Гэмт хэргийн тухай мэдээллийг зөвхөн прокурор өгдөг болох гэнэ. Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хохирогч болон гэрчийн мэдээллийг нууцлах хуулийн заалт хэрэг­жиж эхлэх аж.
Тиймээс гэмт хэргийн тухай ямар нэгэн мэдээллийг зөвхөн прокурорын байгууллагаас мэдээлэх бөгөөд зөвхөн хуулийн хүрээнд прокурорын заасан, боломжтой гэж үзсэн хэмжээнд өгөхөөр болсон байна. 

Хэрэв тухайн хэргийн талаар мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нь прокурорын зөвшөөрөлгүй мэдээлсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн  257 дугаар зүйл ангиар шийтгэх заалттай болжээ.

Гэмт хэргийн тухай мэдээлэл хэвлэлийнхэнд ийнхүү улам бүр хаалттай болж байгаа гол шалтгаан нь өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэргийн мэдээг цацахдаа тухайн хэрэгт холбогдоод байгаа сэжигтэн, хэргийг үйлдсэн үйл явц, аргачлал зэргийг дэлгэрэнгүй өгүүлж байдаг нь нийгэмд айдас төрүүлдэг. Улмаар зарим ухамсаргүй  хүмүүст гэмт хэрэг үйлдэх сэдэл болдог хэмээн үзэж байгаа аж.

Гэтэл олон ч ноцтой гэмт хэргийг сэтгүүлзүйн салбарынхан шүүх, цагдаагийнхнаас ч илүү  ажиллаж, илрүүлсэн тохиолдол олон бий. Тэгээд ч олныг сэртхийлгэм жигшүүрт хэргийг олонд ил болгосноор тухайн хэргийг нийгмийн хамгаалалтад оруулж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй этгээд өөрийн талд шийдвэр гаргах, тухайн хэргийг замх­руулахгүй байх томоохон хөшүүрэг болдог. 

Олон ний­тэд ил болсон хэргийг шүүхийн байгууллагынхан ч “болгоомжтойгоор” үнэн мөнийг нь тогтоодог гэж хэ­лэхэд хилсдэхгүй. Тухайлбал, Хууль зүйн сайдын  өнгөрсөн сард зохион байгуулсан  зангиагүй уулзалтын үеэр  хэлсэн үгэндээ цагдаа, хууль хяналтын байгууллага иргэдэд улам бүр нээлттэй болно гэдгийг онцлоод “Сэтгүүлчид МИАТ-ийн  гэх тодотголтой хэрэг дээр сайн ажилласан” хэмээсэн юм. 

Учир нь өнгөрсөн оны  нэгдүгээр  сараас энэ хэрэгт холбоотой арав гаруй хүнийг цагдан хорьж  шалгаж эхэлсэн цагаас нь сэтгүүлчид анхаарлаа хандуулан олон нийтэд мэдээлж байсан. 

Гэхдээ л мөнгө угаасан гэх дуулиант хэргийг гурван шатны шүүхээр шийдвэрлээд гаргасан хариу нь олныг гайхшруулаад авсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс  мөнгө угаасан болох нь тогтоогдож, 10-13 жилийн хорих ял сонсоод байсан МИАТ-ийнхан ,  албан үүрэгтээ хайнга хандсан төдий гэм буруутай болж үлдсэн. 

Хэрэв уг хэргийг олон нийтийн анхаарлын төв сэтгүүлчид оруулаагүй байсан бол магадгүй замхарч хэн нэгэн этгээд ямар ч хариуцлага хүлээхгүй байсан ч байж мэдэх байлаа. Энэ мэт нийгэмд ил болгосон гэмт хэргүүдийн эцсийн шийдвэр хүссэн хариу гарахгүй ч олон давуу талууд бий болдог. 

Энэ талаар хүний эрхийн хуульч М.Ичинноров “Аливаа гэмт хэргийг далд байдлаас “гэрэлд” гаргавал хуулийн байгууллагууд тухайн хэрэгтэй маш болгоомжтой харьцаж,  үнэн зөв шийдвэр гаргах магадлал нэмэгддэг. Тэгээд ч олны анхаарлын төвд байгаа хэргийг хариуцаж буй  өмгөөлөгч нарт ч   амар байдаг” гэсэн юм. 

Үүнээс үзэхэд гэмт хэргийг сэтгүүлчид буюу ард иргэдээс, нийгмээс ингэж далд, нууц болгож байгаа нь олон сөрөг байдлыг бий болгохыг үгүйсгэхгүй. Тухайлбал, про­курор­ын байгууллага ямар нэгэн ашиг сонирхлоос болоод тухайн хэргийг сэтгүүлчдэд буюу олон нийтэд дэлгэх сонирхолгүй бол мэдээлэл хаалттай хэвээр үлдэх боломж 100 хувь бүрдэх бололтой. 
Хамгийн сүүлд гэхэд  21 настай бүсгүйг найз залуу нь 48 цагийн турш зодож,  аминд нь хүрсэн хэрэг нийгмийг цочроогоод буй. Хэрэв энэ гэмт хэрэг олон нийтэд цацагдаагүй бол дарагдаад өнгөрөх байсныг ч үгүйсгэхгүй. 

Учир нь шүүх эмнэлгийн дүгнэлт нь ч гараагүй хойшилсоор байна. Хариуцсан байцаагч нь аль хэдийнэ солигдоод амжсан. Эх сурвалж­ийн мэдээлснээр солигдсон байцаагч нь залуу хүн бөгөөд хохирогч талтай тийм ч таатай бус хандсан гэх мэдээлэл байгаа юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр гэмт хэрэгтний дүү болох бүсгүй “Мөнгө төлж ахыгаа гаргаж авмаар байна” хэмээн эмэгтэй хүнээс гарамгүй үйлдэл гаргасан аж. 

Тиймээс ч эрх мэдэлтэй, мөнгөтэй нэгний талд эцсийн шийд­вэр­ийг гаргуулахгүйн тулд дахин олон бүсгүйчүүдийг энэ  төрлийн гэмт хэргийн золиос болгохгүйн тулд хэв­лэл мэдээллийн хэрэгсэл уг хэргийг олны анхаарлын төвд оруулах хэрэгтэй. 

Учир нь энэ төрлийн хүчирхийллийн хохирогч болсоор байгаа бүсгүйчүүдийн очиж хорогдох байрны тоог нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг улам боловсронгуй болгох гээд олон зүйлийг уг гэмт хэрэгтэй хамтад нь шийдүүлэх эхлэлийг тавьж  болохыг үгүйсгэхгүй. Энэ төрлийн өмгөөллийг олон улсад стратегийн өмгөөлөл гэж нэрлэдэг бөгөөд олон ч хэргийг нийгэмд ашигтайгаар өмгөөлсөн байдаг юм билээ. 

Учир нь дөрөв дэх  засаглал болсон энэхүү хүчирхэг салбар шийдвэр гаргах шатны хэн гуайд ч хүрч дуу хоолойгоо хүргэх “шидтэй” салбар. Тиймээс гэмт хэргийн мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэхдээ хуулийн хүрээнд  хэм хэмжээг нь тохируулан мэдээлэх үүргийг зөвхөн прокурорын байгууллага хүлээсэн нь нүдээ олсон шийдвэр гэдэг нь бас эргэлзээтэй байна. 

Хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн арга хэрэгсэл, хэрэг мөрдөлтийн явцын нууц аргачлал, гэрч, хохирогчийн нэр хаяг зэргийг мэдээллэхгүй л бол зохих ёсны мэдээллийг сэтгүүлчид болон олон нийтэд мэдээлэл нь хэнд тийм их “гай” болоод байгаа юм бол. Хэвлэлийнхэнд хууль хяналтын байгууллага хаалттай болсноор гэрч, хохирогчийг хамгаалж байгаа хэрэг үү, эсвэл мөнгөгүй, эрх мэдэлгүй  хохирогчдыг улам хохироох шийдвэр үү. 

Ж.Отгон