Зэсийн ханшийн өсөлт Чилийн хөрөнгө оруулагчдыг Монгол руу эргүүллээ
2017/08/15
Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн сарын сүүлээр зэсийн ханш огцом өсч, сүүлийн хоёр жилд байгаагүй үзүүлэлтэд хүрсэн нь манай улс зэсийн экспортын орлогоо нэмэх таатай нөхцөл бүрдээд байна. Энэ хүртэл зэсийн үнэ дэлхийн зах зээл дээрх хамгийн муу үзүүлэлттэй түүхий эдийн тоннд тооцогдож байсан юм. Гэвч манай улс үнийн хэлбэлзлийг үл ажран, сүүлийн зургаан жил зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг 80 хувиар өсгөсөн. Зэсийн зах зээл дээрх сайн мэдээ үүгээр дуусахгүй нь. Учир нь, зэсийн нөөц, олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг Чили Улсын төрийн өмчит уул уурхайн “Коделко” компани зэсийн ханш өсч байгаатай холбогдуулан Монгол Улсад хөрөнгө оруулахаар судалж байгаагаа зарлалаа.
Тухайлбал, тус компанийн гүйцэтгэх захирал Нелсон Пизарро Чили Улсын нийслэл Сантьяго хотод болж байгаа Латин Америкийн Хөрөнгө оруулалтын чуулганы үеэр зэсийн арвин нөөцтэй Монголын зах зээлд дунд хугацаатай хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйгаа Ройтерс агентлагт мэдээлсэн байна. Тэрбээр “Бид зэс олборлолтын чиглэлээр нэмэлт хайгуул хийж, Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа. Тэдгээрээс Монгол Улсыг хамгийн их сонирхсон. Сонирхолдоо хөтлөгдөн ингэ хэрхэн саахыг хүртэл сурч байна. Одоогоор хөрөнгө оруулалтын тооцоо хийж, техник, эдийн засгийн баримт бичиг боловсруулж байгаа. Хэрэв техникийн хувьд олборлолт явуулах боломжтой нь батлагдвал хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна” гэжээ.
“Коделко” компанийн удирдлагууд ийм шийдвэр гаргахын өмнөхөн буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард манай улсад айлчилж, “Эрдэнэс монгол”, “Эрдэнэт үйлдвэр” компанийн удирдлагуудтай уулзан, уурхайн үйл ажиллагаатай танилцсан юм. Зэсийн үнэ манай улсад сайн мэдээ болохын учир нь Монгол Улс зэсийн нөөцийн хэмжээгээрээ дэлхийд 12-т жагсдаг. Тухайлбал, өнгөрсөн онд 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж, дэлхийд зэсийн экспортоороо зургадугаарт байрт орсон юм. Олборлолтын 62 хувийг “Оюутолгой”, 30 хувийг “Эрдэнэт үйлдвэр” компани эзэлж, 1.7 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн билээ. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 647 мянган тонн зэс олборлоод байна. Энэ хүрээнд Засгийн газар олон жил яригдаж буй зэс хайлуулах үйлдвэр барих шинэ төлөвлөгөөгөө батлаад удаагүй байна.
Тухайлбал, жилд нэг сая тонн зэсийн баяжмал боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 31.1 сая тонн зэсийн нөөцтэй “Оюутолгой” компанийг түшиглэн, Өмнөговь аймгийн Ханбогд суманд босгохоор ханцуй шамласан. Төлөвлөгөөний дагуу 2024-2025 онд ашиглалтад оруулахаар зэхжээ. Энэ үеэр “Оюутолгой” компани далд уурхайн бүтээн байгуулалтаа эхэлж, жилд хоёр сая тонн зэсийн баяжмал олборлох төсөөлөлтэй байгаа. Ингэснээр шинэ үйлдвэр “Оюутолгой” компаниас нэг сая тонн зэсийн баяжмал худалдаж авах юм. Зэс хайлуулах үйлдвэртэй болсноор алт, мөнгө, молибден зэрэг дайвар бүтээгдэхүүнийг тусад нь ялган авч дотооддоо шингээн, зардлаа бууруулах боломжтой. Тэр хэрээр Монголбанкинд тушаах алт, мөнгөний хэмжээ ихэсч, валютын нөөцийг зузаатгах нөхцөл бүрдэх юм.
Ийнхүү өртөг шингэсэн, үнэлэмж өндөртэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох боломж нээгдэж, түүнийг амжилттай хэрэгжүүлж чадах эсэх нь өнөөдөр бидний юу хийхээс шалтгаалаад байна. Тиймээс хамгийн гол нь бид хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүйгээр ханшийн өсөлтийг ашиглан, зэсийн зах зээл дээр тоглолт хийж, хариуцлагатай хандах цаг ирлээ.
Улс оронд үйлдвэржилт, хотжилт хэр их тэлнэ, хэмжээгээрээ зэсийн хэрэглээ өсдөг. Тухайлбал, дэлхийн зэсийн хэрэглээний 70 хувийг дэд бүтэц, барилга, цахилгаан шугам, сүлжээнд ашигладаг. Цаашлаад зэс болон зэсийн хайлш нь эцсийн бүтээгдэхүүн болох автомашин, тоног хэрэгсэл, электрон барааны түүхий эд болж, иргэдийн хэрэгцээг хангаж байна.
Тэдний хэрэгцээг хангахаар дэлхий дээр зэсийн нөөц, олборлолтоор Чили улс тэргүүлдэг бол импортын хэрэглээгээрээ БНХАУ тэргүүлдэг. Тухайлбал, Чили Улсын “Коделко” компани дэлхийн зах зээл дээр зэсийн ханш өсч, сүүлийн жилүүдэд цахилгаан хөдөлгүүртэй машины эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбогдуулан энэ онд 1.7 сая тонн зэс олборлох гэнэ. Тус компани 15 тэрбум тонн зэсийн, 50 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэйгөөрөө Чилийн эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэдэг. Одоогоор 18 мянган ажилтантай бөгөөд зэсээс гадна кали, кобалт болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлодог ажээ. Тиймээс өнгөрсөн онд Чили улс дангаараа дэлхийн зэсийн олборлолтын 23 хувийг бүрдүүлсэн бол БНХАУ импортын 50 хувийг эзэлсэн байна. Зэсийн үнэ 2012 оноос тасралтгүй буурч, сүүлийн хоёр жилд дэлхийн зах зээл дээр хамгийн муу үзүүлэлтэй түүхийн эдийн нэгд тооцогдож байсан боловч өнгөрсөн оны сүүлээр эргээд өсч эхэлсэн. Тухайлбал, Лондоны металлын биржийн хамгийн сүүлийн арилжаагаар зэсийн үнэ тонн нь 6363 ам.долларт хүрээд байна.
Зэсийн ханш ийнхүү өсөх болсон нь олон шалтгаантай. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп дэд бүтцийг сайжруулах, газрын тосны олборлолтыг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр болж, БНХАУ-ын эдийн засаг өсч, зэсийн импортоо нэмэх болсон нь нөлөөллөө. Мөн энэ оны эхэнд Чили, Перу Улсад байрладаг томоохон уурхайн ажилтнууд цалингаа нэмэх зорилгоор олон хоногоор ажил хаялт зарласан нь зэсийн нийлүүлэлтийн хомсдлыг бий болгож, түүхий эдийн үнэ өсгөх нөхцөл бүрдүүлсэн байна. Түүнчлэн дэлхийн зэсийн экспортын 6.7 хувийг эзэлсэн Индонез Улсын зэсийн хамгийн том уурхай экспорт хийх зөвшөөрөлгүй болсон нь түүхий эдийн үнийг өсгөж, бусад зэсийн уурхайн олборлолтыг нэмэх шалтгаан боллоо. Олон улсын шинжээчид зэсийн үнэ 2020 он гэхэд дунджаар 6638 ам.долларт хүрэх төсөөлөлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, зэсийн хэрэглээ 25.5 сая тоннд хүрнэ гэсэн таамагтай байна.