Монголын чөлөөт бөхийн холбооныхон хагаралдаад багагүй хугацааг өнгөрүүлж байгаа билээ. Эхэндээ зөвхөн удирдлагуудын хооронд байсан энэ сөргөлдөөн даамжирч, тамирчид руугаа орж, зарим тамирчдыг бэлтгэлдээ гарсан хойгуур нь шигшээ багаас хөөсөн үйлдэл гарсан байж болзошгүй байна.

 

Учир нь Монголын чөлөөт бөхийн холбоо Ц.Цогтбаяр тэргүүтэй дасгалжуулагчдыг шигшээ багаас хөөсөн бол саяхан Г.Мандахнаран, Н.Лхамгармаа, О.Үйтүмэн, Б.Номин нарыг шигшээ багаас хөөсөн байна. Холбооны удирдлагууд энэ талаар тайлбар өгчээ.  Тэд “Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж буй тамирчин төрийн албан хаагчаас дутахгүй хариуцлагатай, ёс зүйтэй байх хэрэгтэй. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт бэлтгэл хийхээс татгалзан, сахилга бат алдсан дөрвөн тамирчныг хассан нь үнэн. Бид өмнө нь тэдэнд Монголын чөлөөт бөхийн холбоогоор дамжуулж удаа дараа сануулга өгсөн ч тоохгүй явсаар өдий хүрсэн. Хэн дуртай нь үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг үл ойшоон, бэлтгэл хийхээс татгалзаад байвал юу болох вэ. Төрөөс цалинжин, дэлхийд эх орноо төлөөлж байгаа тул дүрэм, журмаа эрхэмлэн, тамирчны нэр төрөө хүндлэх л ёстой” гэсэн байна.

 

Гэтэл шигшээ багийн дасгалжуулагчдыг үл ойшоон, бэлтгэл хийхээс татгалзсан гэх тамирчдыг Якутад бэлтгэлд гарсан хойгуур нь шигшээ багаас хасчээ. Энэ талаар  цахим хуудсанд нэгэн хэрэглэгч “Мандахнаран, Ням-очир, Занабазар тэргүүтэй тамирчдыг Якутад хамтарсан бэлтгэл хийж байхад араар нь Номин, Лхамгармаа, Үйтүмэн, Мандахнаран тэргүүтэй тамирчдыг шигшээ багаас халжээ. Шигшээ багийн албаны дарга Насантогтох танай холбооны улсууд чинь шургасаар байгаад та нарыг халуулж байна гэж хэлж. Буяндэлгэрийн Батбаяраа чөлөөтөөс холдож буян болоочээ. Чи байхгүй болчвол бусад нь эв эеээ олоод явчих гээд байна. Чамд олон багш тамирчид дургүй байна.Өмнөх удирдлагуудын үеийн холбоонд аудитын шалгалт оруулхаа болёоо, хурлаа хийе шинэ тэргүүнээ сонгоё гээд байгааг мэдсээр байж гүрийгээд байгаад байх юм. Нэр дурьдсан тамирчдаас гадна өмнөх циклд амжилт гаргасан, энэ жилийн улсын аваргад амжилтаа хадгалсан шилдгүүдийг шигшээ багтаа аваагүй шүү” хэмээн чөлөөт бөх сонирхогчдын групп дээр бичсэн байна.

 

Эдгээр хөөгдсөн тамирчид бүгд тив дэлхийд эх орноо мандуулсан, шилдгүүд. Тодруулбал, Г.Мандахнаран гавьяат ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртэж, Риогийн олимпын шагналт байрт шалгарсан бол Б.Номин ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн нэгэн. Түүнчлэн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт О.Үйтүмэн, Армийн дэлхийн аварга, энэ жилийн УАШТ-д жиндээ түрүүлээд байсан Н.Лхамгармаа нар байсан юм.