга Ёс, Тогтвортой Байдлын Асуудлууд” сэдэвт Бага хуралд Англи, Австри, Швед, Португали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Марокко, Судан, Энэтхэг, Израиль, Палестин зэрэг дэлхийн 5 тивийн 34-н  улсын парламентын гишүүд, улс төрийн намын дарга болон удирдах түвшний ажилтнууд оролцохоор мэдэгдсэн байна. 

 

Тус хурлаар нийгмийн тогтвортой байдал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, Азийн орнуудын хөгжиж буй байдал, Популизмын өсөлт-Нээлттэй ардчилсан нийгэмд учруулах аюул, хүйсийн тэгш байдал- жендэрийн асуудал зэрэг дэлхийн хэмжээнд тулгамдаж буй олон сорилт бэрхшээлүүдэд гарц, шийдэл олох болон харилцан туршлага солилцох өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 

Прогрессив Аллианс нь ядуурлыг бууруулах, хүйсийн тэгш байдлыг хангах, нийгмийн эрх тэгш байдлыг бий болгох, хяналтгүй санхүүгийн зах зээлд зохистой дүрэм журмыг нэвтрүүлэх замаар хяналт тавих, мөн эдийн засаг, нийгэм, экологийн тогтвортой хөгжлийг дэмжих, энх тайван, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх, ядуурал, өлсгөлөнг арилгах зэрэг дэлхий дахинд тулгамдаад байгаа чухал асуудлуудыг шийдвэрлэхэд гар бие оролцдог юм. Эдгээр том сорилтуудыг өөр хоорондоо тэмцэж бус, харин хамтдаа зогсож, прогрессив үзэл санаан дор эвлэлдэн нэгдэж даван туулна.

 

Прогрессив Аллианс байгууллагын ээлжит хурал 2017 оны 3 дугаар сарын 12-ноос 13-ны өдрүүдэд Герман улсын Социал демократ намын байранд болж өнгөрсөн. Энэ удаагийн хурлаар тус байгууллагын Гүйцэтгэх хорооны байнгын 33 гишүүнийг шинэчлэн сонгосон бөгөөд Шведийн Ерөнхий сайд Стефан Лөфвен, Португалийн Ерөнхий сайд Антонио Коста зэрэг нэр хүнд бүхий улс төрийн удирдагчид багтсан бол манай улсаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сонгогдон ажиллаж байна.

 

Энэхүү бага хуралд дэлхийн өнцөг булан бүрийн прогрессив үзэл баримтлал бүхий улс төрийн томоохон төлөөлөгчид ирж оролцоно. Үндсэн хуралдаан болон бэлтгэл хуралдаануудын үеэр чухал хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, улмаар өөр хоорондоо туршлага судалж, нийгэм, эдийн засгийн тэгш байдал, шударга ёсыг бий болгохоор ажиллана.