Захирагддаггүй засаг дарга нар-2
2013/12/25
“Аймаг орон нутгийн Засаг дарга гэж хэнд ч захирагддаггүй дур зоргоороо авирласан нөхөд байдаг” гэсэн ойлголт нийгэмд газар авлаа. Гүйцэтгэх засаглалын танхим нь дан биш, давхар дээлтэй сайд нараар дүүрснийг төрийн тэргүүн ч жич шүүмжилсэн нь бий.
Төрийн алба нь төрлийн алба болж, төрийн албанд ажиллаж үзээгүй хүмүүс орон нутгийг удирдаж байгаа нь яах аргагүй энэ засгийн нэгэн дүр зураг. Тиймээс манай сонин “Захирагддаггүй Засаг дарга нар“ хэмээх цувралыг уншигчдадаа хүргэхээр шийдсэн билээ. Энэ удаад бид хоёр дахь цувралаа хүргэж байна.
АРХАНГАЙ АЙМГИЙН ЦЭНХЭР СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.БАТЖАРГАЛ
ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН АЛБА БОЛГОГСДЫН НЭГ
ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН АЛБА БОЛГОГСДЫН НЭГ
Баримт-1
Цэнхэр сум цэнхэртсэн сураг дуулдсаар удаж буй. Учир нь энэ суманд 2008 оноос эхлэн Б.Батжаргал өөрийн ноёрхлоо тогтоогоод яг зургаа дахь жилтэйгээ золгох гэж байна. АН засгийн эрх авснаасаа хойш төрийн албыг төрлийн алба болгож байна гэх шүүмжлэл ид хүчээ авч буй энэ үед Б.Батжаргалын балаг ч бас чих дэлсэв. Бодит байдал дээр ч АН засаг авсны буянаар ах дүүсээрээ төрийн албанд хүчин зүтгэж байгаа хүн цөөнгүй бий. Б.Батжаргалын хувьд дарин дээр давс нэмж, хөдөөх тосгоны буйдхан сууринд ёстой л нэг ноёрхлоо тогтоож байгаа сурагтай. 2008-2012 онд тус сумыг удирдан ажиллахдаа ард иргэдэд наалдахуйц дорвиотой ажил төдийлөн хийгээгүй ч шинэ хүнээс илүү сум орны амьдралыг мэдэх туршлагатай гэдэг утгаар нь Цэнхэрийнхэн дахин итгэл хүлээлгэсэн нь өдгөө Цэнхэр сум цэнхэртэхийн эхлэлийг тавьжээ. Б.Батжаргалыг Засаг даргаар ажиллаж эхэлснээс хойш хууль бусаар уурхай ажиллуулсан гэх маргаан тасраагүй. Тэр бүү хэл, хууль бусаар зөвшөөрөл олгож, нутгийнхаа газар шороог ухуулсан гэх шалтгаанаар АТГ-т хүртэл шалгуулж явсан удаатай. Энэ асуудал бүтэн гурван он дамжин яригдсан ч хэрэг хэрхэн шийдэгдсэн нь өдгөө ч таг чиг. Нутгийн иргэдийн хэлж буйгаар бол Б.Батжаргал дээгүүр доогуур гүйж байж энэхүү асуудлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, олон холбогдогчтой гэх шалтгаанаар хаалгасан байж магадгүй гэх. Иргэд уул уурхайн компаниудаар газар нутгаа ухуулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлэн удаа дараа түүнд ханддагч тэрбээр “хаасан” гэх тайлбарыг өгдөг боловч үнэн хэрэгтээ энэ нь иргэдийн амыг хаах төдий л өнгөрдөг гэдгийг хэлэх хүн цөөнгүй байна. Нэг үгээр бол, иргэдийн гомдлоор уурхайнуудыг хаасан гэх ч тухайн уул уурхайн компаниудтай үгсэн тохиролцож, үйл ажиллагааг нь үргэлжлүүлдэг байна. Үүний жишээ нь зөвшөөрөлгүйгээр газар нутгийг нь ухаж байгаа талаарх гомдол шат шатны хяналтын газруудад нэг ч удаа очоогүй байдгаас харж болохоор байгаа аж
Баримт-2
Нөгөөтэйгүүр Б.Батжаргал төрийн албыг төрлийн алба болгосон жишээ нь түүний эхнэр өдгөө сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байгаа аж. Тэрбээр ажил хийдэггүй байсан бөгөөд нөхрийгөө засаг ноёноор томилогдсоны дараахан ийнхүү цэцэрлэгийн багш болсон байна. Түүнчлэн Б.Батжаргал өөрийн төрсөн дүүг ч мөн ЗДТГ-т манаачаар ажиллуулах болсон аж. Хэдийгээр сум нь засаг захиргааны бага нэгжийн нэгд ордог ч сум бүрт зориулсан төсөв жил бүрийн улсын төсөвт суудаг. Үүнийг захиран зарцуулах эрх бүхий ганц хүн нь сумын Засаг дарга байдаг. Засаг ноён сум, орон нутагт тодорхой ажил хийж, гүйцэтгэх болоход өөрийн хүргэн ахдаа л даалгадгийг Цэнхэрийнхэн андахгүй. Жижиг ч гэсэн ажилд өөр хүн оролцох боломж байдаггүй бөгөөд сум тохижуулах гэх мэт тендерт хүргэн ахыгаа ялсан нэрээр бүх ажлыг өгдөг болсоор удаж байгаа аж. Баримт-3 Түүний бас нэгэн хуудуутай үйлдэл нь өөрийн тойрон хүрээлэгчдээ дандаа АН-ын гишүүдээс бүрдүүлсэн бөгөөд сум орон нутгийн ажил хэдхэн “цэнхэр хүний” гарт орчихоод байна гэх гомдлыг захаасаа авахуулаад хэлэх хүн цөөнгүй юм билээ. Түүнчлэн Б.Батжаргалыг Засаг даргаар ажиллах болсон үеэс сумын халуун ус ажиллаагүй байна. Уг халуун усны газрыг улсын төсвийн хөрөнгө болон “Тогтвортой амьжиргаа” төслийн хөрөнгөөр барьсан байна. Ийм хоёр ч халуун усны газар байгаа хэдий ч энэ Засаг даргыг ажиллаж байгаа зургаан жилийн хугацаанд нэг ч удаа ажиллаагүй нь сумын иргэдийн амьдрах нөхцөл, соёлд хэрхэн анхаарал хандуулдаг нь харагдаж байна.
Баримт-3
Бас нэг хачирхалтай асуудал нь Цэнхэр сумын дунд сургуулийн сурагчид 2013-2014 оны хичээлийн жилд химийн хичээл үзээгүй байсаар 2014 онтой золгож байгаа аж. Засаг даргын зүгээс эл асуудалд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа нь эцэг эхчүүдийн дургүйг багагүй хүргээд байгаа аж. Б.Батжаргал Орон нутгийн 2012 оны сонгуульд хоёр дахиа ялалт байгуулахдаа жинхэнэ утгаараа намчирхаж, сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь өөрийн намын харьяат хүнийг томилсон байна. Гэтэл сургуулийн захирлаар ажилладаг байсан хүн нь химийн хичээлийг давхар заадаг байсан аж. Энэ байдлаа “Хөдөө ажиллах боловсон хүчин олдохгүй байна” хэмээн засаг ноён тайлбарлаж байгаа ч ажлаасаа халагдсан химийн багш орон нутагтаа байсаар атал Ардын намын харьяат хэмээн үзэж, ажилд авахаас татгалзаж байгаа аж. Үнэндээ хэн нь аль намынх байх нь энэ тохиолдолд огт хамаагүй бөгөөд ирээдүйн боловсон хүчнүүдээ сургах мэдлэг боловсрол бүхий хүнийг нэн даруй томилох шаардлагатай байгааг орон нутгийн иргэд хэлж байна. АН төрийн албыг төрлийн алба болгоогүй, гүйцэтгэх засаглалын танхим давхар дээлтнээр дүүрсэн нь буруу зүйл биш хэмээн хий хоосноор өөрсдийгөө өмгөөлж суугаа АН-ынхан тэр дундаа засаг тэргүүлж буй Ерөнхий сайд энэ асуудлыг мэдсэн болов уу.
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНД
ТӨРИЙН АЛБАНЫ ТУРШЛАГА БАЙХГҮЙ
ТӨРИЙН АЛБАНЫ ТУРШЛАГА БАЙХГҮЙ
2010 оноос эхлэн Баянхонгор аймгийн АН-ын дарга байсан Д.Жаргалсайхан бялуу хүртэгсдийн нэг. Гэхдээ түүнийг орон нутаг толгойлох чинээний том бялуу хүртэнэ чинээ хэний ч санаад буугаагүй гэдэг. Учир нь энэ эрхэм хэзээнээсээ л арьс ширний ченж хийж явсныг нутгийн иргэд андахгүй юм. Нэг үгээр бол, түүнийг төрийн алба тэр дундаа орон нутаг удирдаад явах чинээний мэдлэг туршлагагүйг хэн хүнгүй хэлдэг юм билээ. Д.Жаргалсайханыг Засаг даргаар ажиллах чансаа байхгүй гэдгийг түүний намтар батална. Д.Жаргалсайхан нь 2004-2008 онд “Их жигүүр” ХХК-нд захирал, 2008 оноос Баянхонгор аймгийг жишиг аймаг болгох хөтөлбөрийн зохион байгуулагч, 2009-2010 онд “Баянхонгор трейд центр” ХХКнд захирал, 2008-2012 онуудад Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2010 оноос Аймгийн АН-ын даргаар ажиллах болжээ. Үүнээс үзэхэд тэрбээр төрийн албанд ер ажиллаж байгаагүй нэгэн аж. Түүнд төрийн албанд ажилласан туршлага байхгүй ч АН-тай нэр холбогдсон нь ийнхүү засаг ноёны сэнтийд залруулсан хэрэг. Төрийн албанд ажиллаж байсан туршлагагүй хүнийг Засаг даргаар томилсон асуудлаар иргэн Ш.Раднаасэд, М.Төрбат нар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад буй. Эл асуудлыг Цэц авч хэлэлцээд маргаан үүсгэх нь зөв гэж үзээд Цэцийн дунд суудлын хуралдааны товыг гаргаад байсан. Гэвч засгийн тэргүүн Н.Алтанхуяг өөрийн хууль бус томилгоог Цэц баталгаажуулахаас өмнө ямар нэгэн арга хэмжээ авахаар шийдсэн нь Цэцэд явуулсан хүсэлтээс харагдана. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Т.Лхагваад хандан энэ сарын 18- нд нэгэн бичиг илгээсэн нь дунд суудлын хуралдааныг боломжтой хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн утгатай. Ийнхүү хойшлуулах хооронд хор найруулах ажиллагаа явагдах нь лав. Аймаг, орон нутагт даргаар очсон нам нэгтнүүдийнхээ хамаатан садан, ах дүүгээ ажилтай болгодог жишгийг тэр ч бас үргэлжлүүлж яваа. Аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж, хувийн бизнес эрхэлж байсан Д.Жаргалсайхан Засаг даргын суудалд очуутаа аймгийн алба, хэлтсүүдийг өөрийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчилсөн байна. Ингэхдээ мэргэжлийн бус хүмүүсийг даргаар томилж, хуучин дарга нарыг нь ор үндэслэлгүй ажлаас нь халах болсон талаар аймгийн иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Ганцхан жишээ дурдахад мэргэжлийн бус даргын анхны томилгоо ч бас мэргэжлийн бус байсан байна. Тэрбээр аймгийн Цаг уурын хэлтсийн даргаар мэргэжлийн бус хүн томилсон нь түүний төрсөн эгч аж. Энэ орон тоо даргагүй сул байсан бөгөөд сонгон шалгаруулалт зарласан гэх боловч ийнхүү Засаг даргын эгч Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар томилогдсоноос харахад сонгон шалгаруулалт явуулаагүй, явуулсан ч нэр төдий зүйл болсон гэдгийг нутгийн иргэд хэлэх юм билээ. Үүнээс гадна өөрийнхөө найз нөхдийг аймгийн Газрын албаны дарга, бусад албаны даргаар томилж байгаа асуудалд иргэд гомдолтой байгаагаа өнөө ч илэрхийлж буй. Өнгөрсөн хугацаанд Д.Жаргалсайхан дарга аймгийн хөгжил дэвшилд анхаарахаасаа илүүтэй албан тушаалын сул орон тоотой зууралдаж, өөрийн тойрон хүрээлсэн хүмүүсээ удаа дараалан томилж байгаа асуудлыг холбогдох газрууд нь анхааралдаа авахыг Хонгор нутгийнхан хүсч явдгийг дуулгая.
М.ӨНӨРЖАРГАЛ
Зочин · 2013/12/26
yasan hunii muud durtai huurnuud be