Японд дадлагажигч илгээх 12 компанийн зөвшөөрлийг хүчингүй болголоо
2017/11/24
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нийт 66 байгууллагыг хамруулан шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тушаал гаргаж зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Уг тушаалаар Япон улсад дадлагажигч гаргахаар ХНХЯ-наас тусгай зөвшөөрөл авсан “Аск Эба”, “Баян Алтан бухт”, “Би Жи Сервис”, “Кайкакү”, “Монжа Интернешнл Эдүкейшн”, “Монфүжи”, “Монгол стандарт”, “Сарухай”, “Ти Ай Партнерс”, “Хар-Од”, “Эрмэг жигүүр”, “Эрхэс Очир Эрдэнэ” гэсэн 12 компанийн гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл энэ сарын 20-ноос эхлэн хүчингүй гэсэн үг юм.
Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтаар баримт бичгийн бүрдүүлэлт хангалтгүй, зуучлалын төлбөр, сонгон шалгаруулалтын журам, хураамж авах тухай тогтоол, шийдвэр байхгүй, зуучлалын үйл ажиллагаа явуулаагүй, зуучлалын үйл ажиллагааны хураамж, япон хэлний сургалтын төлбөрөөс олсон орлогыг санхүүгийн тайланд тусгадаггүй, аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан байхгүй, тусгай зөвшөөрөл авснаас хойш дадлагажигч илгээгээгүй, тусгай зөвшөөрлийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, боловсон хүчин, хүний нөөцийн хувьд хангалтгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй, түр сургалт явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр япон хэлний сургалт явуулсан, сургалтын анги танхим хүрэлцээгүй, багшлах боловсон хүчин хангалтгүй, иргэдээс их хэмжээний төлбөр, хураамж авсан хэрнээ дадлагажигчаар илгээгээгүй талаар өргөдөл, гомдол ирүүлсэн, хүлээн авагч талын хариуцах зардал болох дадлагажигчийн онгоцны тээврийн зардлыг иргэдээс авдаг, хүлээн авагч талын хариуцдаг зардал болох дадлагажигчийн Японд очсон эхний сарын амьжиргааны зардлыг иргэдээс авсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.