Оймсоор "ЗЭВСЭГЛЭСЭН" хүн од болох уу
2017/09/25
Монголын улс төрд нэг хэсэг салаавч гаргадаг үзэгдэл моод болсон гэхэд хилсдэхгүй. УИХ-ын гишүүн битгий хэл, төрийн гурван өндөрлөгийн албыг хашиж явсан улстөрч ийм үйлдэл гаргасныг монголчууд харсан. Мөн УИХ-ын экс гишүүн болон гавьяат эмч зэрэг хүмүүс Төрийн ордны гадаа салаавчтай “тэмцэл” хийсэн түүх байдаг.
Хамгийн сүүлд энэ онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар намуудын төлөөлөл хэлэлцүүлэг хийх үеэр эмэгтэй улстөрч дунд хуруу гаргасан улстөрчдийн салаавч гаргадаг үйлдлийн арай л соёлжсон хэлбэр юм уу даа.
2008 онд хэвлэлийн хурлын үеэр тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш руу сэтгүүлч гутлаа шидсэнийг дэлхий нийтийн ихэнх телевиз, агентлаг мэдээлсэн. Тэгвэл үүнтэй төстэй гэж хэлж болох үйлдэл 2009 онд Монголд ч бас болсон. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж урьдчилсан дүнгээр сонгуульд ялалт байгуулсан. Ийн дэмжигчид нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныг тэмдэглэх гэж Сүхбаатарын талбайд цугласан.
Гэтэл шинэ Ерөнхийлөгчийг тусгайлан зассан индэрт үг хэлэх үед, согтуу иргэн түүн рүү гутлаа шидсэн үйлдэл хийж байсан. Түүнээс хойш улс төрчид рүү гутал шидэх зоригтон гараагүй бөгөөд харин оймсоо тайлж шидсэн үйлдэл гарсан. Өнгөрсөн онд гадаадын хөрөнгө оруулагчид оролцсон Эдийн засгийн засгийн форум Төрийн ордонд болж, тухайн үеийн УИХ-ын болон АН-ын дарга З.Энхболдыг хаалтын үг хэлж байх үеэр тус намын ҮЗХ-ны гишүүн, эдийн засагч Л.Наранбаатар оймсоо тайлаад түүн рүү чулуудаж байсан билээ.
Харин өнгөрсөн баасан гарагт болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны үеэр ахин “оймс нислээ”. Энэ хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг ёсоор болгосон юм. Харин хэд хэдэн хуйлсан оймсоор “зэвсэглэсэн” МАХН-ын Бага чуулганы гишүүн Б.Жагар "Муусайн хулгайч нар зайлцгаа" гэж орилсоор орж ирээд НИТХ-ын экс дарга руу 4-5-аар нь хуйлж, бөөрөнхийлсэн оймс шидэж орхив.
Энэ үйлдлээрээ олны анхааралд өртсөн Б.Жагар Хан-Уул дүүргийн МАХН-ын дэд дарга, "Хатан туулаа хамгаалъя" хөдөлгөөний тэргүүний алба хашдаг аж. Ийн Монголын улс төрийн гурав дахь хүчин МАХН-ын нэр гурав дахь удаагаа оймстой холбогдов. Эхний хоёрыг нь дурдвал Ерөнхийлөгч асан, тус намын дарга Н.Энхбаярын баривчилгаанаас хойш “оймсыг нь гозолзуулах” гэх нэршил бий болсон. Мөн өмнөх парламентад тус намаас суусан зарим гишүүнийг оймсонд хавчуулагдсан гэж цөөнгүй хүн тодорхойлдог. Энэ удаа намынх нь гишүүн оймс шидсэнээр МАХН, оймс гэсэн хоёр үг гурав дахь удаагаа нэр холбогдож байна.
Гэхдээ Б.Жагарын энэ удаагийн үйлдэл өмнөхүүдээс арай л өөр байгаа юм. Өмнөх энэ мэт үйлдлүүдийг гаргасан нөхөд өмсөж явсан оймс, гутлаа улстөрчид рүү шидэж, чулуудсан байдаг бол Б.Жагар хэд хэдэн оймс халаасалж, өөрөөр хэлбэл бэлдэж очсон байгаа юм. Юуны учир ингэж дүгнэв гэвэл хэн ч гэрээсээ оймсоо өмсөөд гарахдаа илүү хэд хэдийг биедээ авч явахгүй байх. Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болж байхад Б.Жагар бусдаас оймсыг нь гуйгаад яваагүй л болов уу.
Мөн Б.Жагарт өөр арга үнэхээр олдоогүй бол Ц.Сандуйг НИТХ-ын даргаар ажиллах жил гаруйн хугацаанд ийм үйлдэл гаргаж болох л байсан. Харин яагаад албан тушаалаасаа чөлөөлөгдөх хурлын үеэр нь ингэв. Мөн яагаад оймсыг сонгов гэдэг нь сонирхолтой. Оймсыг тогтмол арчилж, цэвэрлэхгүй удаан хугацаагаар ашиглавал “бактерилогийн зэвсэг” болно. Харин Б.Жагар халаасалж ирснийг нь бодоход шинэ оймснууд байсан байх.
Гэхдээ л тэр улс төрийн олон тэмцлийн аргаас оймсоор “зэвсэглэх”-ийг сонгожээ. Уг нь салаавч, дунд хуруу гаргаад, оймс, гутал шидээд улс орон хөгждөг, хот сайхан болдог бол сайхан л байна. Гэвч уучлаарай, тэгж шидэж, шидүүлж хөгжих байтугай одоо энэ төрлийн эсэргүүцэл нь энгийн хэн нэгний олны танил болох гэсэн гавихгүй арга л болж хувирч байх шиг. Оймс оо гэж..
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Ч.ТӨМӨРСҮХ