Навтгар байшин, навсгар гэр, банзан хашаа, усны тэрэгтэй хүүхдүүд уралдаж гүйсэн гэр хорооллын гудамж миний өссөн орчин. Мэдээ орохдоо л мэдэрч өссөн бүхэн наддаа л үнэ цэнэтэй.

10 нас хүрээгүй жаалууд аравтын хувин бариад усанд явдаг. Ах нар тамхи татаж, танхай нэг нь архи уудаг. Гудамж бүхэн атамантай. Атаман бүхэн нь шоронгийн тухай үлгэр ярьдаг. “Бацаануудаа ах шигээ болж болохгүй шүү” гэж сургадаг. Багачууд нь чулуугаар байлдаж, хөгшчүүд нь хороогоор эргэлддэг. Миний мэдэхийн л зовлон жаргал хосолсон гэр хорооллын гудамжинд гоё ч юм бий муухай нь ч бий. Өдгөө муухай зүйлийнх нь талаар амтай болгон муулж, муухай бүхнийг гэр хороололд чихдэг болсонд нь ч тэр үү, өссөн орчноо өмөөрөх сэтгэл байнга төрөх юм. Гэмт хэрэг гарлаа, гал түллээ, хог асгалаа, утаа гаргалаа, модон жорлон барилаа, муухай үнэр гаргалаа, хөрс бохирдлоо, хөдөөнийхөн ирлээ, бүгд л гэр хорооллын буруу. Тэнд хотынхон биш хог новшнууд амьдардаг мэтээр ярьж, бичиж, харуулах нь их болж. Нийслэлийн гэх тодотголтой орон сууцанд амьдардаг иргэд гэр хорооллынхноос  жигшдэг. Ганган машин унаж, гутлаа тосолсон нэг нь гэр хорооллоос дөлдөг. Нийслэлийнхний 70 гаруй хувийг бүрдүүлдэг банзан хашаатангууд дугуй түлж, гудамжинд гарахаараа хулгай дээрэм хийгээд, усанд орж хувцсаа угаадаггүй угаар, хир үнэртүүлсэн байдаг гэнэ ээ. Уучлаарай, энэ бол нийслэлчүүдийн талаас илүү хувийнх нь амьдралыг харлуулсан хэт туйлширсан гүтгэлэг. Тиймээс өөрийн өссөн орчноо өмөөрч хэдэн үг хэлье. 

Утаа 
 
Гэр хороололд 180 гаруй мянган өрх амьдарч төдий тооны яндангаар утаа уугиулж, нийслэлийн утааны 50 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тиймээс  Улаанбаатар “Утаанбаатар” хоч зүүхэд хүргэсэн гол буруутан нь гэр хорооллынхон болчихдог. Тэд л нийслэлийн иргэдийг утаагаар хордуулж байна гэх. Энэ үнэн.  Гэхдээ гэр хорооллын яндангаас өөр агаарын бохирдолд нөлөөлж буй олон зүйлийн тухай төдийлэн дуугарахгүй зөвхөн гэр хорооллыг гол буруутанд тооцож, дээр доргүй ярьсаар. Тиймээс өдгөө нийслэлийн иргэдийг гэр хорооллын заваан, орон сууцны цэмцгэр тансаг оршин суугчид гэж нийгмийн эцэс төгсгөлгүй ялгаа гаргаж, ялгаварлан гадуурхалд  хүргэж буй юм. Гэр хороололд төрж өсөж байгаа хойч үе өнөөдрийнх шиг  муухайгаар хэлэгдэж, өөнтөглөгдвөл ийм  орчинд төрсөндөө харамсаж, “Ганц өрөө ч гэсэн байр авчихгүй яав даа, аав ээж минь” гэж эцэг эхдээ “гомдож” торинох ёстой юу. Сүүлийн арваад жил утааг багасгах гэж дорвитой ажиллаагүй байж, гэр хорооллыг хэт нүд үзүүрлэсэн сэтгэхүйг нийгэмд хавтгайруулсан.
 
Тэр нь  дээр хэлсэн тун таагүй  байдалд хүргэж байгаа. Тэгвэл өөр өнцгөөс харъя л даа. Нийслэлийн агаарын чанарын албаны судалгаанаас харахад, утааны 20 хувийг авто машины утаа үүсгэж байгаа гэнэ. Дулаан цахилгааны станц зургаа, бага дунд оврын халаалтын зуух 10, шороон зам болон шинээр баригдаж байгаа барилга байгууламжийн тоос тоосонцор агаарын бохирдлын 14 хувийг эзэлдэг гэдгийг дурдсан байна. Энэ тоог нэмээд үзэхэд утааны гол буруутан болох гэр хорооллын иргэдийн үйлдвэрлэдэг утааны хэмжээтэй дүйнэ. Гэтэл гэр хорооллынхон өвлийн улиралд л утаа их гаргадаг. Гэтэл автомашины яндангаас гарч байгаа угаар болоод бусад тос тосолгооны материалын бохирдол, шороо тоос  дөрвөн улирлын турш гардаг. Монголд явж буй Япон, Солонгосын хуучин автомашин  дунджаар евро стандартын буюу байгальд ээлтэй 70-80 автомашины гаргах хорт бодисыг агаарт хаядаг гэсэн судалгаа бий. Хэрвээ орон сууцны тансаг хүмүүс үнэхээр л утаанд санаа зовоод байгаа бол том, ганган машинаа эко машинаар сольж яагаад болохгүй гэж. Ингэж чадвал агаарын бохирдол 20 хувиар буурна. За тэгээд гурван том станц, 1400 гаруй нам даралтын зуухны янданд орчин үеийн технологийг суурилуулах юм бол утаа даруй 16 хувиар багасна гэдэг. 
 
Мөн барилгын компаниуд нь дүрэм журмынхаа дагуу ажиллаад байвал агаарын бохирдол багасахад чамгүй хувь нэмэр оруулчихна. Гал түлж дулаацахаас өөр аргагүй гэр хорооллын иргэдийг зүхэж суухаар агаар бохирдуулагч бусадтай нь хатуу тэмцвэл мэдэгдэхүйц үр дүн гарах юм биш үү. Гэр хороолол руу инженерийн  шугам сүлжээ татах том  төлөвлөгөө бий ч одоохондоо үр дүн харчих дорвитой шийдэл алга. Нэгэнт уул толгод давж өргөжсөн гэр хорооллыг  шийдэх гээд ч шийдэл бага. Харин өрхийн тоог яаж өнөөдрийн түвшинд нь барьж нэмэхгүй байх вэ. Мөн гэр хорооллын яндангаа хэрхэн  цөөлөх вэ гэдгээ л бодох нь зөв байх. Түүнээс биш, тэднийг хэчнээн харааж, зүхээд нэмэргүй. Харин ч нийслэлчүүдийн дунд нийгмийн байдлаар нь ялгаварласан том ан цав үүсгэж байгааг хаана хаанаа бодох ёстой юм шиг ээ. Улаанбаатарын 180  гаруй мянган яндангийн эзэд дотор сайхан аж амьдралтай, боловсрол мэдлэгтэй, үр хүүхдээ сайн сайхан хүмүүжүүлж, улс нийгэмдээ хувь нэмэр оруулж яваа хөдөлмөрч,  үлгэр дууриалал болох цэвэр цэмцгэр гэр бүл цөөнгүй бий. 
 
Хог
 
Гэр хороолол хогтой, бохир заваан. Тэд хог тарьж, угаадсаа асгаж, үнсээ хаядаг. Энэ үнэн гэж гэр хорооллын иргэн би буруугаа хүлээе. Гэхдээ ялгаа бий. Гэр хорооллын айл өрхийн хогийг сард нэг л удаа л ачдаг байхад орон сууцны айл өрхүүдийн хогийг өдөр бүр ачдаг шүү дээ... “Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар” гэх сайхан дуу хадаасан, гоё машин ирээд, орон сууцны өрхүүдийн хогийг нь хамаад явчихна. Гэтэл банзан хашаатай айлуудын хогийг ачих гэж түмэн асуудал болно. Хашаандаа овоолсон хогийг нь ачих машин хүрэлцэхгүй, ахуйн бус хогийг авахгүй, төмөр савтай хогийг нь даахгүй бол орхичихно. Хогны мөнгө гэж гэр хорооллын болон орон сууцны айлуудаас сард 2500 төгрөгийг цахилгааны төлбөр төлөх үед нь хамт авдаг. Гэтэл хогийг нь ачихдаа ялгаатай. Дээрээс нь хэн ч хэзээ ч гэр хороололд төсвийн мөнгөөр хогийн сав тавьж байсангүй. Харин орон сууцны эргэн тойронд хогийн сав байршуулж “Иргэдээ хогийн саванд хогоо хийе” гэж уриална. Хийсэн нэгийг нь магтана, хотын соёлтой гэж урамшуулна. Харин нүүрсний шуудай, төмөр сав гээд өөрсдөө хогийн сав бий болгож түүндээ хогоо хийчихээд ачих өдрийг нь хоног тоолон хүлээдэг гэр хорооллын иргэдийг муу хэлсээр л. 
 
Ялгаварлан гадуурхалт 
 
Нийслэлийн иргэдийн 70 хувь нь гэр хороололд амьдардаг гэх. Энэ газрын иргэд  баялаг бүтээхэд тодорхой хэмжээгээр оролцож л байгаа. Хар ухаанаар бодоход л ажиллах хүчний 60 орчим хувь нь энэ хэсэгт байна шүү дээ. Гэхдээ гэр хорооллын иргэдийн олонх нь ядуу, ажилгүй гэж шүүмжлэх хүн байж болно. Ажил хийдэггүй байлаа гээд тэр хүмүүс юм иддэггүй гэсэн үг биш. НЗДТГ-ын “Гэр хорооллыг орон сууцжуулах” төслийн дарга А.Лхагвадорж “Бид траншейны хүн гээд л байдаг. Гэхдээ тэр хог түүдэг хүн татвар шингэсэн талх авч иддэг шүү дээ. Түүнээс биш, татвар төлөгч гэхээр л АПУ аль эсвэл “Талх чихэр” гэсэн компаниар төсөөлж болохгүй. Тэр компаниудын зах зээлд борлуулж байгаа бараа бүтээгдэхүүн чинь татвар шингээд дээрээс нь ашгаа олж авах хэмжээний үнэтэй байдаг. Тэр үнээр нь ард иргэд худалдан авалт хийдэг.  Тэгэхээр хүн амын 70 хувь нь гэр хороололд амьдарч байгаа бол татварын заримынх нь 70 хувийг гэр хорооллын иргэд л бүрдүүлж байна гэсэн үг” гэж хэлсэн юм.
 
Энэ өнцгөөс нь харвал Улаанбаатар хотын орлогын тийм хувийг л гэр хороололд зарцуулах ёстой. Гэтэл гэр хорооллын иргэд улсаас татаас авахгүй амьдардаг хүмүүс. Харин орон сууцанд амьдардаг өөсрдийгөө боловсролтой дээд зиндааны чинээлэг аль эсвэл сэхээтэн гэж бодсон хүмүүсийн зарим орчны тохижилт, зам засвар гээд бүх л ажлыг татварын мөнгөөр хийлгэдэг шүү дээ. Дээвэр засна, цахилгаан шат тавина гээд бүх ажилд татварын мөнгийг л зарцуулдаг. Уг чанартаа гэр хорооллын айлын дээврийг татварын мөнгөөр засах нь орон сууцны дээврийг төсвийн мөнгөөр засч байгаагаас ямар ч ялгаагүй. За тэгээд гэр хороололд стандарт, гудамжны зай хэмжээ, гэрэлтүүлэг, өнгө үзэмж, тохижилт, хогийн сав, муу усны нүх, 00, гудамжны ариун цэвэрт нь гэхчилэн анхаарал хандуулдаг дарга байхгүй. Харин хотын төвийн орон сууцны хорооллын орчинд анхаарал тавьдаг хүн олон. 
 
Орон сууцны оршин суугчдын крант нээгээд л авдаг ус нь хямдхан. Харин гэр хорооллын иргэдийн  тэргээ түрээд өвлийн хүйтэн, зуны халуунд авдаг ус нь орон сууцны оршин суугчдын уудаг уснаас хэд дахин илүү үнэтэй. Орон сууцны иргэд нэг литр усыг 40 мөнгөөр хэрэглэдэг бол гэр хорооллынхон  нэг төгрөгөөр худалдаж авдаг. Олон улсын байгууллагын судалгаагаар хүн өдөрт 20-25 литр ус хэрэглэх ёстой байтал, манай гэр хорооллын иргэд 10 хүрэхгүй литр ус хэрэглэдэг болох нь тогтоогдсон. Харин орон сууцны иргэд өдөрт 250 литр ус хэрэглэдэг гэх. Тэр усны үнийн зөрүү хаанаас гарч байгаа вэ. Бодоод үзэх л ёстой асуудал. Энэ мэт гэр хорооллын иргэдийг ялгаварлан гадуурхдаг мөртлөө адгийн бүхнийг энэ хэсэгт чихэх нь хэтэрхий өрөөсгөл туйлшрал юм. Тиймээс ад үзээд байдаг гэр хорооллынхонд анхаарал хандуулдаг болчихоод хатуу үгсээ хаях үедээ хаяж баймаар. 
 
Хамгийн бага гомдоллодог, галаа өөрсдөө түлж, усаа тэргээр авдаг, гэрээ өөрсдөө барьж, гудамжаа ээжүүд нь шүүрддэг гэр хороолол миний өссөн орчин. Өссөн орчноо өмөөрөх үг дэндүү олон. Орон сууцны туяхан залуусын хажууд миний гэр хорооллын охид элдэв маяггүй, эгэл даруухан. Гэр хороололд дэд бүтэц хөгжөөгүй, халуун усгүй, тог тасардаг. Интернэт, кабель байхгүй. Тэглээ гээд би хүний дор ороогүй. Энэ бүгдийн эцэст нийслэлийн хүн амын дотор гэр хороолол, орон сууц гэсэн ялгаварлан гадуурхал бүү байгаасай  гэж хүсье. Муу ард түмэн гэж  байхгүй, муу төр гэж бийг сана.