Хөрөнгийн зах зээлийн тоглогчид хөгжлийг хойш татсаар байх уу
2017/08/09
Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан үнэт цаасны зах зээлийн судалгаагаар энэ оны эхний улиралд Монголын хөрөнгийн биржийн нийт арилжааны тавхан хувийг гаднын хөрөнгө оруулагчид эзэлжээ. Үлдсэн 95 хувийг дотоодын аж ахуйн нэгж, иргэд эзэлсэн байна.
Тэгвэл дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өсч, манай улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байсан оргил үе болох 2012 онд биржийн арилжааны 98 хувийг гаднын хөрөнгө оруулагчид эзэлж байсан түүх бий. Өдгөө энэ үзүүлэлт 360 градус эргэжээ. Үүнд нөлөөлсөн гадна, дотнын олон хүчин зүйл бий. Мэдээж түүхий эдийн ханш голлох нөлөө үзүүлсэн. Гэвч манай улс төрийн байдал тогтворгүй, хууль эрх зүйн зохицуулалт хувирамтгай, валютын ханшийн хэлбэлзлэл их, хөрөнгийн зах зээл жижигхэн, үнэт цаасны хөрвөх чадвар муу, төвлөрөл их, мэдээллийн ил тод байдал хангалтгүй, компаниудын засаглал сул байгаа нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хойш татах гол шалтгаан болж байна.
Өндөр өртөгтэй технологи ашиглаж байгаа ч үр ашгийг нь гаргаж чадахгүй байна
Монголын хөрөнгийн бирж секундэд 50 мянган ширхэг арилжаа хийх чадвартай, Лондонгийн хөрөнгийн биржид ашигладаг “Миллениум Ай Ти” хэмээх системийг ашиглаад зургаан жилийг үджээ. Хоногт 72 сая ширхэг арилжаа хийх чадвартай тус системээр өдөрт түүнээс 1000 дахин бага буюу 50 мянган арилжаа хийгдэж байгаа нь үнэхээр чамлалттай ч, олон улсын системийг цаг үетэйгээ нийцүүлэн нэвтрүүлсэн нь сайшаалтай хэрэг. Ингэснээр арилжааны төлбөр, тооцоо хийх явц сайжирсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тухайлбал, өмнө нь гаднын хөрөнгө оруулагч манай Хөрөнгийн биржээс хувьцаа худалдаж авахын тулд эхлээд мөнгөө төгрөг болгон хөрвүүлж, Үнэт цаасны төлбөр тооцоо хадгаламжийн төвийн дансанд байршуулдаг байсан. Хэрэв хувьцаа худалдан аваагүй бол мөнгөө буцаан авахдаа валютын зөрүүнээс болж алдагдалд орох эрсдэлтэй учраас хувьцаа худалдаж авах нь хүндрэлтэй байсан юм. Мөн хүүгүй учраас мөнгөө удаан хугацаанд байршуулахад ямар ч ашиг гарахгүй гэсэн үг.
“Алтан хоромсог” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал Н.Мөнхбат “Гаднын өндөр хөгжилтэй орнуудад бүх арилжааг онлайнаар хийдэг. Тэд хэзээ ч хувьцаа авахын тулд брокерийн компани дээр очдоггүй. Гар утас, компьютер байхад л интернэтээр хувьцаагаа шууд худалдах эсвэл зарж болно. Харамсалтай нь, манайд эсрэгээрээ харилцагч заавал өөрийн биеэр брокер, дилерийн компани дээрээ очиж гарын үсэг зурж захиалгаа өгснөөр арилжаанд оролцдог. Санхүүгийн зохицуулах хорооны журманд, харилцагчид арилжааны захиалга өгөхдөө заавал өөрийн биеэр очиж гарын үсэг зурах ёстой гээд заачихсан байдаг. Монголын хөрөнгийн бирж 2012 онд “MIT” гээд олон улсын систем нэвтрүүлсэн ч төлбөр тооцоо хариуцсан арилжааны банкууд, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хоорондоо хурдан, шуурхай, уялдаатай ажиллаж чадахгүй байна. Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсан ч өнөөдөр бодитой хэрэгжиж байгаа юм алга. Дээр нь үнэт цаасны компаниуд цахимаар арилжаа хийх үйлчилгээ нэвтрүүлэх шаардлагатай байна” гэсэн юм.
Шинэ систем нэвтэрснээр тодорхой хэмжээний урьдчилгаа байршуулан, хэлцлээ хийчихээд гурав хоногийн дотор тооцоо хийх боломж бүрдсэн. Ингээд Хөрөнгийн бирж хөрсөндөө шинэ систем суурилуулсан ч өнөөг хүртэл арилжаанд оролцогч, зуучлагч байгууллагууд түргэн шуурхай мэдээлэл солилцох уялдаа холбоогүй ажилласан хэвээр байна. Тухайлбал, бид аль нэг компанийн хувьцаа худалдан авахыг хүсвэл эхлээд шууд Хөрөнгийн бирж рүү очих юм шиг боддог. Үнэндээ та эхлээд үнэт цаасны компани дээр очиж, мөнгө, хувьцаагаа байршуулах хоёр төрлийн данс нээлгэнэ. Ингээд тухайн компанийн брокероор дамжуулан биржийн арилжаанд оролцох захиалгаа өөрийн биеэр очиж өгөх учиртай. Түүнээс гадна манай улсад үйл ажиллагаа явуулж буй үнэт цаасны 58 компаниас гарын арван хуруунд багтах брокер, дилерийн компани итгэмжлэгдсэн дилерийн үйлчилгээ буюу өөрийг нь төлөөлөх хүнээр дамжуулан арилжаа хийх боломжтой байна.
Энэ талаар “Голомт” банкны Нөөцийн удирдлагын газрын шинжээч Г.Мөнх-Эрдэнэ “Ханш унах гээд яаран байж захиалга өгөхөд яст мэлхий шиг удаан хөдөлгөөнтэй брокерууд байдаг. Хөрөнгийн зах зээл бол хурдны галт тэрэг шүү дээ. Хэн хамгийн хурдан галт тэргэнд сууна, тэр амжилтын зогсоолд хүрэхэд бусдаас нэг алхам урд байна. Иймээс арилжааны системийг доголдолгүй болгож, арилжаа худалдах үйл явцыг хялбаршуулах шаардлагатай” гэв.
Хөрөнгийн зах зээл бол мэдээллийн зах. Хөрөнгө оруулагчид цаг ямагт бусдаас түрүүлж үнэн бодит мэдээллийг шуурхай авснаар санхүүгийн алдагдлаас зайлсхийж, ашгаа нэмж чадна. Гэвч өнөө үед хувьцааны ханш хормын төдийд өөрчлөгдөж байхад хувьцаа авах гээд брокерийн компани руу өөрийн биеэр очдог байдал хэдий болтол үргэлжлэх бол.
Монголын хөрөнгийн биржийн арилжааны гадна, дотнын хөрөнгө оруулагчдын эзлэх хувь
Хувьцаат компаниудын 70 хувь нь санхүүгийн тайлангаа ирүүлээгүй байна
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх хамгийн чухал үзүүлэлт бол компанийн засаглал. Компани санхүү болон үйл ажиллагааныхаа тайланг ил тод мэдээлдэг, хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, хяналт, хариуцлагыг тогтолцоо сайн байвал хөрөнгийн зах зээлийн арилжаа идэвхжиж, хөгжих боломжтой. Өдгөө Хөрөнгийн биржид бүртгэлтэй 219 хувьцаат компани бий. Тэд жил бүрийн долдугаар сард санхүү болон үйл ажиллагааныхаа эхний хагас жилийн тайланг Сангийн яаманд мэдүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Гэвч өнөөдрийн байдлаар дээрх компаниудын 30 хувь нь л тайлангаа ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, цаана нь 153 компани тайлангаа өнөөг хүртэл ирүүлээгүй хууль зөрчсөөр байна. Тайлангаа явуулахгүй байна гэдэг нь санхүүгийн асуудалтай байгааг л илэрхийлнэ. Төлбөр тооцооны тайлан хангалтгүй, татвараас зайлсхийсэн, цэвэр ашгаа нуухыг оролдсон зэрэг олон шалтгаантай.
Сүүлийн жилүүдэд үнэт цаасны зах зээлтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалт өмнөхөөсөө сайжирсан. Компани, Үнэт цаасны зах зээл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдаж, мэдээллийн ил тод байдлыг хангахад багагүй ахиц гарсан нь үнэн. Мөн хариуцлагын тогтолцоо чангарч, Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гаргах, нээлттэй хувьцаат компани болгох зөвшөөрөл авахад өндөр шаардлагатай болсон.
Бидэнд хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах таатай орчин бүрдсээр л байгаа. Гэвч манайд санхүүгийн тайлангаа худал мэдүүлдэг, хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийдэггүй компаниуд олон байгааг дээрх санхүүгийн тайлангийн ирүүлсэн дүнгээс тодорхой харагдах биз. Дэлхий дахинд санхүүгийн тайлангаа худал мэдүүлж, хөрөнгө оруулагчдаа хэдэн тэрбум төгрөгөөр хохироосон олон жишээ бий. Тухайлбал, дэлхийд электрон бүтээгдэхүүнээрээ нэрд гарсан “Тошиба” компани долоон жилийн турш хоёр тэрбум ам.долларын ашгаа нууж, санхүүгийн тайлангаа хуурамчаар үйлддэг байсан нь 2015 онд илэрсэн. Ингээд гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч нар нь огцорсон түүхтэй.
Мөн дэлхийн эрчим хүчний бүтээгдэхүүн, үйчилгээгээрээ тэргүүлдэг АНУ-ын “Энрон” компанийн үүсгэн байгуулагчид компанийнхаа хөрөнгийг зохиомлоор өсгөж, санхүүгийн тайлангаа худал мэдүүлдэг байсан нь илчлэгдэж, хөрөнгө оруулагчдаа 74 тэрбум ам.доллараар хохироосон удаатай. Худал тайлан нь илэрснээр тус компанийн нэгж хувьцааны үнэ 90 ам.доллараас нэг доллар хүртэл буурч, 2001 онд дампуурсан юм. Ингээд компанийн эздэд 24 жилийн хорих ял оноосон. Өндөр хөгжсөн орнуудын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчид итгэдгийн гол шалтгаан нь ил тод, шуурхай байдал, өндөр хяналтын дор байдагтай холбоотой. Ингэснээр хөрөнгийн зах зээлд авлига орох орон зай байдаггүй. Өөрөөр хэлбэл, мэдээллийн ил тод байдал нь авлигыг хязгаарладаг юм.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголын хөрөнгийн зах зээл дээр хоёрхон онцлох үйл явдал боллоо. Тухайлбал, өнгөрсөн жил 100 хувь төрийн мэдэлд байсан “Монгол шуудан” компанийн 34 хувийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалснаар 6.2 тэрбум төгрөг босгосон. Ингэснээр тус компани 2015 онд 94 сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол хувьчлагдсаны дараа 1.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байгаа юм. Тэгээд зогсохгүй энэ онд хувьцаа эзэмшигчиддээ 300 сая төгрөгийг ногдол ашиг болгон тараасан. Мөн “Сүү” компани өөрийн хөрөнгөөр баталгаажуулсан 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй “Сүү” бондыг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалсан билээ. Энэ хүрээнд эрэлт давж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилт татсан юм. Ийнхүү хоёр компанийн арилжаа амжилттай болсон ч хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхээр зорьж буй орны хувьд хоёр жилийн хугацаанд чамлахаар үйл явдал боллоо.
Монголын хөрөнгийн зах зээлийг өндийлгөх эдийн засгийн шаардлага олон бий. Одоогоор санхүүгийн зах зээлийн арав хүрэхгүй хувийг эзэлж байгаа ч ирээдүйд эдийн засгийн өсөлтөд бодитоор нөлөөлөх хамгийн чухал салбарын нэг яах аргагүй мөн. Гэвч хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц сул, тоглогчдын чансаа муу хэвээр байвал энэ салбар хэзээ хөгжих бол. Тиймээс бие нь жижиг ч бэлчээр нь том зах зээлийг өргөжүүлэхэд дээрх асуудлууд чөдөр тушаа болсоор байгааг анхаармаар байна.
Ш.ЦОГЗОЛМАА
Үндэсний шуудан сонин
Ник. · 2017/08/10
Үнэхээр дампуу газар. Инээд хүрмээр. Гол нь мэдээллийн ил тод байдал байхгүй. Нэг их үр ашиггүй компютер шагайсан амьтас ажилладаг. Хөрөнгийн бирж гэхээр хүмүүсийн мөнгийг луйварддаг газар гэж хүмүүс ойлгодог болчихсон. Хайран ч сайхан байршилтай байшин. Кино гаргадаг бол харин ч овоо мөнгө олчих байшин шүү дээ.
ИРГЭН · 2017/08/09
ХӨРӨГИЙН ЗАХЫН ХӨГЖИЛД МАНАЙ БАНКУУД ХАМГИЙН ИХ СААД БОЛЖ БАЙГАА ШҮҮ