“Их өргөө” барилгын компанийн захирал, “Сити плаза”-гийн эзэн Д. Арвин. Тэрбээр хөдөө аж ахуйн салбараас тендер бэлгэнд авсан сурагтай.

Гэвч одоохондоо ямар тендерт яаж ялсан нь нууц байгаа аж. Тэрбээр цагтаа АН гэж дуугарсан хүний өмнөөс гартаа барьсан цаасаа шидэж “Битгий дэмий юм яриад бай. Тэрийг чинь нам гэдэг юм уу” хэмээн дөвчигнөдөг байсныг хүмүүс сайн мэднэ. Харин өнөөдөр МАН гэж дуугарсан хүн рүү салаавч гарахад ч бэлэн шахам яваа аж. УИХ-д хэд хэдэн удаа суудал авчихсан энэ хүнийг шударга төрийн түшээ, сайн улстөрч гэж хэлэх хүн тун ховор. Харин хэл амтай, хэрүүлч хараалч гэж цоллох нь олон билээ. Түүгээр ч зогсохгүй зарим нь хар, шар сүсэгтэй ч гэж болгоомжлох тал бий. Ямартай ч өнгөрсөн онд “Дэлхий сөнөнө” гэх цуу газар авч, хүн бүр дотроо айдастай явах үед Д. Арвин гишүүн сүнсэнд итгэгч гэдгээ зарласан. Магадгүй энэ нь түүний нууцалж байсан далд увдис ч байж болох талтай. Үүнийгээ улам бататгаж Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Монголын их хатдын хүндэтгэлийн ордныг байгуулжээ. Учир нь Богдын их хатан Дондогдуламын сүнс түүнд их хатдын ордон байгуулахыг захисан юм байх. Тэгээд ч Баян-Адарга бол Чингис хааны умбаж өссөн Онон мөрний хөвөөнөө байдаг эртний түүх, дурсгалыг шингээсэн өвөрмөц газар юм. Шашин, төрийн үеийн их хатны сүнс эрхэм гишүүний зүүдэнд захиас захисан болохоор ийнхүү “Их хатдын хүндэтгэлийн өргөө” барьж хамгийн түрүүнд УИХ-д суудалтай эмэгтэйчүүдээ урьсан сурагтай. Харин эмэгтэй гишүүд түүний урилгыг хэрхэн хүлээж авсан нь хачирхалтай. Тэрбээр үе, үе хачин авир гаргаж зарим гишүүдийн дургүй, зэвүүцлийг төрүүлдэг уламжлалтай. Зөвхөн УИХ-ын гишүүний ч биш иргэдийн дургүйг ч хүргэдэг. Тухайлбал өнгөрсөн УИХ-ын намрын чуулганы эцсийн хуралдаанд багтааж хэлэлцэх олон асуудал байсан ч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг учир зүггүй эсэргүүцэж МАН-ынхан руу дайрсан юм. Уг нь тэрхүү хуулийн төслийг АН-ын гишүүн С.Эрдэнэ болон МАН-ын гишүүн Д.Оюунхорол нар өргөн барьсан аж. Гэвч Д.Арвин “Танайхан боловсролын хуулиар далимдуулж хувийн бизнесээ төрөөр дэмжүүлэх гэлээ” хэмээн тэс хөндлөн ярьжээ. Тэрхүү хууль нь багш нарыг төрийн болон хувийн өмчийн аль ч сургуульд ажилладаг байхаас үл хамааран адил хэмжээний тэтгэвэр тэтгэмж олгодог байх агуулгатай байлаа. Харамсалтай нь Д.Арвин гишүүн хуулийнхаа мөн чанар, агуулгыг сайн ойлгоогүй зөвхөн хэрүүл хийх дур нь хүрсэн учраас энэ асуудалд огт хамаагүй Х.Тэмүүжин гишүүнийг чичилж “Чи муу луйварчин ирэх сонгуулиар гарч ирэхгүй шүү” гэх зэргээр хэсэг хугацаанд агсраад авсан гэнэ. Түүний энэхүү сонин үйлдлийг УИХ-ын дарга ч таслан зогсоож чадаагүйгээр үл барам чухам юу гэж хэлэхээ мэдэхгүй хий дэмий л шогширч байлаа. Харин бусад гишүүн “Одоо чуулган нэлээд удаан завсарлах болохоор Д. Арвинд хэрүүл хийж, хэн нэгэн рүү дайрах боломж гарахгүй. Тиймээс л амрах хугацаагаа нөхөж байгаа нь энэ” гэлцэн шоолж байжээ. Ийнхүү улстөрчдийн дунд өрөвдөлтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг дүр зурагтай энэ хүний тухай БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Д.Арвинтай би барьцаад яах вэ дээ. Тэр хүүхэн амьдрахын тулд ямар нэгэн юм хийж, цалин авах хэрэгтэй. Би ойлгож байна. Тэр эмэгтэйд ямар ч үзэл суртал байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн болж, өндөр цалин авч, дипломат паспорт өвөртөлж явах нь ашигтай байгаа бол аль ч намд орно шүү дээ.” гэж хэлсэн нь бас л нэгийг бодууштай. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний чуулга уулзалт болсон. Энэ хүрээнд Ерөнхийлөгч УИХ дахь намуудын төлөөлөл болсон гишүүдтэй уулзсан. Төрийн ордны “А” танхимд болсон энэхүү уулзалтад чуулганы танхимд тоотой ирж, бараагаа харуулдаг гишүүд хүртэл ирчихсэн байсан. Тиймээс заримд нь суух суудал ч олдоогүй гэлцэх. Энэхүү уулзалтын үеэр Д.Арвин гишүүн “Улс төрийн намын тухай хуулийг шинэчилмээр байна. Төрийн албанд ажиллах хугацаандаа үнэхээр идэж, уусан хүмүүсийг хасдаг болмоор байна. Хүнийг идэж, уугаагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдвээр хэлж, доромжилдог байдал ч газар авлаа. Улс төрийн сонголт хийснийхээ төлөө өнөөдөр би Төрийн ордны коридор, цайны газарт ч суух аргагүйгээр бусдад дарамтлуулж, доромжлуулж байна. Энэ бүхнийг цэгцлэхийн тулд хуулиа сайжруулмаар байна” хэмээн Ерөнхийлөгчид алтан хошуу өргөөд амжжээ. Хэнтийчүүдээс урваж, БЗД-т нэр дэвшихдээ МАН-ын гишүүний батлахтай байсан ч УИХ- ын гишүүн болмогцоо АН-д элсэж, сонгогчдоо болон МАН-ынхныг хуурсан түүнийг тухайн үед өөдгүй, увайгүйгээр нь дуудах хүмүүс тун ч олон байсан. Тэрбээр “Хүүгийн минь эзэмшилд байдаг “Од” плазад хүн орж ирж, бичлэг хийсэн” хэмээн нэг хэсэг сенсацилаад авсан бол саяхан УИХ-ын чуулган дээр “МАН- ынхан миний эсрэг хэвлэлд төлбөртэй яриа өгдөг” гэж тэнэгтсэн. Д.Арвин 2000-2012 он хүртэл МАХН-ыг МАН болох хүртэл энэ намын нэрээр УИХ-ын гишүүн болж байснаа мартах учиргүй л баймаар юм. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихдээ “Баянзүрх дүүрэгт гурван удаа нэр дэвшинэ” хэмээсэн гэж байгаа. Мөн ч дураараа хүн байгаа биз. Түүнчлэн энд нэг зүйлийг тэмдэглэхэд, түүний энэ МАН-ынхныг үзэн ядагч мэт царайлан жүжиглэж байгааг нь АН-ын хашир улстөрчид шоолж байгаа нь дамжиггүй. 

"...Энэхүү уулзалтын үеэр Д.Арвин гишүүн “Улс төрийн намын тухай хуулийг шинэчилмээр байна. Төрийн албанд ажиллах хугацаандаа үнэхээр идэж, уусан хүмүүсийг хасдаг болмоор байна. Хүнийг идэж, уугаагүй байхад нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдвээр хэлж, доромжилдог байдал ч газар авлаа. Улс төрийн сонголт хийснийхээ төлөө өнөөдөр би Төрийн ордны коридор, цайны газарт ч суух аргагүйгээр бусдад дарамтлуулж, доромжлуулж байна. Энэ бүхнийг цэгцлэхийн тулд хуулиа сайжруулмаар байна” хэмээн Ерөнхийлөгчид алтан хошуу өргөөд амжжээ..."

Эсвэл нэг юманд дурлахаараа үнэхээр зүрх сэтгэлээ өгчихдөг хүн үү гэдгийг таахад хэцүү юм. Түүний хувьд МАН-ыг МАХН байх үед ёстой аатай жаатай явсан толгой мөнөөс мөн. Тухайлбал, 2004-2008 онд АН парламентад цөөнх байх үед энэ намыг үзэн яддаг байсан хүн бол Д.Арвин. Тэрбээр АН-ынхныг чуулганы танхимд үг хэлэх гэхэд хамгийн ихээр эгдүүцэн шүүмжилж, ширээ шааж босч ирж байгаа дүр зураг 2004-2006 оны телевизийн бичлэгийг ухрааж үзвэл бэлхэн бий. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай байсхийгээд л санал зөрөлдөж, үгийн муухайгаар хэлдэг байсан нь тодоос тод санагдана. Тэр үед АН сөрөг хүчин харин МАХН олонхи байлаа. Д.Арвин 2000- 2012 он хүртэл буюу МАХН, МАН-ын үед УИХ- ын сонгуульд энэ намаас нэр дэвшиж УИХ- ын гишүүн болж байсан. Тодруулбал, Хэнтий нутгийн унаган охин УИХ-ын 2000, 2004, 2008 оны сонгуульд төрөлх нутагтаа нэр дэвшин ялалт байгуулж байсан бол УИХ-ын 2012 оны сонгуулиар Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн нь олныг гайхшруулсан үйл явдал болсон. Учир явдлыг нарийн шүүж үзвэл төрж өссөн нутагтаа нэр дэвших нүүргүй болсон гэх яриа ч хэнтийчүүдийн дунд тархжээ. МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр дүүргэсэн бөгөөд 1981-1987 онд АА-ийн 221, 162 дугаар ангиудад ХЗЭ-ийн нарийн бичгийн дарга, 1987-1990 онд ЭНЭШТ-ийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороонд эвлэлийн ажилтан, 1991-2000 онд “Их Өргөө” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон хэмээн түүний намтар түүх дурайж байдаг. Улс төр хэмээх энэ их айлд 20-оод жил болсон түүнийг ховыг хэлүүлэлтгүй хутгаж, хорыг тун чадамгай найруулдаг гэх юм билээ. Тэр ч чадвараараа намаа сольж, сэлгэснийхээ төлөө хэд, хэдэн тендер шагналд авсан сураг дуулдаж эхлэв. Ийнхүү МАН-аас урваж АН-аас адис хүртсэн энэ улстөрч бүсгүйд магадгүй “инж”-нд нь тендер өгсөн ч байж болох юм. Ямартай ч 2016 онд шаргал ордонд суудал олдохгүй байх магадлал их өндөр байгаа. Гэхдээ зөнч чанараараа зүүдэндээ “яахаа мэдэрчих биз ээ. 
 

В.НЭРГҮЙ