Багаасаа аялж, эх орныхоо өнцөг булан бүрт очиж байсан Б.Хичээнгүй 21 настайдаа 21 аймгийг үзэж  дуусгах зорилго өөртөө тавьсан.  Тэрбээр аймаг бүрийн  түүхэн дурсгалтай, үзэсгэлэнтэй газруудаар аялдаг. Түүний хувьд одоо зургаан аймгаар явж үзэх дутуу байгаа болохоор гүйцэхээр  нэг сарын аянд ганцаараа гараад байна. Бид замд гарахаас нь өмнө цөөн хором ярилцсан юм.

-          Юуны өмнө өөрийгөө танилцуулаад, хэзээнээс аялах мөрөөдөлтэй болсон тухай ярилцлагаа эхлүүлье

-          Намайг Б.Хичээнгүй гэдэг. Би 21 настай. МУБИС-д Түүх нийгмийн ухааны багшаар сурч байсан.  Анх есөн настайдаа “Хөх цэрэг”аялалд явж байсан. Анхны аяллаас газар үзэх гоё юм байна, хувь хүний чадвар нэмэгддэг учраас аялалд дурласан.

Залуусын хувьд эх орондоо аялахгүйгээр шууд гадаад руу явдаг. Гадаадыг үзэхээсээ эхлээд Монголынхоо байгалийг үзэж, бишрэх хэрэгтэй. Яагаад гэвэл гадаадад очоод Монгол улсынхаа талаар юу гэж ярихаа мэдэхгүй, хүмүүст эх орноо хэрхэн сурталчлахаа мэддэггүй. Тиймээс эхлээд Монгол улсаар аялж, байгаль, газар зүйн онцлогийг судалснаар эх оронч сэтгэлгээг хөгжүүлж,  байгаль дэлхийгээ хайрлах болно.

-          21 аймгийн хэдээр нь аялаад байна вэ?

-          15 аймгаар аялсан байна.  Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан ороогүй. Ажлаар Баянхонгор орсон. Гэхдээ үүнийгээ аялсанд тооцохгүй байгаа.

Одоо би нэг сар гаран явна.намраас хойш энэ аяллыг төлөвлөсөн.  Хамгийн хол алхалт хийх нь Баян-Өлгий аймгаас Алтай таван Богд руу хийх алхалт байгаа. 260 орчим км алхана.  4 өдөр алхах байх.  

-          Монгол улс говь, хангай хосолсон нутаг шүү дээ. Хамгийн их ачаалалтай ажиллаж байсан аймгийнхаа талаар?

-          Архангай аймагт аялж байсан миний хамгийн анхны аялал их ачаалалтай байсан. Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур  дээр гурав хоног “Хөх цэрэг”-ийн үеэр явж байсан.  Бороо ороод их зутарч байсан.

Өнгөрсөн жил Өмнөговь аймаг руу аялсан. Хэрмэн цав, Ёлын ам, Баян заг, Хонгорын  элс, Улаан эрэг үзэхийг хүсэж намар явсан.

Миний хувьд хүйтний улиралд дургүй болохоор зун, намар дандаа аялж байгаа. Гэхдээ энэ өвөл Шаргалжуут руу явна гэж бодож байгаа. 

-          Их цомхон явдаг юм байна?

-          Энэ удаад би Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудаар явна. Замын унаанд суугаад  ой хээрээр явна. Их хүч, зориг, шаардсан аялал болно миний хувьд. Ганцаараа нэг сарын хугацаанд аялахаар ундны ус, хоол хүнсний асуудлаас эхлээд олон бэрхшээл байгаа тэр бүхнийг даваад эх орноороо аялаад ирнээ. Миний цүнхэнд одоогоор тав хоногийн хүнсний хэрэглээ л байна.  Байгалиас идэж болох жимс, ногоо түүгээд, ер нь бадарчилж явна.  

-          Хувийн бэлтгэлийн хувьд?

-          Одоо миний цүнхэнд мишок, майхан, хутга,  асаагуур, луужин, камер, хувцас зэрэг аялалд хэрэгтэй бүхэн байна. Үүнээс гадна хувийн бэлтгэлээ сайн хангасан байгаа. Отоглох газраасаа 1км-ийн цаана хоол хийх, өөрийнхөө үнэрийг дарах гэх  мэтээр бэлтгэлийг хангасан байгаа.

Зардал мөнгөний талаар асуух бүдүүлэг хэрэг байх л даа... Гэхдээ асуухгүй өнгөрч чадахгүй нь?

-          Зардлын хувьд замын унаагаар явж байгаа мөн жуулчны баазад буухгүй болохоор зардлын хувьд гайгүй.  Мэдээж хэрэг аяллыг маань дэмжиж тусалж байгаа хүмүүс бий.  Сайн найз Билгүүнээ, С.Зоригтбаатар ах, Азаа ах, С.Ганбаатар, зардлын маань тодорхой хувийг “AHA tour of Mongolia” компани хариуцаж байгаа.

-          Аялах нэг хэрэг. Аялсны дараа өөр төлөвлөгөө байгаа байх?

-          Ивээн тэтгэж байгаа “Аha tour of Mongolia компанийн зүгээс оюутан залууст аялахад юу хэрэгтэй,  хувийн бэлтгэлийг хэрхэн базаах уу зэргээр  сургалт хийх болно. Үнэгүй сургалтад би багшлах болно.  

Хэрвээ элсэн цөл үзье гэвэл Араб явахгүйгээр  говь руу Швейцар шиг газар руу явъя гэвэл Хөвсгөл рүүЭврест, мөнх цаст уул руу явъя гэвэл Алтай таван богд, тал  газар үзье гэвэл Дорнод, уул хадтай гэвэл хангай газраар  явж болох  газар бол Монгол улс. Тиймээс  эх орноороо аялж,  үзэж хараад эх орноо хайрладаг.  Тиймээс гадаад руу гэхээсээ урьтаж эх орноороо аялж, байгальд хог хаяхгүй байхыг уриалж байна.

Цаг гарган ярилцсанд баяхлалаа. Сайн яваад ирээрэй.