Ерөнхий сайд Н.Алтанхуяг маань хүсэл биелүүлдэг өвөө болжээ.

Учир нь өчигдөр Монголдой, "Цох" сонины Цох нар өөрсдийн уншигч хүүхдүүдээсээ дагуулан ирж Ерөнхий сайдтай уулзуулсан байна. Өвлийн өвгөнөөс ямар бэлэг авмаар байгаагаа "Цох" сонины "Хүслийн бэлэг" буланд 200 гаруй хүүхэд хаяглан бичсэн аж. Авъяас, амжилтаараа манлайлсан, найз нөхөддөө үлгэр дуурайл болдог 10 хүүхдийг сонгож, шинэ жилийн өмнө хүслийг нь биелүүлдэг уламжлалыг энэ удаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг бий болгож байгаа бололтой.

Хүүхдүүд Ерөнхий сайдааас гараа хугалаад хичээлээ таслах болсон найздаа тэвэр дүүрэн цэцэг өгч урамшуулах гэсэн О.Бөртэ-Үжин, ангийн найзынхаа жаахан дүүгийн хагалгаанд туслах хүсэлтэй П.Тэмүүжин, хэлгүй аав ээж хоёртоо өвлийн өвгөн аавын бэлэг өгөхийг мөрөөдсөн Д.Хулан, зав муутай багш ээжид нь шөнө болсныг сануулах гялтганадаг цаг авч өгөхийг хүссэн А.Баясгалан нар ийн хүслээ бичиж "Цох" сонины редакцад илгээжээ.

Түүнчлэн ихэр хөөрхөн дүү нартаа эгдүүтэй хувцас бэлэглэхийг хүссэн О.Нандинзаяа, ээжийнхээ төрсөн өдрөөр гацуураар гэрээ чимэхийг хүссэн Ц.Гоомарал, Хүүхдийн ордны шатрын дугуйланд явах зорилготой Б.Ганболд, төгөлдөр хуурын дугуйланд хичээллэх сонирхолтой Б.Дөлгөөнмөрөн, хүүхдийн шилмэл зохиолтой болох хүсэлтэй Т.Хүслэн, хоёр дүүдээ удирдлагатай машин бэлэглэх гэсэн Э.Эгшиглэн нар ч Ерөнхий сайдаас хүслийн бэлгээ гардан авсан юм.

Ийнхүү утаатай гурван жилийн дотор тэмцэхээ мэдэгдсэн Н.Алтанхуяг "ХҮСЭЛ" биелүүлдэг шинэ жилийн өвөө болж хөөрхөн, сайхан сэтгэлтэй хүүхдүүдийн маань төлөөлөл болсон 10 хүүхдийн хүслийн биелүүлж өгсөнд баярлалаа гэж уншигчдынхаа өмнөөс хэлье.

Гэхдээ л тэдний туйлын хүсэл нь эрүүл саруул явах. Үүний тулд цэвэр агаар илүү хэрэгтэй. Хэлсэндээ хүрч "Утаа"-гаа бүү мартаарай гэж захия даа.

Х.Даваа