Иргэдээ "хөнгөхөн" хуурдаг Ичмээр төртэй улс
2017/11/10
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар 300 мянган төгрөгийг Төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал нэрээр олгох санал дэмжигдлээ.
Мөнгө цацдаг, ямар ч үр дүнгүй тараадаг тэнэглэл У.Хүрэлсүхийн засгийн газарт ч үргэлжлэх нь ээ.
“ОУВС-тай цалин нэмэхгүй гэж тохирсон учраас төсвийн тодотголоор төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр олгоно” хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн нь “ОУВС-ийнхныг хуурна” гэж хэлж байгаагаас ялгаагүй. Нэг удаагийн мөнгө тараалтаар төрийн албан хаагчдыг ч давхар хуурах нь. Мөн энэ үйлдэл нь багш эмч нарыг “наадхаа аваад дуугүй бол” хэмээн доромжилсон, монголын иргэдийн тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан олон сөрөг талтай шийдвэр юм.
Төрийн албан хаагчдад өгөх 55 тэрбум бол мөнгөтэй жилүүдэд хэрхэн үргүй зарцуулдаг байсны сонгодог жишээ. Үүнийхээ оронд эмч, багш нарын цалинг нэмэх бодитой аргыг бодож олох ёстой юм. Тэрнээс энэ мөнгө Хятадын хилээр гараад, бараа таваар болоод л орж ирнэ. Эсвэл сайн гутал хувцасны талд ч хүрэхгүй. Хямд хүнс аваад хөргөгч ч дүүрэхгүй, хөргөгч , телевиз авахыг бүр ч бодолтгүй. Ингээд л төрийн албан хаагчдад бодитой дэмжлэг болж чадахгүй.
Ингэж аманд ч үгүй,хамарт ч үгүй мөнгө цацсанаас Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүддээ яаралтай эмнэлэг барьж өгвөл ядуу иргэдэд чинь наалдах байсан юм. Сангийн сайд амьдралаас хол тасарчээ. Түүнийг 20-иод жил зөөлөн суудалд тухлаж байхад захын дүүргүүдийн амьдрал туйлдсан, эмнэлэгтээ багтахгүй өвчтөнтэй болсон. Амьдрал ямар хүнд болсныг нүдээр үзэж, чихээрээ сонс. Энэ зуунд ийм амьдрал байдгиймаа гэж гайхширна. Мөнгөний үнэ цэнийг мэддэг хүн бол арай ч 55 тэрбумыг элсэнд ус асгаж буй шиг хаяж зүрхлэхгүй.
55 ТЭРБУМААР ЮУ ХИЙЖ БОЛОХ БАЙСАН БЭ?
- Нийтийн тээврийн үйлчилгээ, автобаазын шинэчлэлт сайжруулалтад зориулах боломжтой. Удахгүй тачигнасан хүйтэн эхлэхэд асч чадаагүй автобуснууд гарааждаа үлдэж, автобус хүлээсэн даарсан олон автобусны буудлуудыг дүүргэнэ. Жил бүр иргэдийг зовоодог үйлдлийг засахын тулд энэ жил юу хийсэн бэ?
- Өвлийн утаа эхлэхэд хүүхэд багачууд эмнэлэгүүдийн коридоруудыг дүүргэж, утаанаас үүдэлтэй өвчнөөр бяцхан үрс амиа алдах нь жилээс жилд нэмэгдэж байна. Тэднийг авран хамгаалахын тулд энэ өвөл юу хийхээр төлөвлөсөн бэ. Ачаалал нь хэтэрсэн сургуулийнангиуд, эмнэлэгүүдэд агааржуулагч авч тавих боломж алга уу?
- Эмнэлэгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг сайжруулах, шинэчлэх шаардлагагүй гэж үү? Эмчлүүлэгч иргэдээс эм, тариа шаарддагийг болиулж болохгүй юу? Эмнэлэгүүдэд шаардлагатай эм тариаг нь бүрэн өгчихсөн гэж үү?
- Энэ жил цэцэрлэггүй үлдсэн 57373 хүүхэд байгаа. Жил бүр ийм тооны хүүхэд харах хүнгүй, боловсрох боломжгүй үлдэж байгаа нь хамаагүй юу? Энэ асуудлыг шийдэхгүй юу?
- Нийт 28 дунд сургуулийн 10 мянган хүүхэд гурван ээлжээр хичээллэж байгаа улмаас өвлийн харанхуйд гэмт хэргийн золиос болон гэр лүүгээ алхаж явна. Энэ та бүхэнд хамаагүй юу?
Г.Хулан
www.bataar.mn
Алдар · 2017/11/10
Үр дүнгийн хараагүй байж ингэж худлаа баахан гаргаж ирдэгээ болих хэрэгтэй
Алдар · 2017/11/10
Үр дүнгийн хараагүй байж ингэж худлаа баахан гаргаж ирдэгээ болих хэрэгтэй
Зочин · 2017/11/10
Үр дүнгийн хараагүй байж ингэж худлаа баахан гаргаж ирдэгээ болих хэрэгтэй
irgen · 2017/11/10
Хүрэлсүхэд ард түмэн итгэсэн..одоо ч итгэсээр байгааа.... Хэнтэй хийх нь чухал биш Ямар ажил хийх нь чухал... Монголд ашигтай ард түмэнд тустай ажил хийх л хэрэгтэй...