Засгийн газрын өмнөөс  ганцаараа хариуцлага хүлээхээр шийдсэн УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг нөхөд нь явуулсангүй. Цаашид тэрээр өөрт нь итгэл үзүүлсэн Сүхбаатар дүүргийн сонгогчдынхоо өмнө үүргээ биелүүлж ажиллахаар боллоо.

Түүний  ард анх нэр дэвшээд очиход нь тосч авсан, бүрэн эрхээсээ татгалзъя гэхэд нь “Шударга ёсны төлөө юм чинь бид зөвшөөрнө” гэсэн сонгогчид нь  бий. Тийм болохоор  одоо дахин татгалзах хүсэлт энэ тэр гэж ажил удахгүй байх талтай.  УИХ-ын гишүүнээр үргэлжлүүлэн  ажиллахад ч асуудалгүй. Өмнө нь болоод л байсан, цаашид ч болж л таарна. Харин намын харъяаллын дагуу УИХ-ын гишүүд бүлэгт давхар харъяалагддаг. Р.Амаржаргал УИХ дахь АН-ын бүлгийн нэг төлөөлөл. Гэтэл одоо намаа, намын даргаа, түүний тэргүүлдэг Засгийн газрыг шүүмжилсэн учраас Н.Алтанхуягтай  аль эрт “хонь, чоно” болсон. Дээр нь бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай таарамжгүй, байнга л үг сөргөж байдаг  тухай төдийлөн дуулдаж байгаагүй бол саяхнаас энэ  мэдээлэл ил болсон. Дээр нь хоёр хүний хооронд яс хаяж сурсан  увайгүй  зарим нөхдийн балгаар   УИХ-ын дарга З.Энхболд тэр хоёрын харилцаа хүйтэрсэн гэх нь бий. Р.Гончигдоржтой бол бүр ч ярих юм байхгүй. “Алтан гадас”-ынхан түүнийг  “МАН-д ор. Намаа соль” гэхчлэн чуулганы танхимд  хангалттай доромжилсон.  Тэр үгээ Р.Гончигдоржийн амаар хэлүүлж зориуд “баалсан”  билээ. Энэ бүхнийг дурдахын учир УИХ дахь АН-ын бүлэгт одоо Р.Амаржаргалын орон зай байхгүй. Иймд түүнийг намын бүлгээсээ түдгэлзэж бие  даагчидтай баг болж ажиллана гэсэн  сураг дуулдах болов. Энэ мэдээллийг нотлох мэт Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар түүний өрөөгөөр ойр ойрхон орж гарч байгааг  эх сурвалжууд  хэлж  байна.

С.Баяр