​УИХ-ын чуулганы хуралдаанд ганцхан хүн тааллаараа суух эрхтэй. Бүр хуульчилчихсан юм. Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Өөрөөр хэлбэл, П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж дөрөв байв.

Эд хүссэн цагтаа УИХ-ын чуулганд оролцож, гишүүдэд үүрэг даалгавар өгч, загнахыг нь загнаж, сайшаахыг нь сайшаадаг байв. Хуулиа дагаж буй Төрийн тэргүүнүүдэд хэн юу хэлэх билээ. Тэдэнтэй хэн ч барьцах эрхгүй. Өдгөө, АН төрийн эрх барьж буй. УИХ-д олонхи болон сууж байгаа АН-ын гишүүд дотор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дээгүүр эрх мэдэл бүхий хүн нэг хоёроор тогтохгүй байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, “Мон Уран”- ы Б.Наранхүү.  Спикер З.Энхболд “ангийн хүүхдүүд”-ээ хуралд нь бүрэн бүрэлдэхүүнээр нь суулгахын тулд элдвийн арга хэрэглээд нэмэр болсонгүй. Эв түнжингүй, нэгдэлгүй, том толгойтой гишүүд нь хаана юу хийж яваа нь мэдэгдэхгүй, хуралдаа ирэхгүй нь их. Одоогоор УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаандаа суухгүй байгаа эрхмүүдийг Б.Наранхүү тэргүүлж байна. Тэрбээр УИХ-ын чуулганы танхимд бүү хэл, Монгол Улсад байгаа эсэх нь эргэлзээтэй. Чуулган, байнгын хорооны хуралдаанд дүр нь бүү хэл нэр нь ч харагдахаа больж. УИХ-ын гишүүнийг нь бодсон ч, алдартай уяачийг нь бодсон ч хүмүүс сураглах нь их. Сайд, гишүүн хоёрынх нь хэрүүл түүнд сонин биш, Ерөнхий сайд, спикерийнх нь хэл ам бүр ч чухал биш. Гагцхүү тэр сонгуульд ялсан нь сонин, УИХ-ын танхимд орж ирсэн нь чухал. Хуралдаа сууна уу, байна уу, хэнд ч хамаагүй. Б.Наранхүү гишүүнд зориулж сонгогчид нь “Хаана яваа бол доо, тэр минь” хэмээн дуу хүртэл зохиосон байна лээ шүү.

 

Б.Оюунгэрэл