УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүн "Ерөнхий сайд аа, дэд сайд Б.Цогтгэрэлт хариуцлага тооцооч ээ" хэмээн мэдэгдлээ.  Учир нь саяхан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хар тамхины хэргийг хуулиар цагаатгаж буй асуудлыг эсэргүүцэж олон нийтэд хандаж мэдэгдэл хийсэн билээ.

 

Тэгвэл “Шилэн цогоо” гэж нэрлэгдэх Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл твиттер хуудаснаа “Цайны цагаар Баацанхүүгийн уншаагүй Эрүүгийн хууль, Хар тамхи мансууруулах бодисын талаар бичлээ. Эргүү хог ухаарах байлгүй”, “Өмнө нь мими-г мансууруулах бодист тооцдоггүй хуультай байлаа. Одоо тооцдог болсон!!!!!!. Баацанхүү уншаагүйлдээ.”, “О.Баацанхүү хуулиа уншиж баймаар байна!!!!!! Хар тамхины асуудал Эрүүгийн хууль дээр ялын хугацаа нэмэгдсэн. Нэр төрөл нэмсэн. ҮХЭВ!!!!!!” гэх мэтчилэн зүй бус үг хэллэгээр жиргэсэн нь олны анхаарлыг татаад байгаа юм.

 

Энэ тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Эрүүгийн хуульд хар тамхитай холбоотой заалтыг тусгаагүй гэж байр сууриа илэрхийлсний төлөө Хуульзүй дотоод хэргийн яам, агентлаг, цаашлаад дэд сайд намайг доромжиллоо.

 

Тиймээс энэ талаар намын дарга та анхаарал хандуулаач. Ерөнхий сайд аа, дэд сайддаа хариуцлага тооцооч. Төрийн түшээ хүнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө, бодит зүйлийг үнэнээр хэлсэн гэж ингэж агентлагаараа дайрч доромжилж болох уу. Энэ бол удаа дараа болж байгаа үйлдэл" гэв.