А.Бакей: УИХ-ын гишүүн олны итгэлийг хүлээсэн учир цалингаас нь хасах утгагүй
2013/12/26
УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейг энэ удаагийн “Ярилцах танхим”-ынхаа зочноор урилаа.
-УИХ-ын нэгдсэн чуулганаар байнгын хорооны дарга нарыг томиллоо. Ардчилсан намынхны хувьд бүлгээсээ сонгогдсон байнгын хорооны дарга нараа улираан сонгох шийдвэр гаргаж. Яагаад ингэж тохиролцсон юм бэ. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг л гэхэд гишүүд “Ажлаа тасалдаг, хурлаа удирддаггүй” гээд шүүмжлээд байсан биз дээ?
-УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу гишүүд байнгын хороодод харъяалагдаж ажиллах, байнгын хорооны болон дэд хорооны даргаар сонгогдон ажиллах эрхтэй байгаа. Мөн байнгын хорооны даргыг нэг жилээр сонгоод, дахин нэг жил даргаар ажиллах хугацааг нь сунгах боломжтой байдаг.
Үүний дагуу одоо ажиллаж байгаа байнгын хороодын дарга нарыг дахин сонгох нь зүйтэй гэж Ардчилсан намын бүлгийнхэн үзсэн. Байнгын хороо гэдэг бол төрийн бодлогыг тодорхойлох үүрэгтэй, УИХ-ын хамгийн гол бүтцийн байгууллага. Нэг ёсондоо холбогдох хууль тогтоомжийг боловсруулж гаргах гол цөм нь. Байнгын хорооны дарга нэг л ажиллаад солигдоно гэдэг нь тийм ч зохимжтой биш. Ажилдаа овоо гаршаад, ажлынхаа онцлогийг бүх талаар ойлгож, туршлагатай болж байхад нь дахиад солихоор бодлогын зарчим нь алдагдах магадлалтай гэсэн үг. Ядаж хоёр жил ажилладаг бол гаргаж байгаа хууль тогтоомжийн чанарыг сайжруулахад ч гэсэн нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Тийм учраас л Ардчилсан намын бүлэг ийм шийдвэр гаргасан.
-Ш.Түвдэндорж даргын тухайд?
-Түүний хувьд яах вэ, зарим талаар шүүмжлэлд өртсөн нь үнэн. Гэхдээ ар гэрийн шалтгаантай байсан юм билээ. Тэрийгээ ч бүлгийн хуралдаан дээр хэлсэн. Бидний зүгээс ч гэсэн бүлгийнхээ гишүүнд “Хариуцлагатай ажлыг цаг хугацаанд нь бүлгийн даргын хувиар хариуцлагатай хий” гэсэн зөвлөгөөг өгсөн байгаа. Ингээд бүлгийн даргаар ажиллах хугацааг нь сунгахаар болсон байгаа.
-Ардын намын бүлгийнхэн өнөөдөр /өчигдөр/ чуулганы хуралдаан дээр байнгын хороо, дэд хороодын бүрэлдэхүүнд орж ажиллуулахгүй байна гээд нэлээд шүүмжлэл хэллээ. Зарим гишүүн нь бүр нэг ч байнгын хороонд орж ажиллаагүй гэх юм?
-Ардын намынхан УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент бүтцийн байгууллагаа байгуулах үеэр бүлгээ байгуулж чадаагүй шүү дээ. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачлаад Ардын намын бүлэг байгуулагдсан.
Нэг байнгын хороонд харъяалагдах гишүүдийн тоо хязгаартай гэдгийг мэдэж байгаа байх. Тухайн үед Ардын намынхан бүлэггүй байсан учраас бусад нам эвслийн гишүүд нь гурван байнгын хороонд гэх мэтээр ороод явсан. Ардын намын бүлгийн гишүүдийн хувьд олонхи нь хоёр байнгын хороонд, зарим нь нэг байнгын хороонд харъяалагдаж байгаа. Байнгын хороонд харъяалагдах намын бүлгийн гишүүдийн тоо жигд байх ёстой гэсэн тэдний шаардлага зөв л дөө. Гэхдээ ингэхийн тулд холбогдох хуульд өөрчлөлт оруулахаас өөр арга зам байхгүй. Жишээ нь, нэг байнгын хороонд харъяалагдах гишүүдийн тоог 21 болгох ч юм уу. Ийм маягаар өөрчлөлт оруулах хэрэгтэй болоод байгаа.
-Ардын намынхны зөв гэж үзэж байгаа юм бол яагаад хуульд өөрчлөлт оруулаад асуудлыг нэг тийш болгохгүй байгаа юм бэ?
-Энэ асуудлыг шийдье гэхээр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хоорондоо ойлголцож зөвшилцөх төвшинд хүрч чадахгүй байгаа юм. Ингээд энэ асуудал удаан хугацаанд шийдэгдэхгүй өдийг хүрчихээд байна. Ардын намынхан энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан шүү дээ. Цэцээс “Үндсэн хууль зөрчсөн асуудал алга” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр ийм асуудлыг цаашдаа тодорхой бодлогын хүрээнд шийдэж, нэг тийш болгох хэрэгтэй.
-Одоо бол Ардын намынхан “Ардчилсан намынхан хэт их бяралхаж байна“ гэлцэж байна. Нэлээн уурласан бололтой?
-Нэг нь гомдлын үг хаясан, нөгөөх нь гэдийсэн маягтай ингээд яваад байж болохгүй. Тийм ч зохимжтой шийдэл биш. Шийдэж болохгүй ч асуудал биш.
-Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувиар та энэ жил гишүүдийг хэр ажилласан гэж дүгнэж байна вэ. Гишүүд УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралдаандаа суудаггүй, ирцээ бүрдүүлдэггүй гэсэн шүүмжлэлээр энэ оны үдэж байна шүү дээ?
-Ер нь УИХ хуулийн дагуу өөрийнхөө үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгээд явж байна. Яагаад гэхээр урьд өмнө нь ч гэсэн гишүүдийн ирц нэг иймэрхүү байдаг байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл үе үеийн УИХ-ын гишүүдийн ирц онцсайн байсан гэж би хэлж чадахгүй. Энэ удаагийн парламентын бүрэлдэхүүн өөрөө их өвөрмөц. Аль ч нам нь олонхи болж чадаагүй. Ардчилсан намын бүлэг болоод Ардын намын бүлгийн гишүүдийн тоо хол ялгаагүй. Ерөнхийдөө ойролцоо. Хүчтэй сөрөг хүчин янз бүрийн асуудлаар байр сууриа илэрхийлж, хуралдаануудаас завсарлага авах гэх мэт асуудал удаа дараа гарч байгаа. Тэгэхээр энэ бол энэ УИХ-ын өөрийнх нь үйл ажиллагааны онцлогтой холбоотой. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлмээр байна.
-Юуг?
-Бид ийм хэвшил болсон буруу зүйлд нэг талаар дасчихсан байна. Ийм байдалдаа дасчихсан байна л даа. УИХ-ын гишүүд маань хуралдаа оролцдоггүй. Зарим нь хоцорч ирдэг. Эсвэл түрүүлж ирсэн зарим нь огт ирээгүй гишүүний картыг өмнөөс нь түлхэж, ирцэд бүртгүүлдэг. Тэр өдрийн хурлаар баталсан бүх хууль дээр тэр ажилдаа ирээгүй, эзэнгүй гишүүний картаар дэмжсэн эсвэл эсэргүүцсэн санал өгдөг. Энэ бол маш буруу практик. Тэгэхээр үүнийг засах оролдлогыг бид санаачилж хийж эхэлж байгаа.
-Гэхдээ бүтэлтэй зүйл болоогүй шүү дээ. Ардын намынхан өнгөрсөн долоо хоногт хурууны хээгээр бүртгэх асуудлаас болоод чуулганы хуралдаанаас завсарлага авсныг хэлж байна л даа?
-Өнгөрсөн долоо хоногт ирцийг хурууны хээгээр бүртгэх асуудлаас болж маргаан үүссэн. Гишүүд “Бүрэн эрхэд халдлаа” гэсэн зүйл яриад байсан. Гэхдээ тийм зүйл огт байхгүй.
-Яагаад?
-УИХ-ын гишүүн хүн хууль тогтоох үйл явцад оролцохдоо өөрийнхөө саналыг бусдад шилжүүлж хэрхэвч болохгүй. Бусдын өмнөөс санал өгч ч болохгүй. Энэ бол хуулиар хориглосон зүйл. Уг нь тухайн өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд огт ирээгүй гишүүний өмнөөсөө санал өгч байгаа нь хууль зөрчиж байгаа маш том асуудал.
Үүнийг зохицуулах ганц арга нь тухайн гишүүн өглөө өөрийн биеэр ажилдаа ирж, ирцээ хурууныхаа хээгээр бүртгүүлэх асуудал. Ирцээ бүртгүүлснийхээ дараа хэлэлцэж байгаа асуудлыг дэмжих үү, үгүй юу, эсвэл чуулганы танхимаас гарч явах уу гэдэг нь тухайн гишүүний өөрийнх нь асуудал. Энэ бол хамгийн зөв зарчим. УИХ-ын гишүүн ч гэсэн уг нь төрд ажиллаж байгаа төрийн ажилтан шүү дээ. Жирийн албан хаагчдын хувьд ирцээ хурууны хээг бүртгэх төхөөрөмжөөр бүртгүүлээд явдаг. Ийм байхад төрийн гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Одоо бол хурууны хээ бүртгэх төхөөрөмжийг хаана байрлуулах вэ гэдэг асуудал л яригдаж байна. Чуулганы танхимын үүдэнд ч гэсэн байрлуулж болно.
-Жирийн ажилтан, УИХ-ын гишүүн хоёр адилхан хурууны хээгээ бүртгүүлж болох ч ажлаасаа хоцорсон тохиолдолд ажилтан нь цалингаа хасуулдаг, гишүүн нь ямар ч хариуцлага үүрдэггүй гэдгээрээ ялгаатай. Үүнийг хэрхэх вэ?
-Уг нь УИХ-ын гишүүн гэдэг олон түмний итгэлийг хүлээж, сонгогдож гарч ирсэн төрийн түшээ. Тийм болохоор заавал цалингаас хасах гэх мэт хариуцлагын асуудал ярих нь утгагүй зүйл л дээ. Энэ бол цэвэр ухамсрын асуудал. Гишүүдэд хууль тогтоох ажилдаа хариуцлагатай хандах төлөвшил бий болох юм бол одоо яриад байгаа асуудал аяндаа байхгүй болно. Тийм учраас заавах цалин хасах талаар ярих шаардлагагүй гэж бодож байна.
-Төрийн байгуулалтын байнгын хороо энэ жил юу хийж амжуулав?
-Төрийн байгуулалтын байнгын хороо улиран өнгөрч буй 2013 онд өөрийн чиг үүрэгт хамаарах 63 хууль, тогтоомжийн төслийг баталж гаргасан. Энэ дотор улс орны амьдрал, амин чухал асуудлуудтай холбоотой хууль, эрх зүйн харилцааны зохицуулалтууд орсон. Хамгийн онцлох ажил нь гэвэл дөрвөн жилд нэг удаа болдог Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг шинэчилж, шинэ хуулийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийг улс орон даяар зохион байгуулсан явдал. Энэ сонгууль бол ямар нэгэн зөрчил маргаангүй, хуулийн дагуу амжилттай явагдсан. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны онцлох үйл явдлаар нэрлэж болох юм.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Т.Урангэрэл
Зочин · 2013/12/28
Ene ymar ***** gishuun bish gar be? ooriinh ni tsalinhaas hasahaar bolood baigaa ym bn l daa. Tegeed l tegj baigaa baih daa. Baga angiin huuhed ch gesen oilgohoor l haiutslaga tootsoh gej baigaa biz dee.
Зочин · 2013/12/27
TEnegg Kazakh