Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудлыг энэ долоо хоногт ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон. МАН-ынхан дотроо  талцаж муудалцаад  Ж.Эрдэнэбатын Засгийн газраас ШҮД СУГАЛАХ буюу зарим нэг хариуцлага алдсан нөхдүүдийг солихоор болж байх шиг байна.

Хэрвээ шүд сугалахаар болвол хамгийн түрүүнд сайдын суудлаасаа буух хүн нь Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, А.Цогцэцэг, Д.Оюунхорол, Ж.Мөнбат, С.Бямбацогт нар тодроод байгаа юм.

Тэдэн дээр нэмэгдээд У.Хүрэлсүх ажлаа өгч байгаа болохоор түүнийг ажлаас нь чөлөөлөх биз.  

Тодруулбал дээр нэр дурдсан сайдууд  бүгд хариуцлага алдсан. Хариуцаж байгаа салбарт нь хүн нас барсан, концесс нэрээр  өөрсдөө мөнгө идсэн   байж  болзошгүй байна.

Б.Бат-Эрдэнэ он гарсаар олон нийтийн мэдэж байгаагаар батлан хамгаалах салбарын таван цэрэг золгүй байдлаар амиа алдлаа. Гэвч энэ салбарыг бүхэлд нь хариуцан ажиллах ёстой  Б.Бат-Эрдэнэ хариуцлагыг  ЗХЖШ-т үүрүүлээд өөрөө зүгээр өнгөрөх санаа агуулж байгаа. Үүнийгээ ч  хэлж байсан. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нь дэслэгч генерал Д.Даваа нар хариуцлага хүлээнэ гээд байгаа. Ухамсартай хүн бол  хариуцлагыг  өөрөө үүрч, дарга нартайгаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгөх учиртай.  

Эхийн эндэгдэл 2017 оны эхний 7 сард 10, нялхсын эндэгдэл 14 байна. Өөрөөр хэлбэл энэ тооны гэр бүл  хагацал зовлон үзэж, амьд явах эрхээ хасууллаа гэсэн үг.  Үүнээс гадна  та бид ЭМД-д мөнгө төлсөн ч шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байгаа.  Эмнэлэгт хэвтсэн ч эдгэж чадалгүй хөөгдөөд гарч байгаа тогтолцоо хэвээрээ л байна. Уг нь хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд байхад л сайд маань сургалт семинар хэссэн шигээ  эмний хэрүүл хийгээд сууж байх жишээтэй.  Хэсэг бүлэг сайд нар концесс нэрээр  Хууль зүйн сайд С.Бямбацогт 77 тэрбум, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын  дарга  Ж.Мөнхбат  87 тэрбум төгрөг  хувьдаа завшихаар  гэрээ хэлцэл хийгээд байгаа.  Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтынх гэгддэг “Алтай трест” ХХК “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концесс. Барих, шилжүүлэх гэрээтэй концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлагджээ. Мөн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын оролцоотойгоор Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогц цэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамын төсөл”  бүтээд байгаа. Төслийн нийт өртөг нь 87 тэрбум 771 сая төгрөг ажээ. Энэ нь бүлгийн болон байнгын хорооны хуралдаан дээр яригдаад эхлэнгүүт  “...Энэ концессын гэрээн дээр үхчих гээд байгаа бол буцаагаад өгчихье, за юу”  гэж Ж.Мөнхбат уурлаж байсан түүх нэн саяхных.  

Ямартай ч дээр дурдсан шалтгаанаар нэр бүхий  сайд огцрох бололтой.  Тэдний дийлэнх нь давхар дээлтэй болохоор ажлаа өгсөн ч гэсэн  хотойгоод байхаар зүйлгүй.  Тэр тусмаа Ж.Мөнхбат давхар дээлийг эсэргүүцэн жагсаж байсан хүн.  Сандал ширээтэйгээ зууралдаад байлгүй ухамсраараа ажлаа өгчих биз.

УИХ-ын гишүүд  асуудлыг хэрхэн  шийдвэрлэхийг  энэ долоо хоногийн  ээлжит бус чуулганаар харах л үлдлээ.