Монгол Улс БНХАУ-аас авч байгаа цахилгаан ОХУ-аас хэд дахин их хэмжээтэй, үнэ нь ч бараг 2 дахин өндөр. Гэтэл хятадын талыг баримтлагчид зөвхөн ОХУ бидэнд цахилгаан худалдан дарлаж байна, ОХУ-ын дарлалаас гаръя гэж хийрхэж ирэв. ОХУ-д манайд цахилгаан зарах нь огт сонин биш, Байгаль нуурын сав газар экологийн эрсдэлд учрах нь л сонин юм. ОХУ бид УЦС барихын эсрэг биш, хамтдаа экологийн асуудлыг судалж, ОУ гэрээ конвенцийн дагуу хамтран ажиллая, УЦС юм уу УХЦС хамтдаа барья, хямд цахилгаан нийлүүлье гэж 25 жилийн турш манайхыг аргадсаар ирэв, УЦС нэрийн дор 25 жил мөнгө угааж байгаа үе үеийн эрх баригчид ОХУ-тай юу ч ярихгүй, бид 25 УЦС барина гэж гэдийсээр ирэв. Сүүлийн үед 5 мо-ны цэргүүдээрээ Оростой байлдъя тулалдъя гэж бичүүлдэг боллоо. ОХУ-д манай төсөлчид очоод хүн ардыг нь гүтгэж доромжилж, даажигнаж тохуурхаж асуудлыг улам хурцатгаад, энд ирж ардын баатрууд гэж өргөмжлөгдөх болов? Юу гээч төсөл вэ?

25 жил үргэлжилж байгаа, манай талаас өдөөж байгаа энэ хүйтэн дайныг ажаад байхад, угтаа бол УЦС барих гээд байгаа ч биш юм байна. Зөвхөн харийн даалгавраар ОХУ-ыг өдөөн хатгаж, дайн өдөөх л бизнес юм байна. Үр дүнд нь хоёр орны ард түмнүүд өстөн дайснууд болно, Монгол сүйрнэ, хэн хожих вэ? ЭГУЦС-ийн төслийн ажилтнууд зардлаа хэтрүүлсэн, давхар цалин авсан гээд цагдаад шалгагдаж байна гэсэн мэдээлэл гарсан. Ингэж УЦС барьдаг юм уу? Цахилгаан станцийн 64 төслийг төр дэмжнэ гэсэн бөгөөд, дулааны станцийн ганц Шивээ Энержи төсөл манай хэрэгцээнээс 10 дахин их цахилгаан үйлдвэрлэнэ.

ЮНЕСКО-гоос УЦС-ийн төсөлд Байгаль нуурыг анхаарч ажиллах ёстой гэж манайд олон удаа шаардлага тавиад үл бүтэх тул манай орны гишүүнчлэлийн асуудлыг хөнднө гэж байна, НҮБ-ын төвшинд Байгаль нуур болон УЦС-ийн явдлыг шат ахиулан дэвшүүлнэ гэж байна. Эхлээд ЮНЕСКО, дараа нь НҮБ-аас хасагдан тусгаар тогтнолоо алдах л дутаад байгаа юм байх даа. УЦС-ийн төслүүдийг Хятад дэмжиж байгаа, Хятад зээл өгч санхүүжүүлнэ, Хятад барина, Хятад концессиор ажиллуулж ашгийг нь авна. Харин Монголд наад зах нь их өр, цаад зах нь дайн, тусгаар тогтнолын эрсдэл. Дайн өдөөж буй этгээдүүд өөрсдөө бол байлдахгүй, гэмгүй монгол хүмүүс цус урсгаж байхад, ард нь дайн өдөөсний шагналаа тоолоод жаргаж цэнгэж суух болно. Хэний төлөө, юуны төлөө Монголын ард түмэн их аюулд орох магадлалтай болоод байна?

Монгол Оросын болон төв монгол буриад монгол түмнүүдийг хагаралдуулан муудалцуулж буй этгээдүүдэд хүлээлгэх хариуцлага гэж байна уу? Одоогийн байдлаар бол зүгээр л байдлыг мэдээлсэн над руу 5 мо-ны цэргүүдийг дайруулчихвал асуудал арилчих юм шиг хандлага л ажиглагдах юм. Харахгүй бол аюул үгүй гээд тэмээн хяруул толгойгоо элсэнд шургуулж байгаа юм шиг. 25 жилийн хүйтэн дайны үр дүнд хойд хөршийнхөн болохгүй бол дайн хийхээс өөр аргагүй болох байх гэж ярьдаг болж байна. Эрхүүгийн иргэний нийгмийн хүн уулзалт дээр "зэвсэг барина" гэж мэдэгдлээ. Оросын эг зүтгэлтэн хоёр улс байлдвал ийм ийм хүч байгаа, ингэнэ тэгнэ гэж пост хийсэн байсан. Цусаараа хамгаална гэж уриалж буй залуусын хөдөлгөөн хойд хөршид гараад ирлээ. Ялалтын баярыг Улаан-Үдэд “1945 онд бид улсаа хамгаалсан, одоо Байгаль нуураа хамгаалъя!” уриан дор тэмдэглэлээ...

Ч.Мөнхбаяр

www.zuv.mn