Б.Чойжилсүрэн: Цалин нэмэхгүй гэж ОУВС-тай тохирсон
2017/10/06
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар 2018 оны улсын төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж, холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Үдээс хойших хуралдаанаар төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга танилцуулга хийж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсвийн төслийг хэлэлцүүлсэн юм.
Төсвийн тодотголд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд:
Төсвийн давсан орлогоос 500 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэлийн арга хэмжээ, түүний дотор сургууль, эмнэлэг, аймаг орон нутгийн засаг захиргааны барилгад засвар хийх, төлөгдөх ёстой өр төлбөрийг барагдуулахад зарцуулах;
Давсан орлогын тодорхой хэсгийг хуримтлуулах, богино хугацаатай зээллэгийг бууруулах, өндөр өртөгтэй өрийг буцаан худалдан авах, мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх;
2017 оны төсөв батлагдсанаас хойш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд бүх хүүхдэд олгох талаар гарсан Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн 201 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх;
2017 оны зуны улиралд нийт нутгаар гандуу байсны улмаас газар тариалангийн салбарт ургац алдах, бэлчээрийн гарц багатайгаас өвөлжилт хүндэрч болзошгүй тул төв суурин газрын болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор орон нутгийн хэрэгцээ болон улсын нөөцөд өвс, тэжээл бэлтгэх, мөн дотоодын хэрэгцээнд дутагдах өвс, тэжээлийг импортлох, ирэх хаврын тариалалтад шаардлагатай үрийн нөөцийн 50 хүртэл хувийг нөөцлөхөд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх;
Мах бэлтгэл, үйлдвэрлэлийг дэмжих, өвөл, хаврын улиралд махны эрэлт, нийлүүлэлтийн зохистой тэнцвэрийг хангах, үнийг тогтворжуулах зорилгоор мах бэлтгэх, нөөц бүрдүүлэх дотоодын аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхөх зориулалтаар авах зээлийн хүүгийн хөнгөлөлтөд дэмжлэг үзүүлэх;
Хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, эрүүл мэндийн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад учирдаг санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор өндөр өртөгтэй эрүүл мэндийн мэс заслын тусламж үйлчилгээний санхүүжилт, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээний зардал болон шинээр ашиглалтад орж үйл ажиллагаа нь өргөжиж буй тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх;
Өмнөх онуудад үүссэн шүүхийн шийдвэрийн дагуу иргэд, аж ахуйн нэгжид төрөөс олгох нөхөн төлбөр, хохирлыг барагдуулахад шаардагдах хөрөнгийг төсөвт тусгах;
Төсвийн зарцуулалтын үр ашигтай байдлыг хангах зарчимд нийцүүлэн төсвийн 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, салбарын яамдаас бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын батлагдсан төсөвт зарим зохицуулалтын шинжтэй өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгах;
Өмнөх жилүүдэд гэрээ нь хийгдсэн “Барих-Шилжүүлэх” концессийн төслийн эргэн төлөлт, хөнгөлөлттэй зээлийн Монголын талын хариуцах санхүүжилт болон шүүхийн шийдвэртэй болон бусад өр төлбөрүүдийг барагдуулахаар тусгажээ.
Гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүний үүрэг гүйцэтгэгчид хариулт өгөв.
Б.Пүрэвдорж:
-Багш нарын цалинг нэмэх бололцоотой юу. Энэ талаар мэдээлэл өгөөч.
Б.Чойжилсүрэн:
Төсвийн орлого 900 орчим тэрбум төгрөгөөр давахаар тооцсон. Үүний 498 тэрбумыг нэг удаагийн шинж чанартай өр төлбөр гэх мэт зүйлд зарцуулахаар төсөвт зохицуулалт хийлээ. Энэ оныг дуустал бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгоход 105 тэрбум шаардагдаж байгаа. Шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан. Төсвийн тодотголоор төрийн албан хаагч нарын цалинг нэмэх бололцоогүй байгаа. Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд 2018 онд ч цалин нэмэх бололцоогүй. Харин ахмадын тэтгэвэр нэмэгдэнэ.
Л.Энх-Амгалан:
–Төсвийн алдагдлыг бууруулах бололцоо байхгүй юм уу. 2017 оны төсвийн алдагдлыг 9.9 хувиар тооцжээ. 2017 оны төсвөөс гадаадын зээлийн хүүгийн төлбөрт хэдэн тэрбумыг төлж байна вэ. 2018, 2019 онд хүүгийн төлбөрт хэдий хэмжээний зардал гарч байна. Олон улсын валютын сан/ОУВС/-гийн хөтөлбөртэй тохирсноос юу нь хэрэгжээд, юу нь хэрэгжихгүй байна вэ. УИХ-аас Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр батлаад гурван жилийн нүүр үзэж байна, хэрэгждэггүй. Хэрэгждэггүйн хүндрэл юу вэ. Нийгмийн гурван талт зөвшилцөл хийгдэх ёстой. Энэ зогсчихлоо. Ажил хаялт хийж байгаа багш, эмч нартай уулзсан. Төсөв хүндрэлтэй гэдэг ганц зовлон яриад суумааргүй байна.
Б.Чойжилсүрэн:
-Төсвийн алдагдлыг бууруулах шаардлагатай гэдэгтэй санал нэг байна. Алдагдлыг бууруулахын тулд зарлагаа бууруулах, эсвэл орлогоо огцом өсгөх.ОУВС-тай тохирсон хөтөлбөрөөр энэ онд төсвийн алдагдлыг 9.9 хувь байхаар тооцсон. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлснээр Засгийн газрын гадаад, дотоод бондын хүүгийн төлбөр буурч эхэлсэн. 2016 оны есдүгээр сард ажил хүлээн авах үед бондын хүүгийн төлбөр жилийнх нь 17 орчим хувьтай байсан бол одоо 12 хувь болж буурсан.Нийгмийн зөвшилцлийн тухайд хүндрэл байхгүй. 2018 онд цалин нэмэхгүй байхаар ОУВС-тай тохирсон. 2019, 2020 оноос төсвийн байгууллагынхны цалинг үе шаттай нэмнэ.
А.Цогцэцэг:
-Эмч нарын цалинг нэмэх тооцоог гаргаж үзсэн. 30 орчим хувиар нэмэхэд 54.5 тэрбум шаардлагатай. Төсөвт 54 тэрбум төгрөг оруулчих юм бол 30 хувиар нэмчих гаргалгаа бий.
Төсвийн тодотголыг хэлэлцэх үед өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд Засгийн газар хэрхэн анхаарч байгаа талаар гишүүд хариулт авав.
Б.Чойжилсүрэн:
-Өвөлжилтийн бэлтгэлийн урсгал зардалд зориулж 50 орчим тэрбумыг, харин хөрөнгө оруулалт хэлбэрээр 85.4 тэрбумыг тавьсан.
П.Сэргэлэн:
-Өвс, тэжээлийг 60 гаруй хувьтай бэлтгэсэн. Дутагдалтай байгаа өвс, тэжээлийг ОХУ-аас импортолно.
Үдээс хойших хуралдаанаар гишүүд 2017 оны төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин