Манай лидерүүдэд, улс төрчдөд ийм үг хэллэг байдаг. "Би дагаж байгаа хүнээ хаядаггүй" гэсэн хэллэг. Тангараг юмуу? хаашаа юм? Сүүлийн 27 жилийн улс төрийн хамгийн үзэшгүй, хамгийн давтагдашгүй муухай ноцтой алдаа бол энэ. Тэгээд эх оронч биш, элэг татуу, шударга шулуун биш, зусарч долигнуур, ичих нүүргүй, чадал хүчгүй, оюуны хувьд өрөөл татанхай, зальжин шунахай, идээч уугаач, хоёр нүүртэн, ажил даах нуруугүй, залхуу хойрог, хар амиа хичээгч, хар муу санаатан, үнэнч биш, харьжсан сэтгэлгээт, өчүүхэн биеэ тоогч, эрч хүчгүй юмсыг нэвсийтэл, аян жингийн, нүүдлийн нохой мэт дагуулсаар хайран сайхан МОНГОЛ төр улсаар тоглочихлоо. Ер нь л 150-2ОО хүний хоорондын тэдний гэр бүл хамсаатанд л тоглуулчихлаа. "Сармагчны улаан хошногийг харах" гэдэг шиг нөгөө л хэдэн хүний улаан нүүрийг харсаар, хий горьдсоор өнгөрөөлөө. Дуу алдмаар хайран хугацаа яа. Аль хэдийнэ Сингапур шиг болчихсон байсан шүү дээ, энэ МОНГОЛ МИНЬ.Улаан гуйлгачин, өрний хүүдий, улаарсан данс...найгүй архичид, бие үнэлэгчид, хар тамхичид, итгэл гэрэлгүй ирээдүй болчихлоо. Хөөр бахдал төрмөөр дэндүү гялалзсан сайн сайхныг өдрийн од шиг үзэж хараа. "Хүнийг хаядаггүй нь хувь хүний хувьд гайхалтай сайхан чанар, харин улс төрд бол адгийн амиа болсон үхширсэн, үзэшгүй муухай чанар юм байна гэдгийг бишгүй дээ олж харлаа, ханалаа. Чадалтай нь чадалтайн сэнтийнд суу л даа, суулга л даа. Ухаантай нь ухаантны ширээнд суу л даа. суулга л даа. МОНГОЛ АРДЫН НАМ СҮҮЛЧИЙН ХҮЧЭЭ ШАВХАЖ "ОРШИХ УУ? ЭС ОРШИХ УУ" гэдэг дээр өнөөдөр тулж иржээ. Маргааш гэсэн ойлголт байхгүй шүү. Чиний дайсан байсан ч хамаа алга энэ МОНГОЛД АВРАГЧ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЭНЭ МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ҮРЭГДЭЖ ДУУСАХ ХҮНЭЭ ШАВХАЖ ГАРГАЖ ИРЬЕ Л ДЭЭ. 

ТЭГВЭЛ ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ ХЭНИЙГ ХАЯХ ВЭ?

1. Намдаа зүтгэсэн юм даа, хөөрхий гэснийг

2. Миний сонгуульд зүтгэсэн юм даа, зайлуул гэснийг

3. Миний удаан жилийн зузаан "түрийвч" юм даа гэснийг 

4. Олон жил хамт ажилласан даа,мөрөөрөө үнэнч гэснийг

5. Үүнийг нь дэмжихгүй бол алуулна даа гэснийг

6. Надад мартагдашгүй тус болсон юм даа гэснийг

7. Ах дүү, амраг төрөл садан хань, шавь дотно хүн юм даа гэснийг

8. Нэг нутаг ус, нэг сургуулийнх, нэг ангийнх, нэг санаатан, багын найз юм даа гэснийг

9. Чадал муутай ч надад үнэнч явсан юм даа гэснийг

1О. Хөөрхий намайг олон жил дагасан юм даа гэснийг 

11. Гэмгүй номхон, нуруутай юм даа гэсэн үхээнцийг

12. Хүний өмнөөс ичих муухай... Ичих улаан нүүргүй, увайгүй хачин амьтсыг...

ОДОО Л ТА НАРЫН МӨРИЙГ НЬ ХАРЖ, МӨЧИЙГ НЬ ТООЛЖ ШИНЖЬЕ ДЭЭ. ХЭРВЭЭ ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОМИЛГОО ЭХНЭЭСЭЭ Л ҮЗЭН ЯДАЛТЫН ШҮГЛИЙГ ҮЛЭЭЛГЭВЭЛ ЭНЭ ПАРЛАМЕНТ БАЯРТАЙ, ЭНЭ МАН БАЯРТАЙ ГЭХ БОЛНО ШҮҮ. Жараад оны байхаа даа, Их Британийн тэр үеийн эрх баригч нам нь, Ерөнхий сайд нь бүх мөнгөө нийгмийн халамжинд цацаад аугаа Англи сөнөхийн даваан дээр "Төмөр хатагтай" Тетчерийг гаргаж ирснээр аварга их гүрэн аврагдсан түүхтэй. ЕР НЬ МАНАЙД ТИЙМ ТӨМӨР ХАТАГТАЙ БАЙНА УУ? ОЛЖ ХАРАХСАН. ЭРЧҮҮДЭД БИШГҮЙ НАЙДЛАА, ОДОО НЭГ ЧАНГА ГАРТАЙ, ЧАНГА БҮСТЭЙ, ЧАНГА НҮҮРТЭЙ, ЧАНГА АЛХААТАЙ, НЭРТЭЙ ЗҮСТЭЙ МАНДУХАЙ ХАТАН МОНГОЛЧУУДЫН ДУНД БАЙМААРСАН. Аргаа бараад үүнийг хэлж байна шүү,та минь ээ. Тэвчээрт хязгаар бий. ЯАХ ВЭ? ЮУ ХИЙХ ВЭ? эх орон минь. Самарч дууссан төрөө яах вэ? Би чи юу хийж чадах вэ?
 
До.Цэнджав