Тас шувуунд шүүрүүлсэн анчин
2017/08/13
МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Г.Баатарнумын Өдрийн сонины 2017.08.11-ны баасан гаригийн дугаарт нийтлэгдсэн “Тас шувуунд шүүрүүлсэн анчин” баримтат нийтлэлийг хүргэж байна.
Анчин хүний амьдралд тохиолддог аль хөгтэй явдлыг хэлж барахав. Тэртээ 1950-иад оны үед Агвааны Чойжамц гэдэг анчинд тохиолдсон нэгэн аймшигт явдлын талаар энд өгүүлэхийг зорилоо. Түүний хүү Ч.Гантөмөр энэ түүхийг надад 1990-ээд оны үед хуучилсан бөгөөд бид 1980 онд ЦЕДС-ийг хамт дүүргэсэн цэргийн андууд юм. Тэрбээр Зүүнбаянгийн дивизэд, мөн Оргил рашаан сувилалд цөөнгүй жил аж ахуйн ажил эрхэлж байсан бэлтгэл ахмад гэдгийг тодотгоод аавынх нь намтар түүхээс эхлээд цухас өгүүлье!
Хэнтий аймгийн Дадал сумын нутаг “Цагаан булаг” гэдэг газар 1921 онд мэндэлсэн Чойжамц гуайн аав нь 1918 онд Читийн зүгээс нүүдэллэн ирж суурьшин, тариа ногоо тарьж, дархан мужааны ажил хийж амьдардаг хүн байжээ.
“Цагаан булаг”-ийн баруун хөндийг нутгийн зон олон “Агвааны хөндий” гэж өдгөөг хүртэл уламжлуулан нэршин үлдээжээ. Хүний ганц хүү А.Чойжамц бас хүний ганц охин Бааван Дуламжавтай гэр бүл болж 13 хүүхэд төрүүлж өсгөсөн нь “Ганцаас газар дүүрдэг” гэгчээр ач, гуч нартайгаа нийлээд өдгөө 100 шахам болж үржжээ. Өвгөн анчныг залгамжилсан “Бааван шар” хочтой том хүү Ч.Намсрай нь 70 гаруй анч нохойгоо дагуулан Дадалынхаа Ян сарьдагийг хэгжин, эрийн хийморио сэргээж яваа нэгэн гэнэ.
Хүү Ч.Мөнхчулуун нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт 800 гаруй адуугаа адгуулан маллаж яваа “Мянгат малчин” аж. Бас нэг хүү нь яаманд дээгүүр алба хашдаг, бусад хүүхдүүд нь улс эх орондоо үр бүтээлтэй хөдөлмөрлөж, инхэн нь хувийн мал аж ахуйгаа өсгөн үржүүлж, сайн сайхан амьдарцгааж байна. Энэ бүрэн өвгөн анчин А.Чойжамц, түүний гэргий Дуламжав нарын үр хүүхдээ зөв хүмүүжүүлсэн ач гавьяа гэж хэлэхээс яах вэ.
А.Чойжамц гуай нэгдэл, нийгмийн олон зуун мал хариулахын зэрэгцээ нутаг усандаа үе дамжин яригдах гавьяатай анчин хүн байжээ. Хэнтийн нурууны зүүн тал, Онон, Балж, Хэрлэнгийн дагуух үзэсгэлэн төгөлдөр их ой хөвчид байхгүй ан амьтан гэж үгүй. Хэдэн хоногоор дамнан явах хөвчийн их тайгад ан бүрийг төрөл төрлөөр нь бахихад уйгагүй сургасан анч ноход нь, унаан дээрээсээ буудахад үргэж цочихыг ч мэддэггүй ухаант хурдан хүлгүүд нь, өөрийн гараар урласан хат сайтай том балиус хутга, ханийнх нь шөрмөсөн утсаар ширж өгсөн, барагтай юманд ханзарч урагдана гэж үгүй баавар арьсан дээл, гутал нь хөвчийн хөх анчинд үнэнч хань нь болж хэдэн арваныг элээжээ…
Нэгэн мянга есөн зуун тавин дөрвөн оны тэр нэг өдөр анчин А.Чойжамж анч хурдан нохдоо дагуулан Онон, Балжийн уулзвар асга хадтай ууландаа гөрөөлөхөөр морджээ. Их сарьдагийн оройгоос зүг бүртээ дуран авиагаа сунган суутал тэртээ доорхи халиурсан шигүү өвсөн дотор ямар нэгэн амьтан бүртэлзэн хөдлөхийг хараад овоо, хараагаа чиглүүлэн шийрлэв. Шийрлэгдсэн хараанаасаа шилрүүлж үзээгүй анчин мөнөөх газар хүрч очтол гэнэт сүр сархийсэн чимээ анирдаж, ямар нэгэн амьтан дал мөрөнд нь хүчит хумсаа шигтгэн яахын ч завдал өгөлгүй агаарт дүүлэн нисэх нь тэр.
Чухам юу гээч болж байгааг ч ухаарах сөгөөгүй хэсэг хугацаанд ухаан нь балартжээ. Тэгээд төд удалгүй сэргэтэл яг л үлгэрт гардаг шиг тэртээ доор ой мод ногоорон, ус мөрөн цэнхэртэж байх нь аймшигтай. Ямар боловч аварга том шувууны далавч дэвж байхыг хараад чухам юунд шүүрүүлснээ төсөөлөхтэйгөө болов.
Хашир анчин юу эсийг сэтгэх билээ, бүсэн дэх том балиусан хутгаа барьж авчээ. Гэхдээ хамаагүй дүрж болохгүй. Хэрвээ тэгвэл амь гарахгүй гэдгээ ухаарч, шувууны хэвлий хавьд хэд хэдэн удаа зөөлхөн дүрж орхив. Нөгөө шувууны хүч саарч аажим аажмаар доошилж эхэлжээ. Буух боломжтой цагаандуу газрыг харж байгаад шууд л хүзүүн тус газарт нь цавчиж эхэлтэл цус садран, нүүр хувцасыг нь бялгадаж, мөнөөх аварга шувууны хүч сааран хоёр тийшээ далбилзан явсаар нэг юм газардаж, нэвсийсэн хар далавч нь орчин тойрныг нилэнхүйд нь бүрхэн дарж унажээ.
Хүнд хар далавчны дороос арайхийн зуларч гарч ирсэн А.Чойжамц гуай эсэн мэнд байгаадаа учиргүй ихээр баярлаж, амь тавин тийчилж байгаа тас шувууг орхин шөнө дөлөөр гэртээ ирж, аймшигт тохиолдлоо ярьж, хот айлыг сандралд оруулжээ. Мөн ч олон жил, мөн ч олон амьтны аминд хүрсэн хашир анчны үгэнд итгэж ядсан Баастын Раднаа тэргүүтэй хэдэн хүн маргааш нь өглөө газарт хүрч очиход хушуугаа тас буудуулж, гэдсэндээ хутгалуулж, хүзүүгээ талд нь хүртэл огтолуулсан аварга том тас шувуу үхсэн байхыг хараад сая л нэг юм үнэмшицгээв.
Борвондойн Балжинням гэдэг өндөр шар буриад далавчийг нь хэмжиж үзээд “гурван алд гарантай байна” гэж тогтоогоод зогссонгүй, нэгэнт цоорсон гэдсийг нь хүү татан хагалахад хауйхтайгаа хүний толгой, хүний дунд чөмөгний яа зэрэг зүсэн бүрийн юм ходоодноос нь гарч, тэнд очсон хүмүүсийн огиудас, хүйдсийг нь төрүүлж байсан аж.
Ийнхүү анчин хүний амьдралд тэр бүр тохиолдоод байдаагүй ийм нэгэн аймшигтай бөгөөд хөгжтэй явдал Улсын тэргүүний анчны болзолыг гурван удаа хангасан Агвааны Чойжамц хэмээх буриад баавайд тохиолдсон үнэн түүхийг ямар ч хачир чимэггүйгээр өгүүллээ.
Сэтгүүлчийн зурвас: Олон амьтны амийг хороосон хүнд монголчууд тийм ч дуртай байдаггүй. Тэгээд ч “Нүгэлт хар гөрөөчин” хэмээн нэрлэж, энэ хорвоогоос буцах эцсийн замыг нь ч сайнаар төсөөлдөггүй билээ. Энэ төсөөллөөр бол А.Чойжамц гуайн насан эцэслэлт тийм ч таатай бус байх байсан биз ээ! Гэтэл өвгөн анчин ямар ч хууч өвчингүй, бие лагшин нь тунгалаг байсан төдийгүй ганц удаа ч болов “ёо” гэж хэлж үзэлгүй байсаар 1984 онд хадан гэртээ очжээ.
Энэ тухай хүү Ч.Гантөмөр нь: Тэр өдрийн өглөө эрт аав маань “Надад нэг сайхан тарваганы боодог хийгээд аль” гэж хэлсэн юм. Өглөөний гараан дээрээс гурван ч тарвага цааш нь харуулж, олуулаа байсан болохоор гурвууланг нь боож нэгийг нь аавд өгсөн. Аав бараг ихэнхийг нь зооглочихоод бидний “Нөгөө байшиндаа орцгоо. Битгий их дуу чимээ гаргаад бай. Би жаахан амармаар байна гэж хэлээд орондоо ороод хэвтсэн юм. Бид ч тус тусын ажил үүргээ хөөн бараг хоёр цаг гаруйн хугацаа өнгөрсөн байх.
Манай ах ойр зуурын юм авахаар аавын амарч байсан байшинд ортол аль хэдийнэ энх амгалангийнхаа орондоо оччихсон байсан юм даа. Зүв зүгээр байсан хүн чинь ганц үг хэлэлгүй явчих чинь үлдсэн бидэндээ хэцүү л байдаг юм билээ гэж ярьсан юм.