​УИХ-ын хэдэн гишүүнээ өрөвдөөд болдоггүй ээ, ойрын өдрүүдэд. Учир нь тэднийг дургүй байхад нь парламентын тогоонд чанаад байгаа юм байна.

Магадгүй “УИХ-ын гишүүд дуртайдаа тэнд сууж байгаа юм биш үү, юуны тулд сонгуульд өрсөлдөж, иргэдэд таалагдахын тулд уран цэцэн үгээр ярьж, сурталчилгаагаа гаргахын тулд мөнгө цацсан юм бэ гэж гайхах байх. УИХ-ын гишүүний нэр сүр, эрх мэдэлд дуртайдаа сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан гэх нэгэн ч гарна. Гэхдээ УИХ-ын гишүүд улс орноо хөгжүүлэхийн тулд аргагүйн эрхэнд парламентад сууж байгаа гэдгийг би баттай хэлнэ. Үүнийг гишүүний ажлыг үргэлжлүүлж  хийхэд хэцүү байна, одоо болимоор байна гэж байгаа зарим гишүүний жишээнээс харж болно. Хамгийн эхэнд У.Хүрэлсүх гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж, амар  тайван амьдармаар байгаагаа хэлээд УИХ-ын танхимаас гарсан. Одоо Р.Амаржаргал гишүүн цаашид тэвчиж чадахгүй нь “чөлөөлөөд өг” хэмээн өдөр бүр шаардах болсныг бэлхнээ харж байгаа байх. МАХН-аас намын жагсаалтаар орж ирсэн О.Баасанхүү гишүүн ч гэсэн “Парламентын танхимд байгаа нь надад багагүй бэрхшээл учруулж байгаа. Хэлсэн ярьсныг минь хүн тоохгүй байна.  Болохгүй бол энэ ядаргаатай ажлыг орхиод явсан ч яах вэ” гэсэн утгатай зүйл ярилаа. Өөр олон гишүүн “Энэ тийм амар ажил биш” гэж ярьж байсныг сонссоны хувьд гишүүдийг анхнаасаа дургүй байхад нь хүчээр Төрийн ордонд барьж байгаа юм байна гэж хэлээд байгаа юм. Мэдээж тэд сонгуульд ч өөрийн хүсэлтээр өрсөлдөөгүй. Хэрвээ өөрөө хүссэн бол хэн нь ч “Би явлаа. Цаашид энд байж чадахгүй нь” гэж хэлэхгүй нь тодорхой. Анхнаасаа дургүй байсан болоод л одоо тэсгэл алдаж байгаа хэрэг шүү дээ. Сонгуульд оролцож, иргэдээс санал авахын тулд өдөр шөнөгүй гүйсэн нь ч өөрийнх нь ашиг сонирхол биш нам, эвслийнхээ албадлага, шаардлагаар гаргасан шийдвэр байж таарна. Р.Амаржаргал гишүүн намынхандаа шүүмжлэлтэй хандаж, өөрийг нь зүгээр л явуулахыг шаардаж байгаагаас харахад шүү дээ. Тиймээс гишүүдээсээ дургүй байхад чинь хүчээр УИХ-ын гишүүн болгосондоо уучлалт хүсье.

 

Т.Урангэрэл