Шиү-Шү-Жан зарим Монголчуудын урилгаар орж ирсэн
2017/11/27
Түүхийн жимээр: Шиү-Шү-Жан
Нөгөө 10 мянган гамин цэрэгтэй орж ирээд Монголыг түйвээдэг бидний нэрлэж заншсанаар Шиү-Шү-Жан (Хятад галигаараа Xu Shu-Zheng--徐树铮) чинь энэ байна (зургийг харна уу). Англи, латин хэлэнд Hsь Shu-Cheng хэмээн бичдэг нь угтаа нөгөө л алдарт Шиү-Шү –Жаныг хэлж буй хэрэг.
Яг үнэндээ бол энэ Хятад генерал Монголыг цэргийн хүчээр эзлээд авчаагүй юм билээ. Угаасаа манайхан 10 мянган гамин Монголын хилийг даваад орж ирж байхад ганц ч буун дуу гаргалгүй оруулсан нь тийм л учиртай байсан аж. Тухайн үед манайхны зарим нэг эрх мэдэл бүхий нөхдүүд... Хятадын засгийн газраас цэргийн тусламж гуйж Ар Монголыг Оросын аюулаас аварна уу, хамгаална уу гэсэн бичиг явуулснаар Монголын засгийн газрын урилгаар гамингууд орж ирсэн нь үнэн юм. Тусгаар болон салах гэж байж Хятадуудаас цэрэг, зэвсгийн тусламж гуйдаг нь ямар учиртай хэрэг байсныг одоо болтол хэн ч яг үнэнээр нь тайлбарлаж чадахгүй, эсвэл зүрхлэхгүй байгаа юм шиг. Их л утга авцалдаа муутай асуудал болоод өнгөрсөн!!
Харин нөгөө Шиү чинь орж ирсэн хойноо ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж жинхэнэ нүүрээ харуулсныг бид түүхээсээ мэднэ. Монголын автономат засаглалыг нурааж (үнэндээ де-факто тусгаар улс байсныг нураасан) цэрэг, армийн зэвсгийг хурааж, хил гаальд цэргүүдээ суулгаад, алахыг нь алж, шоронд хийхийг нь хийж гээд... цааш нь бид мэднэ.
Харин эдгээр даварсан гамингуудыг удаа дараа бут цохиж Монголоос хөөн гаргах эхийг тавьсан Барон Унгерн, түүнтэй хамтран зүтгэсэн Цэвээн тэргүүн, Бавуужав гүн, Тогтох тайж гээд нөхдүүдийн Монголчуудын өмнө гүйцэтгэсэн гавьяа агуу бөгөөд бүдгэрүүлэн далдлах нь зохисгүй. Бодоо, Данзан, Сүхбаатар, Чойбалсан, Магсаржав, Дамдинсүрэн, Лосол, Догсом, Чагдаржав, Хасбаатар, Дамбадорж гээд цаг үеийн байдлыг зөв, овжноор ашиглан Монгол улсаа тусгаар тогтнуулхад амь насаа зориулж үр хүүхэд бидэндээ туурга тусгаар Монгол улсыг үлдээсэн бусад олон өвөг дээдсийнхээ суу алдрыг ч бид дуурсан бахархсаар байх болно.
Сониноос манай түүх, кинонд хүртэл дүр нь үлдсэн энэ Шиү генерал Хятадын Анхуй мужийн нэлээн том сэхээтэн гэр бүлээс гаралтай бөгөөд тухайн үеийн Хятад улсдаа ихээхэн нөлөө бүхий нэгэн байсан аж. Мань эр нэлээд шаггүй “толгойтой” эр байсан бололтой яагаад гэвэл Манжийн хааны ордны Төрийн Албаны Шалгалт хэмээх тун амаргүй шалгалтыг хамгийн бага, залуу насандаа өгч тэнцсэн хүмүүсийн нэг байсан хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Японд цэргийн сургууль төгссөн, тухайн үеийн Хятадын хамгийн хүчирхэг, нөлөө бүхий хүн, ерөнхий сайд асан Дүан Чи Руй-гийн баруун гар, таван эхнэртэй байсан энэ Хятад эр Хятадын дотоод самууны улмаас 1920 онд Монголоос буцаж очоод Италид дипломат албанд томилогдон ажиллаж байсан аж. Шиү Италиас 1924 онд буцаж ирсэн бөгөөд 1925 онд Хятадын төрийн эрхийн төлөөх бүлэглэл хоорондын зөрчлийн улмаас өрсөлдөгч бүлгийн Жан-Жи-Жианг (Zhang Zhijiang) гэгчид баригдаж алуулсан аж. Хятад, мөн Монголын түүхэнд нэрээ үлдээсэн Генерал Шиү-гийн үр хүүхдүүд өдгөө Тайвань улсад амьдардаг аж.
Х.Батсуурь
а · 2017/11/27
энэ хүнд түүх бичлэгийн наад захын мэдлэг алга зүгээр л нэг хийрхэгчийн нэг бололтой