Google Translate монгол хэл рүү хөрвүүлнэ
2013/12/15
Интернэт хэмээх их гүрэнд хаанчилж яваа “Google” корпорацийн захирал Эрик Шмидт 2011 онд Монголд анх удаа хөл тавьсан юм. Монголд зочлох үеэрээ тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ж.Бат-Эрдэнэ нартай уулзаж, Монгол Улс болоод “Google” корпорацийн хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Уулзалтаас гарсан чухал болоод бидэнд ашигтай шийдвэр нь монгол хэлийг Google Translate үйлчилгээнд нэвтрүүлэх тухай байв. Үүнийг ноён Эрик Шмидт өөрөө амлаад буцжээ. Үүний өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны эхээр АНУ-д айлчлахдаа “Google” корпорацийн үйл ажиллагаатай танилцах үеэр монгол хэлийг Google Translate-д оруулах тухай анхны сэдлийг бий болгожээ.
Хоёр жилийн тэртээх тэрхүү уулзалтын үр дүн өнөөдөр биеллээ олж, өдгөө “Google Translate” үйлчилгээг ашиглан интернэт орчинд үнэ төлбөргүй эх хэл рүүгээ орчуулга хийх боломжтой боллоо. Энэ тухай мэдээллийг “Google Inc.” энэ сарын 10-нд албан ёсоор мэдэгдэв. Энэ удаад есөн орны хэлийг шинээр нэмсэн бөгөөд тэдний нэг нь монгол хэл юм. Ингээд “Google Translate” дэлхийн 80 орны хэлээр орчуулга хийдэг болж өргөжжээ. 36 дахь удаагийн шинэчлэлийн хүрээнд Африк, Ази, далайн орнуудын бүсээс есөн хэл, тодруулбал, нийтдээ 200 сая гаруй нутгийн иргэдийн хэрэглэдэг хауса, игбо, йоруба, сомали, зулу, балба, пунжаби, маори болон монгол хэлийг сонгон “Google Translate”-д нэгтгэжээ.
Монгол хэлийг “Google Translate”-д оруулах ажилд Монголын талаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд идэвхтэй ажиллажээ. Засгийн газрын дэмжлэгтэйгээр судалгааны ажил хийж, улмаар өнгөрсөн нэгдүгээр сард Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, “Google” корпорацитай хамтран онлайн орчуулгын системд ажиллаж эхэлсэн байна. Энэ ажилд мөн “Google” корпорацийн хайлтын системийн компанид ажилладаг Б.Батхүү гэх монгол залуу хувийн шугамаар тусалжээ.
“Google Translate” нь хэл шинжлэлийн салбарт ашигладаг дүрэмд суурилсан орчуулга бус ‘machine learning’ буюу машин өөрөө өөрийгөө сайжруулах чиглэлийн орчуулгын систем. Тиймдээ ч их хэмжээний мэдээллийн сан шаарддаг. 10 сая ба түүнээс дээш тооны хос өгүүлбэр /sentence pair/ орсон хэлүүдээр маш сайн орчуулга хийгдэж буй бөгөөд тэдгээрт англи, испани, герман, франц зэрэг хэлийг дурдаж болох юм. Монгол хэлийг “Google Translate”-д нэмэхдээ эхний ээлжинд 10 сая хос өгүүлбэр ашигласан бөгөөд одоогоор англи-монгол, монгол-англи гэсэн чиглэлд хөрвүүлж байна. Нэгэнт монгол хэлний мэдээллийн сан нь бага байгаа тул орчуулгын шаардлага хангах эсэх тухайд хангалттай гэж дүгнэх хараахан болоогүй байгаа. Гэхдээ тогтмол, их хэрэглэж, алдааг залруулах тусам ‘machine learning’ систем алгоритмаар өөрөө суралцах тул монгол хэлний орчуулга улам бүр төгөлдөржинө гэсэн үг юм. Тиймээс чаддаг, мэддэгээрээ “Google Translate” дэх монгол хэлний орчуулгыг сайжруулах тал дээр хичээнгүйлэхийг уриалж байна.
Google Translate монгол хэлний орчуулга хийж буй жишээнээс хүргэе.
I love you. Би чамд хайртай.
I love you more than my life. Та миний амьдралд илүү хайрладаг.
“My mom is passed out”, said Robert Turner when he called 911 the first time.
Роберт Төрнер 911 рүү эхлээд залгахдаа “Ээж ухаан алдчихлаа” гэж хэлжээ.
Би Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн.
I was born in the capital city of Mongolian.
Зөвлөл эдгээр тайлангийн талаарх санал дүгнэлтээ Ерөнхий Ассамблейд мэдээлж байх эрхтэй.
The Board shall have the right to report to the General Assembly and comments on these reports.
С.ЦЭЛМЭГ
Эх сурвалж: “NEWSWEEK” сонин №042
Зочин · 2015/04/12
ene gehdee buuu orchuulaad bhiii
Зочин · 2014/03/15
***l hudlaa l yum bnleeshde hugiin zuer ugnuudig n orchulad tawichihsan oguulberin utgiig gargaj ogoogui ***l ***in naasan