УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн өндөр албан тушаалтнууд оффшорт мөнгө байршуулахыг хориглох нь зүйтэй эсэх талаар хуулийн төсөл санаачилж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж эхэлсэн билээ. Тэгвэл уг хуулийн төсөлтэй холбогдуулан түүнийг хэсэг залуус мөрдсөн талаар тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. Энэхүү үйл явдлын талаар түүнтэй ярилцсан юм. 

-Таныг хэсэг залуус мөрдсөн гэсэн. Энэ талаар тайлбарлаач? 

-Өнгөрсөн баасан гарагийн өдрөөс эхлэн бямба гарагийн шөнө УБЦ 08-26 дугаартай машинтай үл таних дөрвөн залуу намайг дагасан. Тэр машиныг хаанахын машин болохыг нь тогтоолгох гэж би Замын цагдаагийн байгууллагат хандсан. Ингээд Тагнуулын ерөнхий газрын авто баазын машин болох нь тогтоогдсон. Миний бие Тагнуулын ерөнхий газар болон Ерөнхий сайдад хандаад байна. Өөрөөр хэлбэл, Тагнуулын ерөнхий газрын машинтай хэсэг бүлэг хүмүүс намайг бүтэн өдөржингөө дагасны шалтгааныг мэдэх зорилгоор тэдэнд хандлаа. Уг нь гэмт хэрэгт холбогдсон хүнийг дагадаг. Одоогоор надад ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон зүйл байхгүй. Прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажил хийх шийдвэр гараагүй байна. Оффшор бүсийн тухай хуулийг хэлэлцүүлэнгүүт тагнаж байгаа юм уу. Мөнгөтэй хүмүүсээ тагнахгүй юм уу тодорхой тайлбар хэлж өгнө үү гэсэн асуулт тулгарч байна.

-Таны санаачилсан энэ хууль хэрэгжвэл ямар үр дүнд хүрэх юм бэ? 

-Одоогийн байдлаар оффшор бүсэд мөнгө байршуулах нь хууль зөрчсөн явдал биш. Төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд мөнгө байршуулахыг хуулиар хориглосны дараа тэнд байршуулсан хүмүүс хуульд заасны дараа хуулиар хориглосон арга хэмжээг 90 хоногийн дараа авах ёстой гэж хуульд заасан байгаа. Хуулийг өргөн барьсан одоо хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Хууль батлагдаж байж, энэ хүрээнд бүх асуудал шийдэгдэнэ. 

-Оффшор бүсэд данстай хүмүүсийн нэрийг зарлаж болох уу?

-Нууц санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Оффшор бүсэд данс нээлгэхдээ хүмүүс ихэнхдээ 333**, 444** нууц нэрээр данс нээлгэдэг. Дараа нь оффшор дансанд байршуулсан мөнгөнийх нь хэмжээг оффшор банк санхүүгийнх нь байгууллага нууцалдаг үйлчилгээ үзүүлдэг юм. Тиймээс дэлхийн улс орнууд оффшор бүсэд төрийн өндөр албан тушаалтнууд мөнгө байршуулахыг хуулиар хориглоод эхэлчихлээ. Европын холбоо болон ОХУ, Канад, АНУ зэрэг орон ийм шийдвэр гаргаад байна. Монгол ч гэсэн мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд татвараа шударгаар төлж, эх орондоо хөрөнгө оруулалт хийх ёстой. Олсон хөрөнгөө гадаад руу гаргах шаардлагагүй гэдэг үүднээс энэ хуулийн төслийг миний бие санаачилсан. Уг хуулийн төсөл улс төрчдийн дургүйцлийг ихээхэн хүргэж байгаа бололтой. Тиймээс өнгөрсөн баасан гарагаас эхэлж намайг мөрдөх, тагнах ажил эрчимтэй эхэлж байх шиг байна. Хувь хүний хувьд надад айдас дарамт учруулах гэж байгаа юм уу эсвэл өөр ямар нэгэн зорилготой эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Тиймээс УИХ-ын дэргэд байдаг тусгай хяналтын дэд хороонд энэ асуудлыг шалгуулахаар өгчихөөд байна. 

-Гүйцэтгэх албаны тухай хуульд өөрчлөлт оруулах талаар та ярьж байсан?

-Гүйцэтгэх ажил хийдэг зургаан байгууллага байдаг. Эдгээр байгууллага дуртай хүнээ чагнаж, тагнадаг юм биш үү гэсэн хардлага төрүүлж байна. Тиймээс энэ асуудлыг нарийн шалгуулна. Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулна. Одоогийн  мөрдөгдөж буй хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар ч шалгалт оруулах бодолтой байна.

-Та УИХ-ын дэргэдэх Тусгай хяналтын дэд хороонд хандсан уу?

-Албан ёсны хүсэлтээ өчигдөр явууллаа. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн хэрэгжилт ямар шатанд байгааг шалгаж өгөхийг тус хяналтын хорооноос хүсч байгаа юм. Сүүлийн утас чагнадаг асуудал газар авсан байна. 

-Таны утасыг чагнасан юм уу? 

-Тэр одоогоор батлагдаагүй байна. 

-76 гишүүний хэд нь оффшор данстай юм бол. Та энэ хуулийг боловсруулах явцдаа судалсан уу? 

-Монголд оффшор данстай маш олон хүн байгаа нь тодорхой болж байна шүү дээ. Монголоос дэлхийн баячууд, азийн баячууд тодорч байна. Ялангуяа манай улстөрчдөөс дэлхийн баячууд тодорч байгааг судалгааны байгууллага зарлачихлаа. Монголын улс төрчдөөс Оффшор данстай хүн олон байгаа нь тодорхой болчихлоо. Өмнөх УИХ-д сайд, дарга байсан, одоо УИХ-д байгаа хүмүүс байна. Та бүхэн олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн вэб сайт руу нь ороод нэр усаар нь хайгаад үзээрэй. Оффшорт компани байгуулдаг, данс нээдэг, нууц санхүүгийн байгууллагаар үйлчлүүлдэг явдал газар авсан. Үүнийг арилгахын төлөө ажиллаж байна. 
 



У.САРАНГЭРЭЛ