Цахим мѳнгѳ

Мѳнгѳ бол хүн тѳрѳлхтний хувьд хамгийн чухал зохион бүтээлүүдийнх нь нэг юм. Учир нь арилжаа наймаа хийгдэх, орчин үеийн эдийн засаг оршин тогтнох үндэс суурь нь өөрөө мөнгө болдог. Мѳнгѳ нь төлбөр тооцооны хэрэгслээс гадна, зах зээл дээрх бараа үйлчилгээний үнэ цэнийг хэмжих нэгж, эсвэл хадгалж болох нэг төрлийн хөрөнгийн үүргийг гүйцэтгэдэг. Тэгвэл цаашид мөнгөний эдгээр үүргийг цахим мөнгө гүйцэтгэдэг болох уу гэдэг нэг том асуулт болж байна.

Түүхэнд алт, мѳнгѳ, ховор чулуу гэх мэтийн үнэ цэнэтэй зүйлс, эсвэл ан амьтан, ургац тариа гэх мэт ахуйн хэрэгцээ ѳндѳр, хѳрвѳх чадвартай зүйлс мѳнгѳний үүргийг гүйцэтгэх тохиолдол цѳѳнгүй байв. Тухайлбал торго, халуун ногоо хүртэл төлбөрийн хэрэгсэл болж байсан тохиолдлууд дэлхийн зарим улс орны түүхэнд бий. Цаг хугацааны явцад хэвлэлийн технологи сайжирснаар цаасан мѳнгѳ үүссэн ч, анх алтаар баталгааждаг байлаа. Мѳнгѳний үнэ цэнэ нь итгэл дээр тогтдог гэдгийг хүн тѳрѳлхтѳн ойлгосноор сүүлдээ ингэх ч шаардлагагүй болсон юм.Орчин үеийн эдийн засагт мөнгөний үнэ цэнэ төв банкны үйл ажиллагаанд итгэх итгэл дээр тогтож байна.

Өнөөдөр эдийн засагт эргэлдэж буй ихэнх мөнгө биетээр бус, аль хэдийн цахим тоо болчихсон гэхэд болно. Тухайлбал, Их Британид иргэд компаниудын эзэмшиж буй мѳнгѳний ердѳѳ 4% л зоос эсвэл цаасан дэвсгэрт байна. Харин үлдсэн 96% нь банкны дансанд буюу цахим хэлбэрээр оршдог. Монголын хувьд, манай улсын мѳнгѳний нийлүүлэлт буюу ойролцоогоор 13 их наяд төгрөгийн ердөө 7% орчим л нэгтээс хорин мянгатын дэвсгэрт хэлбэрээр оршиж байна. Харин үлдсэн нь санхүүгийн байгууллагуудын компьютерийн санах ойд хадгалагдаж буй тоо гэж ойлгож болно. Мѳнгѳ ийнхүү цахим хэлбэрт шилжсэн нь хаях гээгдүүлэх, тээвэрлэх эсвэл шилжүүлэх г.м. олон асуудлыг хялбарчлахын зэрэгцээ, бидний цагийг хэмнэж зардлыг бууруулж буй.

Сүүлийн үеийн чиг хандлага – Криптовалют

Технологийн дэвшил, шинэ үеийн хэрэглэгчдийн сонирхол, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөхтэй зэрэгцээд мөнгө ч өөрчлөгдөж байна. Мөнгө цахим хэлбээрээр орших нь ердийн үзэгдэл болоод удаж буй ч, сүүлийн үеийн криптовалютууд бас нэгэн шинэчлэлийн давалгааг бий болголоо.

Одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр нийт 1000 орчим криптовалют арилжаалагдаж, нийт үнэлгээ нь $100 тэрбум хол даваад буй. Үүнээс Биткойн дангаараа тал орчмыг нь эзэлж байгаа бөгөөд, зөвхөн 2017 онд л гэхэд үнэ нь 4 дахин өссөнөөр 8-р сард $4000 давж, нэг унци алтнаас даруй 3 дахин өндөр үнэтэй болсноор хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байна. Цаашид Биткойн мэтийн криптовалют эдийн засагт маш том хувьсгалыг авчирна гэдгийг онцолж буй шинжээчид ч цөөнгүй.

Уул нь банк санхүүгийн байгууллага г.м. зуучлагч шаардлагагүй, гүйлгээний шимтгэл маш хямд, төлбөр тооцоо хийж буй хүний хувийн мэдээлэл нууцлагддаг, хэн нэгэн зохицуулагчийн зүгээс хяналтгүй зэрэг онцлогууд нь эдгээр төрлийн цахим мөнгийг маш шинэлэг зүйл болгосон. Анх зардлаа хэмнэхийг хүссэн жижиг бизнесүүд, өвөрмөц санааг турших сонирхолтой хүмүүс, хууль бус эсвэл дүрмээс гадуур зүйлсийн наймаанд л криптовалютыг ашиглах нь түгээмэл байлаа. 2017 оны эхэнд Кэмбрижийн их сургуулиас хийсэн нэгэн судалгаанд криптовалют хадгалах цахим түрийвч (данс) эзэмшигчдийн тоог 5.8 сая гэж багцаалжээ.

Ялангуяа дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас хойш хөрөнгө оруулах боломжтой активуудын өгөөж буурахын зэрэгцээ Брексит, АНУ-ын сонгууль зэрэг сүүлийн үеийн томоохон улстөрийн үйл явдалтай холбоотой тодорхой бус байдлууд, эрсдэлүүд нэмэгдсэн нь криптовалютын үүрэг ролийг эрс өөрчилж байна. Банкууд, хөрөнгө оруулалтын сангууд, даатгалын компаниуд зэрэг томоохон хөрөнгө оруулагч нар Биткойнд хөрөнгө оруулж эхэлсэн нь цахим мөнгөний талаарх ирээдүйн төсөөлөл, үнэд ихээхэн нөлөөллөө. Мэргэжлийн хөрөнгө оруулагч нарын энэхүү оролцоо нь криптовалют төлбөр тооцооны хэрэгслээс хөрөнгө оруулалтын чухал сонголт болж эхэлж буйг илтгэнэ. Харин цаашид цахим мөнгө найдвартай хэрэгсэл байж чадах уу, үнийн савлагаа үүсэхэд эдийн засагт яаж нөлөөлөх вэ зэрэг чухал асуултууд үлдэж байна.Энэ талаар эерэг болон сөрөг олон байр суурь бий ч аль нь үнэн болохыг зөвхөн цаг хугацаа л харуулна.

Төв банк ба криптовалют

Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн цахим мөнгө буюу криптовалютуудын үнийн дүн ч, хэрэглэгчдийн тоо ч хараахан эдийн засагт том нөлөө учруулах хэмжээнд хүрээгүй гэхэд болно. Жишээ нь, зөвхөн бэлнээр гүйлгээнд байгаа ам.долларын хэмжээ л гэхэд $1.5 триллион байгаа нь одоогийн 1000 криптовалютын үнэлгээг нийлүүлснээс  даруй 10 дахин их үнэлгээтэй. Иймд, нэг хэсэгтээ л уламжлалт мөнгөн дэвсгэрт эдийн засагт ноёрхсон хэвээр байх болов уу.

Гэхдээ цаашид энэ байдал яг хэвээрээ байна гэсэн үг биш учраас төв банкууд цахим мөнгийг маш анхааралтай ажиглаж буй. Роланд Бергер зөвлөх компанийн мэдээлснээр бол 2016 оны эцэст 90 орчим төв банк криптовалютын талаар судалгаа явуулж, зарим төв банк ирээдүйд ийм төрлийн цахим мөнгө гаргах талаар ч хэлэлцэж буй.

Криптовалют эдийн засагт үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг олгох ч, төв банкуудын үүрэг ролийг ихээхэн өөрчлөх боломжтой. Юуны өмнө энэхүү цахим мөнгөний нэг том давуу тал бол хямд зардал. Бэлэн мөнгийг үйлдвэрлэхээс эхлээд тээвэрлэх, хадгалах, бохирдож муудсан үед нь устгахад зориулагддаг ихээхэн хэмжээний зардлууд нь цахим мөнгө хэрэглэснээр хэмнэгдэх боломжтой. Хөгжсөн орнуудын хувьд бэлэн мөнгөтэй холбоотой зардал ДНБ-ийн 1-2% орчим байдаг бол хөгжиж буй орнуудын хувьд энэхүү үзүүлэлт 5-7% хүрдэг. Bank of America мэтийн томоохон сүлжээ банкуудын хувьд бэлэн мөнгийг удирдахтай холбоотой зардал нь жилдээ $1 тэрбумд хүрдэг гэсэн тооцоо ч бий. Тэгэхээр, хэрэв иргэд түрийвч хэрэглэхээ болиод гар утсан дээрх аппликейшн дээр цахим мөнгөө хадгалдаг болчихвол маш их зардал хэмнэгдэх боломжтой.

Харин нөгөө талаас, технологийн компаниуд санхүүгийн үйлчилгээ явуулах, цахим мөнгийг үйлдвэрлээд эхлэхээр төв банкны санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хяналт, шалгалтын үйл ажиллагаанаас эхлээд эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг удирдах үйл ажиллагаа хүртэл орвонгоороо эргэнэ. Төв банкууд санхүүгийн байгууллагуудыг хянах сайн тогтолцоо боловсруулсан ч, Силикон хөндийд борооны дараах мөөг шиг үүссэн криптовалютын компаниудыг хэрхэх вэ гэдэг одоогоор тодорхой бус байна. Үргэлж савлаж байдаг зах зээл дээр тогтворгүй байдал үүсэхэд банкуудыг яах вэ гэдэг багагүй туршлага хүн төрөлхтөнд бий ч криптовалют гүйлгээнд оруулж буй IT компаниуд бол шинэ үзэгдэл юм.

Түүхийг сөхвөл мѳнгѳн дэвсгэртийг гүйлгээнд гаргах эрх анх хувийн банкуудад байсан ч, яваандаа тѳр засагт шилжсэн байдаг. Орчин үед ихэнх улс орнуудад зоос болон цаасан мөнгийг зѳвхѳн тѳв банк л гүйлгээнд гаргадаг болсон. Тэгвэл Биткойн мэтийн криптовалютыг тѳв банк эсвэл хэн нэгэн институци дангаараа хариуцаж гүйлгээнд гаргадаггүй нь хамгийн гол онцлог гэхэд болно. Математикийн томъёоны дагуу тусгай кодыг тайлсан хэн ч шинээр цахим мѳнгийг гүйлгээнд оруулах боломжтой. Энэ нь төв банкнаас өөр этгээд мөнгө үйлдвэрлэвэл гэмт хэрэгт тооцогддог уламжлалт сэтгэхүйг эвдсэн зүйл юм. Ойрын жишээ гэхэд, Өвөрмонголд Bitmain компани цахим уурхай ажиллуулж, ердөө 50 ажилтан 1 өдөрт $250 мянгын Биткойн олборлон, зах зээлд нийлүүлж байна.

Түүнчлэн, ихэнх цахим мөнгөний үнэ маш тогтворгүй, ѳндѳр савлагаатай байгаа нь найдвартай тѳлбѳрийн хэрэгсэл, үнэ цэнийг хадгалах хѳрѳнгѳ оруулалтын хэрэгсэл, үнэ цэнийг хэмжих нэгж болж чадах эсэхэд нь эргэлзээ тѳрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, цахим мөнгө эдийн засагт мөнгөний үүргийг гүйцэтгэж чадах уу гэдэг асуулт нээлттэй үлдэж буй. АНУ-д гэхэд ам.доллараас өмнө 8000 төрлийн мөнгөн дэвсгэрт гүйлгээнд байсан ч, бүгд мөнгөний эдгээр үүргийг гүйцэтгэж чадалгүй эцэстээ устаж алга болсон. Тэгэхээр өнөөдөр зах зээл дээр байгаа 1000 орчим криптовалютын ирээдүй ямар байх вэ, аль нь амжилт олж аль нь устаж үгүй болох вэ гэдэг хэн бүхний сонирхлыг татаж байна.

Б.Түмэнцэнгэл (ОНБМТ-ийн ахлах эдийн засагч)

Энэхүү нийтлэлд дурьдах аливаа дүгнэлт, дэвшүүлсэн санал нь зөвхөн нийтлэлчийн байр суурийг илэрхийлэх бөгөөд Монголбанкны  байр суурийг илэрхийлэх албагүй.

 

24 минутын өмнө