Өмнөговь аймгийн Баян багийн нутагт хархны үүр олджээ.  Энэхүү үүрийг устгах ажиллагааг аймгийн Онцгой байдлын хэлтэс, Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газрын ажилтнууд хамтран гүйцэтгэж, хавх ашиглан 31 харх устгажээ. Уг хархны үүр Хятадын хөрөнгө оруулалттай компаниас холгүй байсан гэнэ. Үхсэн хархыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээн, шинжлүүлэхэд хархны 60 гаруй төрөл дотроо хамгийн аюултайд тооцогддог хар бор харх гэдгийг тогтоосон байна. Шинжилгээгээр хархнаас ямар нэг өвчин илрээгүй аж.

Эх сурвалжийн хэлж байгаагаар   “Харх өргөн нутаг дэвсгэрт тархаагүй. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байх” хэмээн мэдэгдсэн. Нутгийн оршин суугчдийн ярьж байгаагаар Баян багийн нутаг дахь Хятадын хөрөнгө оруулалттай, уул уурхайн компанийн ойролцоо харх үзэгдэх болоод удсан  гэнэ.

Манай улсад үүрэлсэн гэгдээд байгаа хар бор харх нь богино хугацаанд хурдан үрждэг, жилд 4-5 удаа зулзагалдаг. Мал, амьтнаас хүнд халддаг 20 гаруй төрлийн халдварт өвчнийг биедээ тээж, тараадаг байна. 

А.Маша