Ард түмний эх оронч, үндсэрхэг үзэл сэтгэхүйг ашиглан оффшор, авилга гэх мэт нийгмийн хамгийн эмзэг сэдвүүдийг барьж популизм хийхдээ гаршсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ удаагийн сэдэв Б.Хурц болоод байгаа. Тэрбээр өчигдөр намын бүлгийн  хэвлэлийн бага хурлын үеэр бүлгийн даргатайгаа зэрэгцэж суусан атлаа сэтгүүлчийн асуусан "бүлгийн даргын өрөөнд яг ву болсон юм" гэх асуултад хариулт өгөөгүй буюу нүд нь бүлтэлзээд нэг ч үг дуграагүй. Харин хурлын дараа сэтгүүлчид түүнээс юу болсон талаар тодруулахад "Бүлгийн дарга худлаа яриад байна" хэмээн нэг ёсондоо бүлгийн даргынхаа ар нуруу руу хээвнэг "хутга зоосон" мэдэгдэл хийсэн. Уг нь түүний хэлээд байгаа үнэхээр л үнэн юм бол  тэрбээр бүлгийн даргынхаа хажууд сууж байхдаа улаан нүүрэн дээр нь худлаа яриад байгааг нь хэлчих боломжтой байлаа. Гэвч тэр тэгсэнгүй. Түүгээр ч барахгүй. Ярилцлага өгөөд зогсож байхдаа сэтгүүлчийг гүтгээд авсан байх юм. Тодруулбал, ярилцлага авахын өмнө нэгэн сэтгүүлч "Б.Хурцыг олонхоороо шийдээд дэвшүүлэн "зайлуулж" байхад та ганцаараа дийлэх үү" хэмээн асуусан байна. Гэтэл эрхэм попчин маань яг ярилцлага өгөөд эхлэхдээ "Б. Хурцыг Солонгос явуулж өгөөч гэж сэтгүүлч та надаас гуйсан биз дээ. Тан шиг ингэж олон хүн гуйгаад байна" гэж мушгиа ярьж эхэлсэн гэнэ. Энэ талаар тухайн сэтгүүлч өөрийн фэйсбүүк хуудсандаа "Зүгээр ярилцлага авч байгаад Ж.Батзандан гишүүнд гүжирдүүлдэг байна шүү дээ. Б.Хурцыг олонхоороо шийдээд дэвшүүлэн зайлуулж байхад та ганцаараа дийлэх үү гэж хэлснийг минь дуугүй инээж өнгөрөөчхөөд яг камeрийн өмнө лайв явж байхад "Б. Хурцыг Солонгос явуулж өгөөч гэж сэтгүүлч та надаас гуйсан биз дээ. Тан шиг ингэж олон хүн гуйгаад байна" гэж мушгидаг байгаа. Би цочоод ёстой хэлэх үг олдсонгүй. Дэргэд яриа авч байсан 10 гаруй сэтгүүлч зураглаач ямар азаар миний гишүүнд юу гэж хэлснийг сонссон байсан юм. Тэгээгүй бол миний өмнөөс бухимдаж ямар эвгүй хүн бэ гэж гайхахгүй, харин ч намайг л буруугаар бодоод өнгөрөх байсан даа" хэмээсэн байна. Сэтгүүлчийг камерын өмнө ингэж улайхгүй, түгдрэхгүй гүтгэж байгаа хүн өөр хэнийг ингэж гүтгэж байгааг хэлж мэдэхгүй юм.