Д.Амарбаясгалан:Бага хуралд өөр хүнийг заалнаас нэр дэвшүүлэх эрх нь нээлттэй
2017/09/25
Өнөөдөр МАН-ын Удирдах Зөвлөл үргэлжлэн хуралдаж, Монгол Улсаын Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодруулсны дараа Намын Бага хурал эхэлсэн. Бага хурлын хэлэлцэх асуудлын хүрээнд намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Тус Бага хурлаар үндсэн дөрвөн асуудал хэлэлцэж байгаа аж. Үүнд:
- МАН-ын даргын улс төрийн илтгэл
- 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас оролцсон байдалд дүн шинжилгээ хийсэн Намын Хяналтын Ерөнхий хорооны дүн мэдээлэл
- Ирэх арваннэгдүгээр сарын 20, 21-нд хуралдах МАН-ын ээлжит Их Хурлын хэлэлцэх асуудал, төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хэлэлцүүлж батлах
- Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох асуудал орж байна.
Эдүгээ намын ЕНБ-ийн даргаар ахлуулсан ажлын хэсэг судалгааны байгууллагуудыг оролцуулан Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шалтгааныг судалж байгаа аж. Засгийн газрын үйл ажиллагаа, намын төв аппаратын ажил, олон нийтийн санаа бодол гэхчлэн олон талын шалтгаан нөхцөлүүдийг судалж байгааг тэрбээр хэллээ.
Намын Ерөнхий нарийн бичийн дарга энэ мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Дараагийн Ерөнхий сайдад заалнаас өөр хүний нэрийг дэвшүүлэх боломжтой юу?
-Намын дүрмээрээ Бага хуралд өөр хүнийг заалнаас нэр дэвшүүлэх эрх нь нээлттэй байгаа.
-Намын Удирдах зөвлөлд хариуцлага тооцох уу?
-Намын Их хурлаар намын Удирдах зөвлөл болон Бага хурлын гишүүд 100 хувь өөрчлөгдөнө.
-Дараагийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар яригдаж байгаа юу?
-Ерөнхий сайдаа тодруулж сонгосны дараа шинэ Засгийн газрын бүтэц, зарчим, бүрэлдэхүүний асуудлыг Удирдах зөвлөл дээрээ ярилцана.
-Дараагийн Ерөнхий сайдын гол шалгуур юу байх бол...
-Хамгийн гол нь улс орны нийгэм, эдийн засгийн зорилтуудыг шуурхай ханган биелүүлэх, түүнчлэн намынхаа эв нэгдлийг хангаад явах хүн байгаасай гэж бодож байна.
m.enhbold · 2017/09/25
Minii zutguulj baigaa huniig manaihan demjeerei