УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан 51.3 ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.

Тус хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай гэсэн асуудлыг хэлэлцэхээр товлосон болохыг хэллээ.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, "Элчин сайдын томилгоотой холбогдуулж УИХ-ын 21 гишүүн томилгооны сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн тул чуулганы өнөөдрийн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байна. Чуулганы хуралдааны өмнө сонсголоо явуулах нь зүйтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд, "Б.Хурц нь БНСУ-д суух Элчин сайдаар явах хүн. Гэтэл тэрээр Хойд Солонгостой холбоотой ноцтой асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хөндсөн. Байнгын хорооны түвшинд яригдсан энэхүү асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй. Мөн УИХ-ын гишүүдийн нэр хүндэд халдсан тул уг томилгоотой холбоотой хэлэлцүүлгийг хойшлуулах хэрэгтэй" гэлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн албан хаагчийн тухай хуулийг баталсаны дараа уг хуулийн төслийг хэлэлцье гэж хойшлуулж байсан. Тиймээс чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллаас хасах нь зөв" гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанд би сууж чадаагүй. Орой зурагт үзсэн чинь миний нэрийг хавчуулсан байна. Л.Болд гишүүнийг зэвсэг худалдаалсан, түүнээс хамааралтай 300 мянган ам.долларын нэхэмжлэх ирсэн, улмаар хоёр хүн Хойд Солонгост нас барсан. Үүнийг нь Ц.Нямдорж мэдэж байгаа гэсэн байх юм. Тэгэхээр нь Хойд Солонгосоос ирүүлсэн гэх тэрхүү бичгийг хайлгасан. Тийм бичиг ирээгүй байна. Намайг шахааны бизнес хийсэн мэтээр тусгай албаны дарга гүтгэсэн. Энэ мэт асуудлыг шалган тогтоох хэрэгтэй. Эхний ээлжинд гишүүдийн нэр төрд халдсан асуудлыг цэгцэлж, нээлттэй сонсгол хийх хэрэгтэй. Тусгай хяналтын дэд хорооны гишүүдээ соль. Өнөөдөртөө энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй. Монгол Улс зэвсгийн наймаа хийдэг гэх ойлголтыг олон улсад цацсан нь ноцтой мэдээлэл шүү. Хэрэв хүчээр энэ томилгоог хийх юм бол нээлттэй сонсгол явуулах хүсэлт гаргасан 21 гишүүн өнөөдрийн хуралдаанд суухгүй шүү" гэв.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог ажиллуулах хэрэгтэй" гэсэн юм. Тэдгээр саналтай холбогдуулж УИХ-ын дарга М.Энхболд, "Нээлттэй сонсгол явуулах 21 гишүүний хүсэлт өчигдөр надад ирсэн. Гэхдээ УИХ-ын Тамгын газраас уг асуудлаар сонсгол явуулах боломжгүй гэсэн тайлбар өгч байна. Тиймээс Ж.Батзандан болон бусад 20 гишүүний өргөн барьсан хүсэлтээр чуулганы өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллаас хасч болохгүй юм байна. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр ярьсан асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор оруулж болох юм" гэсэн юм.

 

Ингээд гишүүдийн гаргасан саналаар санал хураалт явуулахад Элчин сайдын томилгоотой холбоотой асуудлыг хасч хэлэлцэхээр болов. Харин Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан товт асуудлаа хэлэлцэж эхлэв.

 

 

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг