“Топор”-ын Засгийн газар байгуулагдвал А.Сүхбат, Д.Дагвадорж нар сайд болно гэнэ
2017/08/29
-Муу ёрлож хэлэхэд “Топор”-ууд одоогийн Засгийн газрыг “үхээгүй” байхад нь авсыг нь бэлдчихэж. Гэхдээ Ванга шиг хэлье. Энэ Засгийн газар унахгүй-
Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг зөвшилцөх нөхцөл бүрдээгүй гэсэн шалтгаанаар нь Ерөнхий сайдын өгсөн саналыг буцаасан. Гэхдээ албан тушаалтан өөрийн сайн дураар ажлаасаа чөлөөлөгдөхийг хүсвэл нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүсэлтийг хүлээн авах нь зүйн хэрэг атал яагаад буцаав гэдэг нь анхаарал татна.
Тэгвэл Ерөнхийлөгч Шадар сайдаа алдахыг хүссэнгүйдээ биш энэ хариултын цаана асар том тохироо бий гэдэг нь илэрхий болжээ. Тодруулбал, МАН дахь АН-ын “Топор”-ууд өөрсдийн зоргоор байгуулахыг санаархаж буй Засгийн газрынхаа бүтцийг зураглаад, төлөвлөгөө баталчихсан байна. Тэр ч бүү хэл, энэ Засгийн газарт хэн хэн багтахыг ч товлоод, яам бүрт сайдыг нь зоожээ.
Өөрөөр хэлбэл, Шадар сайд У.Хүрэлсүх илүү их эрх мэдэлтэй албан тушаалд хүрэхийн тулд намынхаа эсрэг ажиллаж, АН-тай хамтарч Засгийн газар байгуулах гэрээг бэлэн болгож Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа УИХ-ын Тамгийн газрын дарга З.Энхболдтой үзэглэсэн тухай баримт ил болж эхэлсэн юм. Ямартай ч тэдний гарын үсэг зурсан албан бус бичиг баримт дээр олны анхаарлыг татаж байсан эрхмүүдийн нэрс зурайх болсон юм.
Тухайлбал, АН-аас Зам тээврийн сайдаар Гансүхийг тавих нь тодорхой болсон бол ХХААХҮ-ийн салбарыг Д.Дагвадорж, аль эсвэл Батзандан, Лу.Болд гэсэн гурван хүний нэг нь удирдахаар болсон байна. Түүнчлэн Хөдөлмөр, Нийгэм хамгааллын сайдаар С.Эрдэнэ дахин “сонгогдох” нь ээ.
Ийнхүү “Топор”-уудыг дэмжиж, Ж.Эрдэнбатын Засгийн газрыг унагаахад идэвхийлэн зүтгэсэн этгээдүүд урьд өмнө нь салбарыг бужигнуулсан, мөнгө зувчуулсан, эсэх нь хамаарахгүйгээр сайд болохоор тохироо хийгдсэн аж. Түүнчлэн олны хардлага батлагдаж, МАН-ын урвагч муужгайнуудаас У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалд, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайдад Ж.Энхбаяр, Сангийн яамны сайдаар Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайдаар Мишээл экспогийн Б.Энх-Амгалан, Хууль зүйн дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар юм уу Ш.Раднаасэд, БСШУС-ын сайдаар Д.Сарангэрэл, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Я.Содбаатар, БОАЖ-ын сайдаар А.Сүхбат, БХБ-ын сайдаар Д.Цогтбаатар нар ажиллах нь бүр баараггүй болсон тухайг У.Хүрэлсүх, З.Энхболд хоёрын үзэглэсэн бичиг баталж байна.
Мэдээж МАН-ын дээрх нэр бүхий УИХ-ын гишүүд Ж.Эрдэнбатын Засгийн газрыг унагаахаар хамгийн их идэвхтэй оролцсон хүмүүс учраас ийнхүү хоёрдугаар ээлжийнхээ хоолыг халбагдах гэж яаарч буй нь энэ.
Хамгийн эмгэнэлтэй нь АН-аас сайдын сэнтийд залрахаар нэр нь зурайсан эрхмүүдийн дотор өмнөх Засгийн газрын үед албан тушаал хашиж байхдаа гэмт хэрэгт холбогдож өдгөө шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа хүмүүсийн нэр байгаа нь харамсалтай. Түүнчлэн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг наймдугаар ангийн боловсролтой Асашёорюү Д.Дагвадоржоор удирдуулах гэж байгаа нь хамгийн том тэнэглэл бөгөөд эмгэнэл. Мэдээж энэ тэнэглэл дотор хоёр намын хооронд жороолж гүйсэн АН-аас угшилтай А.Сүхбат ч орно.
Юутай ч МАН-ын нэр бүхий “Топор”-уудын үнэн нүүр царай, тэдний гол зорилго юу байсан талаар хэвлэл мэдээлэлээр хангалттай дурдагдсан учраас энд дахин нурших нь илүүц байх. Тухайлбал, одоогийн Засгийн газрыг хэрхэн ажиллаж байгаа талаар УИХ-ын гишүүн асан, эдийн засагч Р.Амаржаргал ийн хэлсэн байдаг юм. Тэрбээр “Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед эдийн засгийн үзүүлэлтүүд сэргэсэн, өссөн. Хагас жилийн байдлаар 5.3 хувийн өсөлт гаргаж чадсан нь 2011-2012 оны эдийн засгийн өсөлтөд хүрэхгүй ч, сүүлийн 2-3 жилийнхтэй харьцуулахад муугүй үзүүлэлт юм” гэж хэлсэн. Түүний үг МАН-ын “Топор”-уудыг нүүр хийх газаргүй болгож, тэднийг эрх мэдэл албан тушаалын төлөө намынхаа эсрэг болон Засгийн газрыг унагахаар зэхэж буйг илчилсэн хэрэг.
Мөн Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж “Топор”-уудад дараах үгийг дайсан юм. Тэрбээр “Олон нам нийлсэн хамтарсан Засгийн газрын үед наана, цаана асуудал байвал байх. Гэтэл парламентад олонх болж, Засгаа дангаараа бүрдүүлчихээд одоо огцруулья гэх нь муугийн дохио. Өнөөдөр засгаар оролдох цаг биш. Харин яаж ажлаа сайжруулах вэ гэж Засгийн газартаа хатуу чиг үүрэг өгч ажиллах цаг” нь хэмээн хэлсэн юм.
Тэгэхээр Ж.Эрдэнбатын Засгийн газар муу ажилласан юм биш ээ гэдгийг Монголын ард түмэнд үнэлэгдсэн нэртэй улстөрч эрхмүүд ингэж тодорхойлсон байна. Ингээд харахад МАН-ыг хуваах нь АН-д улстөрийн тоглолт хийхэд нь ашигтай бол “Топоор”-уудад албан тушаалаа ахиулахад нь онцгой чухал нөлөөтэй гэдгийг дээрх томилгоонууд яруу тодоор харуулж байна. Ямартай ч “Топор” муужгайнууд УИХ, Засгийн газрыг дангаар шахам бүрдүүлж байгаа өөрийн намаа задлах нь эцэст нь 2012-2016 оны бэрх цагийг Монголд авчирч, гурван сая иргэнийхээ төлөө бус өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ийнхүү эвлэлдэн нэгдэж байгаа нь харамсалтай. Муу ёрлож хэлэхэд “Топор”-ууд одоогийн Засгийн газрыг “үхээгүй” байхад нь авсыг нь бэлдчихэж. Гэхдээ Ванга шиг хэлье. Энэ Засгийн газар унахгүй.
Х.Маргад
www.erennews.mn
иргэн · 2017/08/30
энэ 2 хөлдүү толгойгоор яанаа,тэгснээс гудамнаас дунд сургууль төгссөн хүүхэд дээршүү,очиж очиж А.сүхбат дагвадорж 2 бол мулгуу хөлдүү толгойнууд шүү