Хотын удирдлагууд "Азийн цагаан дагина" буюу хогны ногоон уутны хэмжээ багасгаснаа дуулгалаа. Гурван тэрбумын үнэтэй уутныхаа талаараа өчигдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал хэвлэлийн бага хурал зарлан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Ажлын хэсгийнхэн "Азийн цагаан дагина" хогны уут хэт нимгэн байгаа тул зузааныг нэмэгдүүлж, хэмжээг нь багасгах иргэдийн саналын дагуу НЗАА-ны удирдлагууд үйлдвэрлэгч хоёр компанитай харилцан зөвшилцөж уутны чанар, хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг тавьсан гэнэ.

Нийлслэл хотын маань дарга сүүлийн үед "чанар" гэж ярих болсон. Их өндөр өртөгтэй хогны уутныг үйлдвэрлэгчид хэмжээг 80х45см байсныг 65х45см болгон нэмэгдүүлж, зузааныг 2.5-3 микрон болгосон хэмээн Б.Бадрал онцолж байв.

Ийнхүү шинэчлэгдсэн хогны уутыг ирэх сараас эхлэн айл өрхүүдэд олгох аж. Мөн энэ үеэр нийслэлийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хийгдэж буй олон төсөл арга хэмжээнүүдийг танилцуулсан юм. Тухайлбал гялгар уутыг дахин боловсруулж траншейны таг, сандал, хогийн сав, хайс, хашаа, замын тумба зэргийг үйлдвэрлэдэг “ТЧМ”, “Сан-Оргиу” гэх компаниуд Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээр хоёрдогч түүхий эдийн хөдөлмөр эрхлэгчдийн холбоодтой хамтран ажиллаж байгаа аж.

"Азийн цагаан дагина" гэсэн ахадсан нэртэй энэ хогны уутны нэрийг олон хүн шүүмжилдэг. Угтаа Азийн цагаан дагина нэр манай улсыг гадныханд гайхуулдаг байсан. Гэтэл өнөөдөр байдал өөрөөр эргэж Утаанбаатар хэмээн цоллогдох болсноос хойш уг нэрийг хүн болгоно хэрэглэхээ больсон гэхэд хилсдэхгүй. Харин өнөөдөр энэ эрхэм  нэр ногоон өнгөтэй хогны уутыг чимж буй.

Дээрх уутыг айл өрхүүдэд тарааж эхлээд удаагүй байхад чанар нь муу, хэт том хэмжээтэй гэж шүүмжлэл дагуулсаар байсан. Энэхүү шүүмжлэлийг хотын дарга маань их хурдан хүлээж аваад хэмжээг нь багасгаж, зузааныг нь нэмснээ тайлагнаад авлаа.

Харин ингэлээ гээд өнөөх Нийслэлийн "хог" буурна гэж үү. Уут тараасан ч энд тэндгүй хөглөрөх хог хэвээрээ байсаар л байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Дээр нь нэмж ногоон уут ч хог болж байгаа нь харагддаг юм.

Энэхүү мөнгийг өөр зүйлд зарцуулья гэж үзвэл, Гурван тэрбум төгрөг Сонгинохайрхан дүүргийн 2014 оны төсвийн хагас нь. СХД-ийн төсвийг 6.4 тэрбум төгрөг гэвэл хотын хамгийн их хүн амтай дүүрэгт төсөвлөсөн жилийн төсвийн тал нь байгаа биз. Налайх  778,5 сая, Багануур нэг тэрбум, Багахангай 139.4 сая төсөвтэй байдаг. 

Харамсалтай нь энэ их мөнгө төсвийг зөвхөн хогны уутанд нь ашиглаж байгаа нь эмгэнэлтэй.

Х.Даваа