АН-ын ”ДЭНЗЭН”-гүүдийн ааш хэтэрлээ
2013/12/05
Шинэчлэлийн Засгийн газар гэж хөөрцөглөгсдийн “толгойгүй” сайд, хурган дарга нар ар араасаа балаг тарьж, Ерөнхий сайдыг улалзуулах болов.
АН-д олон Дэнзэн бий. Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэнгээс эхлээд албан тушаал, эрх мэдлийн тойрогт орсон олон Дэнзэнг дурдаж болно. Тэдний нэг бол Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар /ГИХАЭГ/-ын дарга Б.Пүрэвдорж юм. Эрх мэдлээрээ далайлгаж бус дад гар хүрсэн, нис лэг хойшлуулсан зэрэг дуулиан намжаагүй байхад тэрбээр “Eagle” телевизэд өгсөн ярилцлагадаа гурван асуудалд хүнд суртал гаргахаа хэлэв. Тухайлбал, “Би энэ ажлыг авснаас хойш гурван зүйл дээр хүнд суртал гаргана гэж бодож байгаа. Юу вэ гэхээр, 1990 оноос хойш Монголын эдийн засаг хүнд байхад гадаадыг зорьчихоод эдийн засаг сайжирсан өнөө үед Монгол Улсаа гээд эргэн ирж байгаа хүмүүст хүнд сурталтай хандана. Мөн монгол хүүхдүүдийг үрчилж авсан гадаадынханд хүнд сурталтай хандана. Түүнчлэн гадаадад ажиллаж амьдарч байх хугацаандаа эхнэр, нөхөртэй болж амьдрал зохиосон бол Монголд ирээд хэрэггүй” гэж овгордсон нь олны дургүйцлийг төрүүлж, байдлыг хурцдуулав. Төрийн алба хашиж буй бүхэл бүтэн газрын дарга ийм юм яриад сууж байж болох уу. Ерөнхийлөгчийн санаачилгаар саяхан болж өндөрлөсөн “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалт санаанд оров. Тэр дундаа Ерөнхийлөгчийн хэлсэн бэлэн цэцэн, хуудуутай үгс бодогдоно. Тухайлбал, “Төрд сайд, даргын ажил хийнэ гэдэг хүнд суртал гаргаж, эрх ямба эдлэх биш ээ. Яам, тамгын газрын сайд, дарга нар тухайн салбарын бодлогыг хариуцах ёстой. Түүнээс биш сайд, дарга нарт мундаг эрх мэдэл өгөөд байгаа юм биш” гэж эрх мэдэлтнүүдэд хандаж ирээд л өндөр дуугаар хашгирч зогссон. Тэгвэл түүний энэ яриаг цэргүүд нь эсрэгээр хэрэгжүүлж, /ГИХАЭГ/- ын дарга Б.Пүрэвдоржоос эхлээд даргын суудлаар далайлгаж хүнд суртал гаргана гэдгээ улс орон даяар зарлав. Б.Пүрэвдорж даргын хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн гэж өөрийгөө сурталчилдаг. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд АН-аас Ховд аймагт нэр дэвшиж байсан. Харин одоо түүнийг Алтанхуягийн удаах Дэнзэн ч гэж нэрийдэх боллоо. Угтаа бол төр үйлчилгээний байгууллага. Тэр ч үүднээсээ иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх нь төрийн үүрэг шүү дээ. Харин тэдний нэг зальтай ч гэх үү, ичмээр ч гэх юм уу нэг увиагүй арга нь ард түмний өмнө ийм хариуцлагагүй юм ярьчихаад маргааш нь хэвлэлээр “Албан ёсоор уучлалт гуйж байна” гэж тохуурхдаг нь хэрээс хэтэрлээ. Тэр л жишгээр /ГИХАЭГ/-ын дарга Б.Пүрэвдорж өчигдөр албан ёсоор буруу зүйл ярьсандаа хүлцэл өчиж тайлбар хийв. Тэдний өмнөх жишээг татаж үзье. Өнгөрсөн есдүгээр сард ШӨХТГ-ын дарга О.Магнай хэвлэлийн бага хурал хийж, таксины үнэ км тутамд 1000 төгрөг болж байгааг мэдэгдсэн. Энэ нь иргэдийн бухимдлыг эцэст нь хүргэж байв. Тухайлбал, О.Магнай “Монгол Улсын нийслэл хот такситай байх эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь таксины салбар санхүүгийн алдагдалд орсон учир таксины үнийг зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлж нэмэхээс өөр аргагүйд хүрлээ. Ирэх жилийн өдийд Улаанбаатар стандартын шаардлага хангасан сайхан такситай болно, хараарай. Харин хувиараа таксинд явдаг хүмүүсийг явуулахгүй, бид хяналт тавина. Энэ улсад ажил хийж, орлого олсон л бол татвар төлдөг байх ёстой. Гэтэл хувиараа таксинд явдаг хүмүүс татвар төлдөггүй юм” хэмээн мэдэгдэж байв. Ийм мэдэгдэл хийсэнд иргэд зөвхөн О.Магнайг гэлтгүй Засгийн газрыг зүхэж байсан учраас дээрээс шахаж шаардсаар түүнийг ард түмнээс уучлалт гуйлгаж байсан. Тэрбээр “Би цаг үеэ мэдрээгүй шийдвэр гаргасан бололтой. Үүнээс болж сэтгэл санааны хохирол амссан бол иргэдээсээ албан ёсоор уучлал гуйж байна. Таксины үнэ нэмэгдэхгүй. Хуучин үнээрээ үйлчилнэ” гэж байх жишээтэй. О.Магнайгийн ар шил дээр буюу өнгөрөгч аравдугаар сард Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Эх, нялхсын эндэгдэл” сэдвээр шууд ярилцлагад орж байх үедээ асуусан асуултаас мэлзэж, асуултыг мухарласан сэтгүүлч рүү агсарч, хэрүүлийн алим болж хувирсан. Дэд сайдын амнаас эх, нялхасын эндэгдлийг бууруулах талаар бус харин ч авлига авч буй эмч нарыг өмгөөлсөн маягтай, өөрийн хамаатнуудаа авлига өгч хүүхдээ төрүүлдэг гэх мэтээр ярьж байсан нь хэн бүхний эгдүүцлийг төрүүлж амжсан. Тэр байтугай аргаа барсан хүмүүс согтуу байсан гэх дүгнэлтэд хүрч байхав дээ. Түүнийг арай ч согтуу ярилцлага өгөөгүйд итгэж байгаа ч эрүүл саруул хүн шиг төр засгийнхаа бодлогыг тайлбарлаад, өөрийнхөө хэлж ярьж буйг үндэслэлтэйхэн шиг ойлгуулчихаж чадаагүй нь үнэн. Ямартаа ч тухайн үед Эрүүл мэндийн яам салбарынхаа асуудлаар бухимдал, сандралгүй ойлгомжтой мэдээлэл өгдөг удирдлагатай болмоор юм гэх мессеж тархаад намжсан. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдон Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжлахыг зогсоож өгөөч гэсэн утгатай албан бичгийг Интерпол уруу явуулж асуудалд орсон Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян бас л эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шүүгдэж байгаа. Зөвхөн үүгээр тогтохгүй тэрбээр ШШГЕГ-т хандаж, намын дарга Н.Энхбаярыг эмнэлэгт шилжүүл гэсэн утга бүхий тушаалыг тус газарт өгсөн байдаг. Сайдаасаа давсан дэд сайдын эрх мэдлийн асуудал өдгөө ч хуучраагүй л байгаа. Интерполд хууль бус захидал бичсэн гэдгээ ч тэрбээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ мэт Шинэчлэлийн Засгийн газрын дэд сайд, хурган дарга нарын хуудуутай үйлдэл үргэлжилсээр л байх бололтой. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог”-ийн балгаар тэдний асуудал дахиад л сөхөгдөж байна. Зөвхөн тэдний хүрээнд ч бус, Засгийн газар, төрийн томилгооны асуудал савлаж байгаа юм. Тиймээс үүргээ умартсан дарга нарыг ажилд томилсон Төрийн томчууд ямар хариуцлага тооцохыг харах л үлдлээ.
Зочин · 2013/12/07
Бүгдийн шоронд хийвэл таарна их мөнгөжөөд баярхаад баардаад байгаа юм аа энэ ардчилсан намын ноход
Зочин · 2013/12/06
Чи бол бичих юмаа олж ядсан сэтгүүлч байна. Өөрийн бодлоо ийн бичхийн оронд гадуур сурвалжлага хийгээч. Хүн гэдэг чинь робот шиг сэтгэж, алдаа гаргахгүй байх албагүй шүү дээ андаа
Зочин · 2013/12/06
chi сайн сэтгүүлч биш
Зочин · 2013/12/06
х