Харь холын Америк улсад багагүй хугацаанд уран бүтээлээ туурвиж ажиллаж амьдарч байсан "Sweetymotion" хамтлаг эх орондоо буцан ирж уран бүтээлээ туурвиж байгаа. 2012 онд тус хамтлагийн 15 жилийн ой тохиож сонсогч фэнүүдтэйгээ хамт өнгөрүүлсэн. Тэд энэ хугацаанд “Он цаг хувь заяа”, Чука ахын “Чи миний хавар” болон манай хамтлагийн  “Алтан намар” гэх мэт дуунуудыг дуулан олонд хүргэсэн билээ. 

Тэгвэл дуучин бүсгүйчүүд маань 40-60-аад оны бүтээлүүдийг дахин сэргээн дуулсан цомгийн ажилдаа орсон аж. 2014 оны эхээр эхний цомог нь худалдаанд гарах гэнэ. 

Мөн тэд Залуучууддаа зориулж шинэ дууны зураг авалтдаа оржээ. Уг дууны үг, аяыг  “Жигүүр гранд” компанийн захирал Д.Баттөр ах зохиосон “Хайрласан хайр” гэж дуу бөгөөд клипийг нь “Cross” студийн хамт олон бүтээхээр ажиллаж байгаа юм.

"Sweetymotion" хамтлагийн нэгэн сайхан мэдээг дуулгахад дуучин Сүндэрээ нь ээж болох гэж байгаа. Энэ нь бүсгүйчүүдийн шинэ жилийн гэнэтийн бэлэг болж чадсан гэнэ шүү. Сүндэрээ амаржиж шинэ хүнтэй болохыг нь тэсэн ядан хүлээж байгаа гэдгээ хамтлагийнхан нэгэн ярилцлагдаа дурдажээ.

Түүнчлэн чадваргүй, хоолойгүй уран бүтээлчдийн дуу хүмүүсийн аманд аялагдаад явдаг. Та нар шиг чадварлаг хоолойтой дуучдын дуу тэр болгон аялж чаддагүй хэмээн асуухад "Ямар ч уран бүтээлчид өөрсдийнхөө уран бүтээлийг ангилж ялгаж гаргадаггүй байх аа. Одоо нэг массд зориулаад, одоо нэг таван настай хүүхдэд зориулаад гэж гаргадаггүй байх. Хүмүүс бид нарт хэлдэг л дээ. Зүгээр л нэг энгийн аяыг ард түмэнд хандаад дуулчих л даа гэж хэлдэг. Бид нарын хувьд зүгээр нэг аян дээр дуулаад клип хийгээд явах сонирхол байдаггүй. Харин уран бүтээл хийе гэсэн бодлоор уран бүтээлээ хийдэг. Тэр маань таалагдах хүмүүст нь таалагдаж, таалагдахгүй хүмүүст нь таалагддаггүй. Хамтлаг бүхэн ижилхэн уран бүтээл хийгээд байх юм бол тэр хүмүүст сонин биш шүү дээ. Ялгах гэж уран бүтээл хийдэггүй гэхдээ  л өөр өөрийн онцлогтойгоор уран бүтээлүүдээ хийдэг. Тиймээс ч өөрсдийн гэсэн фенүүдтэй байдаг. Яг хоёрдахь Жавхлан байвал хэнд ч онц биш биз дээ" хэмээн хариулсан юм.

Д.Ана