Ажлаа хүлээж аваад удаагүй байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын эхээр Монгол банкны ерөнхийлөгчийг хүлээн авч, эдийн засгийн нөхцөл байдал болон ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцсан. Мөн арилжааны банкууд зээлд жилийн 24 хувийн хүү ногдуулж байгааг  бодит байдалд нийцэхгүй байгааг тэрбээр илэрхийлсэн юм. 


Өдгөө манай улсын арилжааны банкуудын зээлийн хүү жилд дунджаар 20, хадгаламжийнх 12 хувьтай байна. Харин ч ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах болсонтой холбогдуулан хадгаламжийн хүү түүхэндээ анх удаа сүүлийн дөрвөн сарын турш тасралтгүй буурсаар дээрх тоонд хүрлээ. Зээлийн хүү ийм өндөр байх нь аль аль талдаа эрсдэлтэй. Бизнес эрхлэгчдийн хувьд өндөр хүүтэй зээлээ төлж чадахгүй, компаниа дампууруулах эрсдэлтэй бол банк чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлтэй үлдэнэ. Цаашлаад банкны салбарын зээлжих зэрэглэл буурч, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа хумиснаар эдийн засагт сөргөөр нөлөөлөх гэх мэт олон эрсдэл бий болгох аюултай. Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш бизнес эрхлэгчид үйлдвэр барьж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй зүгээр л бэлэн бүтээгдэхүүн гаднаас авчирч зарах замаар валютын нөөцөө бууруулсаар ирсэн. Тэр үед олон хүнд  дотооддоо үйлдвэр барих хүсэл байсан ч, зээлийн өндөр хүүд эрсдэл үүрэхийг хүсээгүй нь тодорхой. 
Тэгвэл Япон Улсад зээлийн хүү жилийн нэг, хадгаламжийнх 0.1 хувьтай байна. Мөн АНУ-ын банкны хадгаламжийн хүү 1.4 хувьтай, хүүгээс нь 35 хувийн татвар авдаг. Тэгэхээр тус улсын иргэд мөнгөө хадгалуулаад жилд 0.5-0.8 хувийн хүү авдаг гэсэн үг юм. Харин бид 10-15 хувийн хүү авч байгаа. Үүний шалтгаан нь дээрх орнуудын инфляци, мөнгөний бодлогын хүү бага байгаатай холбоотой. АНУ-ын бодлогын хүү 0.5 хувьтай байгаа бол Англид 0.4, Японд 0.25 хувьтай байна. Ийм учраас бодлогын хүүгээс их зөрүүтэй зээл, хадгаламжийн хүү олгох учиргүй. Манай улсын хувьд бодлогын хүү 12 хувьд хүрсэн ч зээлийн хүү буурах нөхцөл өнөөг хүртэл бүрдээгүй байна. Үүнд нөлөөлсөн олон шалтгаан бий. 
Монголбанкнаас мэдээлс­нээр арилжааны банкуудад 7.2 их наяд төгрөгийн хадгаламж, 12.9 их наяд төгрөгийн зээл байгаа аж.Үүний 60 гаруй хувийг 200 гаруй гэр бүл эзэмшдэг бол үлдсэн нь хүн амын 2-3 хувьд ногддог гэсэн статистик бий. Дээр нь манай улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 14 банкны нийт активийн 60-70 хувийг гурван банк бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөны талбарт гурван банк монопольдож зээл, хадгаламжийн хүүнд багагүй нөлөөлсөөр байгааг үгүйсгэх аргагүй. 
Зээлийн хүүг бууруулахад хамгийн гол хүчин зүйл нь нам тогтвортой инфляци урт хугацаанд хадгалагдах явдал юм. Инфляци нам түвшинд тогтвортой урт хугацаанд байвал банкуудын тогтвортой үйл ажиллагаа урт хугацаанд хангагдаж, иргэдийн банкинд итгэх итгэл нэмэгдэж, банкуудын гол эх үүсвэр болох хадгаламжийн хэмжээ нэмэгдсэнээр зээлийн хүүг бууруулах нөхцөл бүрдэх юм. Манай улсын инфляцийн төвшин одоогоор 4.1 хувьтай байгаа ч өндөр хэлбэлзэлтэй учраас удаан хугацаанд хадгалагдах магадлал багатай. Иймд зээл, хадгаламжийн хүүнд нөлөөлж чадахгүй. 
Арилжааны банкуудын нийт зээлийн хэмжээ энэ оны эхний хагас жилийн байдлаар 12.9 их наяд төгрөгт хүрсэн. Манай улсад жилд бараг  100 орчим тэрбум төгрөгийн зээл шинээр нэмэгддэг. Үүнээс хугацаа хэтэрсэн зээл  6.2,  чанаргүй зээл 8.8 хувийг эзэлж байна. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн 70 хувийг уул, уурхай, бөөний болон жижиглэн худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарт төвлөрсөн байгаа юм. 
Тэгэхээр чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлд жин дарж буй дээрх салбарууд нийт зээлийн ихэнх хувийг бүрдүүлж байгаа нь ойлгомжтой. Тухайлбал, энэ оны эхний улирлын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдлийн 56.3 хувийг уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилга, үл хөдлөх хөрөнгө, худалдаа зэрэг таван салбарт төвлөрч байна. Иймд тус салбаруудад эрсдэл үүсэхэд банкны салбарын зээлийн чанарт цохилт үзүүлэх хэмжээний сөрөг нөлөө үзүүлэх аюултай учраас зээлийн хүү эрсдэл өндөр хэвээр байна. Ийм эдийн засаг төрөлжилт багатай, цөөн тооны салбараас өндөр хамааралтай байгаа нь зээлийн төвлөрлийг үүсгэж, хүүг өсгөх шалтгаан болсон юм. 
Дээрх шалтгаануудыг тоочсоор байвал арилжааны банкууд ийм өндөр эрсдэл хүлээж байгаа учраас зээл, хадгаламжийн хүү тэр хэрээр өндөр байх нь аргагүй мэт санагдаж байгаа болов уу. Гэвч Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас явуулсан судалгаагаар манай улсын зарим арилжааны банкны өөрийн хөрөнгийн өгөөж нь 25-30 хувь, жилийн ашиг орлого нь 80-100 тэрбум байгааг тогтоосон юм. Уг нь олон улсын зах зээлд арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж нь 10-15 хувь байх зарчим үйлчилдэг. Хэрэв энэхүү өгөөж нь 10 хувиас бага бол банкуудад эрсдэлтэй, харин 15 хувиас их бол мөлжлөг, мөнгө хүүлэлт хэмээн тооцдог жишигтэй. Гэтэл Монголд энэ үзүүлэлт хоёр дахин их байгаа нь асуудал дагуулж байна. 
Өдгөө манай улсын санхүүгийн зах зээлийн 96 хувийг банкны салбар, үлдсэн дөрвөн хувийг хөрөнгийн зах зээл, бусад санхүүгийн байгууллага эзэлж байна. Бусад санхүүгийн салбарын хөгжил сул байгаа нь банкны давамгайллыг ихэсгэж, банкнаас зээл авахаас өөр санхүүжилтийн сонголтгүй болгож байгаа юм. Ингэснээр банкууд хүүгээ өндөр түвшинд хадгалахад нөлөөлж байна. Монголын санхүүгийн биржийн захирал Д.Ангар “Зээлийн хүү бага байхад бизнес болон санхүүжүүлэгч хоёулаа хожно. Дээр нь ажлын байр бий болно, эдийн засаг дахь үйлдвэрлэл хөгжинө. Харамсалтай нь, зээлийн хүү өндөр байгаа нь бизнесүүд үүдээ барьж, ажилгүйдэл нэмэгдэх шалтгаан болж байна. Иймд банкны мөнгө хүүлэлтийг хөрөнгийн зах зээл хазаарлах боломжтой. Мөн компаниудын зээлийн хүүг  хөрөнгийн зах зээл буулгаж чадна” гэв.
Тиймээс цаашид бид өргөн хэрэглээний үнээ тогтвортой байлгаж, инфляцийн төвшинг өсгөхгүйгээр барьж чадвал, банкуудын хүүг тодорхой хэмжээгээр хазаарлах боломж бүрдэнэ гэдгийг эдийн засагчид хэлж байна. Гэвч үүний хажуугаар санхүүгийн бусад зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай байгааг мартаж болохгүй.

Ш.Цогзолмаа

Үндэсний шуудан сонин