“УИХ-ын гишүүдэд 100 оноо өгнө”
2013/12/03
Онооны системээр хэн нэгнийг дүгнэж, үнэлмээр санагдчихлаа. Удахгүй жолооч нар 100 онооны дүрмээр замын хөдөлгөөнд оролцох гэж байгаа юм билээ.
Буруу хүмүүст л оноо өгөх гээд байх юм. Тэр илүүдээ гарсан 100 оноог УИХ-ын 76 гишүүнд олгож болдоггүй юм уу. Дөрвөн жилийн хугацаанд хэн нь 100 онооноосоо хэрхэн хасуулснаар нь дараагийн сонгуульд оролцуулах, жилийн дотор нийт онооныхоо 50 хувийг алдвал эргүүлэн татах, 100 оноотойгоо дөрвөн жилийг барвал ямар ч сонгуульгүйгээр дахин парламентад оруулж ирэх гээд хуульчилмаар асуудал нэгийг бодож оллоо. Ухаандаа, УИХ-ын гишүүн нэг нэгэн рүүгээ салаавч гаргавал 25 оноо, цохиж унагавал 25 оноо, авлига авч өгөлцвөл 80 оноо, үнэтэй машин авснаа ард иргэдээ гайхуулж тохуурхвал 25 оноо, гомдож тунирхаад өргөдөл барьж гүйвэл 70 оноо хасч болж байна. Дээр нь нэг удаа чуулган тасалбал 10 оноо, үнэнийг худал гэж, худлыг үнэн гэж яривал 50 оноо хасна. Энэ мэтчилэнгээр 100 онооноос нь “ямх ямхаар” хороохыг урьтал болгох хэрэгтэй. Бас дээр нь шинэ юм бүтээчихлээ гэж тууз хайчлах гэж гүйдгийг, телевиз сониноор буруу, зөв ярьж од болохыг хүсдгийг, иргэд сонгогчдод элдэв зүйл амлачихаад эргэж ирэхгүйгээр явдгийг, ах дүү амраг саднаа албан тушаалд томилуулж өөд татдагийг болиулах хэрэгтэй.
Эхний нэг жилийн хугацаанд 100 оноогоо дуусгачихвал эргээд парламентад орж ирэх үүд хаалгыг нь бүрмөсөн хаах жишээтэй. Засаршгүй тэнэг л амьтан биш бол ганцхан жилийн дотор 100 оноогоо барчихгүй биз. Энэ мэтчилэн энэ 76 хүнээ номхруулж авахгүй бол өдрөөс өдөрт тэнэглээд байх бололтой юм.
Өнөөдөр бенз, маргааш утаа, нөгөөдөр салаавч гээд. Ууланд төөрч, урцанд хонож, оймс гозгонуулж байдаг энэ хэдэн улстөрчдөө хүн шиг хүн болгох гэж элдэв юм сэтгэх юм даа.
Б.Оюунгэрэл
Зочин · 2013/12/04
udahgui utaan deer chin uran nemegdene, ternees omno temtsvel zugeer baina