Нүднээс нь инээд гэрэлтэж байх ёстой цэцэг шиг л охидын харцнаас зовлон шаналал, насандаа баймгүй басамжлал доромжлол нэвт харагдах нь зүрх өвдөм...

Зүүн Ази Номхон далайн орнуудын ядуурал, хүүхдүүдийн боловсролгүй байдал улам бүр ихэссээр байна. Камбожид байгаа хэдэн мянган охидын ирээдүй чийг даасан, хуучин муу байшингийн доорхи янхны газарт эхэлж, тэнд дуусч байгаа тухай “Агапе” олон улсын байгууллага хөндөн сурвалжилжээ.

Охидыг ашиглан хөнгөн, хялбар аргаар мөнгө олох хэрэгсэл болгон караоке клубууд, уушийн газар, дэн буудлуудад байрлуулж биеийг нь үнэлүүлэх явдал Камбожид ихэсчээ. Камбожиийн гудамжуудаар оройн цагаар явахад бүх зүйл ойлгомжтой. 10-16 насны охидыг богино банзал, өндөр өсгийт, нүүрний будган дор дарж худалдаж байх нь хаа яагүй. Охид ч тэр амьдралдаа дассан байгаа нь илт. Одоо байгаагаас нь илүү сайхан амьдрал байдгийг ч мэдэхгүй тэд ахархан бодолдоо чөдөрлөгдөн худал инээмсэглэн янхны газрын үүд манан суух нь тун өрөвдөлтэй хэмээн сурвалжлагын багынхан бичсэн байна.

Тэд хотын төвөөс холгүйхэн нэгэн гудамжинд очиж дэн буудлуудын үүдээр явж байхдаа өөрийгөө 16 настай гэх /үнэндээ арван настай/ нэгэн охинтой ярилцсан байна.

-Чи энд юу хийж сугаа юм бэ, цаг орой болчихсон байна.

-Мэдээж зүгээр суугаагүй ээ. Харин танд юу хэрэгтэй вэ?

-Би зүгээр л энэ хавийг сонирхож явна. Чи хэдэн настай вэ?

-Удахгүй 17 нас хүрнэ. Чи миний найз залуу болж болно шүү дээ. Би завтай байна.

-Үгүй дээ, би чамтай арай өөр юмярих гэсэн юм.

-Тэг л дээ.

-Чи сургуульд явдаггүй юм уу. Энд удаж байна уу?

-Сургуульд явдаггүй ээ. Энд ирээд удаагүй. Гэхдээ би бүхнийг мэддэг шүү... тэдний яриа ийнхүү үргэлжилэн билээ.

Дэн буудлуудын өрөө чийгтэй бүгчим, бараан өнгийн гэрэл туссан бөгөөд халуун орны нисдэг шавьжууд өрөөний ханан дээр дэрвэлзэн ниснэ. Гадаа явах хөгжмийн дуу өрөөнд тодхон.Өрөөнд том толь, хуучин ор бас хоёр явган сандал ширээн дээр хэдэн шилэн аяга харагдна. Эндхийн бүх л зүйл өнгө муутай.

Эндхээс арай өөр зэрэглэлд бас охид бий. Барилга байшингийн хувьд ч гэрэл гэгээ цацарсан хотын төвийн хэсэгт. Шилэн өрөөнүүдэд саатай даашинз, өндөр өсгийт өмссөн охид хэн ирэх бол хэмээн урдуур хойгуур өнгөрснийг харан сууна. Тэдний зургийг авах, бичлэг хийхэд их дургүй. Хэрэв баригдах л юм бол байдал тун ширүүхэн өрнөх нь ойлгомжтой. Арай дээд зэрэглэлийн энэ газарт биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүдийн ихэнх нь насанд хүрсэн эсвэл өсвөр насаа өнгөрсөнохид байдаг нь харагдаж байв.

Эдгээр хараа хяналтгүй шахам олон зочид буудал, караоке, бааруудын гол үйлчлүүлэгчид нь гадны жуулчид болон янхан авах сонирхолтой залуус. Нэгэнт ийм газрууд хаа сайгүй байгаа нь тэнд ирсэн хүмүүсийн буруу гэлтгүй. Харин үүнд хяналттавьж чадахгүй байгаа төр засгийн буруу гэлтэй. Нэн ядуу иргэдээ хангаж, боломжийн амьдруулах чадал чансаагүй улсад хамгийн түрүүнд охид золиос болдог нь олон туршлагаас илхэн харагддаг билээ.

Эдгээр үзэгдэл зөвхөн Камбож улсад тохиолдож байгаа зүйл биш ээ. Зүүн Азийн олон оронд энэ дүр зураг илүү тодорсоор байгаа. Энэтхэг, Тайланд, Филиппин, Вьетнам гэхчлэн буурай орнуудад хүний эрх охидын эрхээс эхэлж зөрчигдөж байна.

Э.Мөнхнасан