С.Дэмбэрэл гишүүн юуны учир "зог тусав"
2013/12/12
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл гишүүн "Гэнэт зог тусаад хартал хэн ч алга" нэртэй зургийг авч твиттер хуудаснаа нийтэлжээ.
Учир нь УИХ-ын чуулганы хуралдаан 11 цагт зарлагдаад байхад цагтаа орж ирсэн гишүүн өөрөөс нь өөр байгаагүй нь ийнхүү зургаа авахуулан баримтжуулж авсан аж. Гишүүд нь хуралдаа байнгын хоцордог, ирдэггүй, ирсэн нь гараад зугтчихдаг ийм нэгэн парламентийн дүр төрхийг танхмийнх нь гишүүн дахин нэг сануулаад өгөх шиг боллоо.
Хуралд суух нь УИХ-ын гишүүний хамгийн эхний үүрэг байдаг. Гэтэл энэ үүргээ хангалттай биелүүлчихдэг гишүүд нь өдөр харагдах од шиг цөөрсөөр л... Сонгууль дөхөөд хэдэн тэрбумаар нь зардал, сурталчилгаа хийж байхаар хурлаа таслахгүй, хоцрохгүй ирчихээд бусдыгаа шаардаад суучихвал мөн ч сайхан байхсан. Тэгүүл ч ард түмэнд ядаж цагтаа ирдэг юм хэмээн халаглан ярьж болох талтай.
Гишүүнээс жиргээчид хэн ч байхгүй байсан юм бол хэн энэ зургийг дарсан юм хэмээн жиргэж байх юм. Үүний оронд гишүүдэд "банга" хүртээх хэрэгтэй байгааг хэлээд авах хэрэгтэй. Хэлсээр байгаад залхаж Дэмбэрэл гишүүн сүүлдээ баримт болгон хоосон чуулгын өрөөнд өөрийн зургаа дарж суух ч гэж дээ. Эрхэм гишүүний ангийн андууд нэгийг бодож хоёрыг тунгаах цаг чинь иржээ. Эс бөгөөс ард түмэн чинь дараагийн сонгуулиар та бүгдийг нэг нүдээрээ ч тоож харахгүй болж мэднэ шүү.
Д.Ана