Зарим аймгийн Засаг даргатай холбоотой маргаан бүхий хавтаст хэргүүд хууль, шүүхийн байгууллагын ширээний нүдэнд одоог хүртэл “цоожтой” байгаа.

Хэзээ, ямар тушаалаар баримт материалыг сөхөх эсэх нь яг л оньсого шиг... Уг нь “Дээрээ хөх тэнгэрээс өөр зүйлгүй” гэгддэг үндсэн хуулийн Цэц үүргийнхээ дагуу ажилласан бол Төв, Баянхонгор аймгийн Засаг дарга нартай холбоотой маргааныг эцэслэх хугацаа нь болчихсон. Энэ байдлаас ажиглахад хэтэрхий улстөржсөн энэ маргааныг Үндсэн хуулийн Цэц ямар нэгэн бүлэг фракцийн дохиогоор шийдэх хүлээлт үүссэн байж болох юм. Одоогийн байдлаар эрх баригч намаас Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Булган, Орхон, Өмнөговь, Ховд, Хэнтий, Сүхбаатар, Увс аймагт Засаг даргын суудал авчээ. Харин сөрөг хүчин Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай зэрэг аймгийн удирдлагын эрхийг гартаа оруулаад буй. Үлдсэн аймгуудын хувьд Засаг даргатай холбоотой маргаан дуусах нь бүү хэл, бүрэн эрхийнхээ хугацаанд амжиж шийдэгдэхэд ч бэрх байна. Тухайлбал Дорнод, Хөвсгөл аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд батлахгүй байсаар өдийг хүрэв. Харин Төв, Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Жаргалсайхан, Д.Батбаяр нарыг Н.Алтанхуяг сайд үзэмжээрээ томилсон хэдий ч тэд нь төрийн албанд гурваас доош жил ажиллаагүй байх гэсэн энгийн шалгуурын өмнө бүдэрчихээд байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд энэ хоёр аймгийн Засаг даргыг хууль зөрчин батламжилсан гэсэн үг. Гэвч Ерөнхий сайдын хэтрүүлсэн эрх мэдлийн хүчинд компанийн захирлууд одоо ч гэсэн нутгийн удирдлагын тамгыг тас атгасаар суугаа. Үнэндээ тэдэнд төрийн албанд ажилласан эсэх нь одоо бол огт сонин биш. Харин Н.Алтанхуягийн эмхэлсэн Засгийн газар фракциудынхаа амбицад дийлдээд уначихгүй байх тухай л залбирах нь чухал. Тэгж гэмээнэ хүч түрсэн байдлаар энэ тамгаа аль болох удаан барих боломж үлдэнэ. Ёстой л нөгөө Францын зохиолч Густав Флоберийн “Цохилсоор л байвал амьдарсаар л байна” гэдэг шиг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хууль зөрчөөд л байвал тэд тамгаа атгаад л байх хэв шинж нэгэнт тогтжээ. фельетонГэвч Засгийн газрын тэргүүн нь аймгийн удирдлагад “дүү” нараа ээлж дараалан энэ мэт ээлж дараалан байршуулж явтал Орон нутгийн хөгжлийн санд улсаас төсөвлөж өгсөн мөнгө ороод ирлээ. Энэ мөнгийг иргэдийн хурлаар хэлэлцүүлж сургууль, цэцэрлэг, соёлын төв зэргийг нэг хэв загвараар барих, 8-10 сая төгрөгөөр жорлон босгох, төсвийн мөнгөөр машин авч унах, эхнэр хүүхдээ эмчлүүлэх зэрэг аймшигт үзэгдэл харьцангуй гайгүй байх дүр зураг бий. 
 

БАЯНХОНГОР АЙМАГ ХАМГИЙН ИХ
ТӨСӨВ ЗАРЦУУЛНА 

Ирэх онд аймгуудаас хамгийн их мөнгө буюу 13.7 тэрбум төгрөгийг Баянхонгор аймаг зарцуулна. Төрийн албанд гурван жил ажиллаагүй байж аймгийн Засаг даргын суудал дээр суучихсан, компанийн захирал “алдарт” Д.Жаргалсайханы аймаг шүү дээ. Уг нь энэ оны орон нутгийн төсөвт иргэдийн оролцоог илүүд үзэж “Бүгдээрээ хэлэлц вэл буруугүй” гэдэг зарчим баримтлах учиртай. Тэгэхээр “Засаг даргын оролцоо хийгээд хувийн үзэмж нь тун бага байх сайн талтай. Харин үүний эсрэг аймгийн Засаг даргын оролцоо тун бага байж чадах уу гэсэн энгийн асуулт урган гарч ирэх нь дамжиггүй. Үүнээс гадна Баянхонгор аймаг 20 сумтай, ийм хэмжээний төсөвтэй. Харин Төв аймаг 27 сумтай боловч 10.3 тэрбум төгрөг төсөвт суужээ. Мэдээж нийслэлээс алслагдсан зэргийг нь харгалзаж үзэж болох ч сумын тоо, хүн амын нягтаршил зэргийг харгалзан үзэх учиртай байсан тухай цөөнгүй эрх мэдэлтэн хэлж байгаа. 
 
ДНБ ХАМГИЙН БАГА ҮЙЛДВЭРЛЭДЭГ АЙМАГ 
ХАМГИЙН БАГА ТӨСӨВТЭЙ 

Хамгийн бага төсөв буюу 7.9 тэрбум төгрөгийг ирэх онд Говьсүмбэр аймагт хуваарилжээ. Тус аймаг өнгөрсөн онд гаргасан аймгуудын өрсөлдөх чадварын тайланд дурьдсанаар ДНБ хамгийн бага үйлдвэрлэдэг үзүүлэлтээрээ сүүл мушгисан. Тэгэхээр цаашид ч энэ байдлаа хадгалах нь ойлгомжтой юм. Харин энэхүү тайланд ерөнхий оноогоор аман хүзүүдсэн Өмнөговь аймагт 13.1 тэрбум зарцуулах эрхийг өгчээ. Үүнээс ажиглахад уул уурхайн бүс нутаг гэдгээр нь ийнхүү дэмжиж болох ч аймгуудын эдийн засгийн өрсөлдөх чадварыг цаашид нэмэгдүүлэх тал дээр ямар ч анхаарал тавиагүй нь илэрхий байна. Тиймээс ирэх онд 10.7 тэрбум төгрөгийн төсөвтэй Дундговь аймаг сүүл мушгисан байдлаас төдийлөн ахихгүй байх магадлал өндөртэй байна. Харин бусад аймгийн хувьд Архангай 11.8 тэрбум, Баян-Өлгий 10.3 тэрбум, Булган 9.9 тэрбум, ГовьАлтай 13.3 тэрбум, Дорноговь 10.9 тэрбум, Дорнод 12.0 тэрбум төгрөгийн төсөвийг ирэх онд бүтээн байгуулалтад зарцуулах учиртай. Мөн 11.1 тэрбум, Өвөрхангай 13.1, Сүхбаатар 11.2, Сэлэнгэ 9.8 тэрбум төгрөгийг ирэх онд зарцуулахаар болж байна. 
 
ҮҮЛ ДАРГА 50 ОРЧИМ ТЭРБУМЫН МЭДЭЛТЭЙ 

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ирэх онд 48.7 тэрбум төгрөгийг иргэдийн хурлаараа хэлэлцүүлсэн. Улсын нийт хүн амын тал илүү хувь нь нийслэлд “чихэлдэж” байгаа гэдэг үзүүлэлтээр авч үзвэл тийм ч их мөнгө биш. Гэвч хийж буй ажлын үзүүлэлт чухал гэдэг нь гарцаагүй. Тэгвэл ирэх онд нийслэл хот улсын төсөвт 44 тэрбум төгрөг төвлөрүүлж ёстой бол Өмнөговь 26.5 тэрбум төгрөг суулгах ёстой юм.

"...Өмнөговь аймагт 13.1 тэрбум зарцуулах эрхийг өгчөө. Үүнээс ажиглахад уул уурхайн бүс нутаг гэдгээр нь ийнхүү дэмжиж болох ч аймгуудын эдийн засгийн өрсөлдөх чадварыг цаашид нэмэгдүүлэх тал дээр ямар ч анхаарал тавиагүй нь илэрхий байна. Тиймээс ирэх онд 10.7 тэрбум төгрөгийн төсөвтэй Дундговь аймаг сүүл мушгисан байдлаас төдийлөн ахихгүй байх магадлал өндөртэй байна. Харин бусад аймгийн хувьд Архангай 11.8 тэрбум, Баян-Өлгий 10.3 тэрбум, Булган 9.9 тэрбум, Говь-Алтай 13.3 тэрбум, Дорноговь 10.9 тэрбум, Дорнод 12.0 тэрбум төгрөгийн төсөвийг ирэх онд бүтээн байгуулалтад зарцуулах учиртай. Мөн 11.1 тэрбум, Өвөрхангай 13.1, Сүхбаатар 11.2, Сэлэнгэ 9.8 тэрбум төгрөгийг ирэх онд зарцуулахаар болж байна..."
 
Д.ГАНБААТАР