“Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт онол, практикийн хурал боллоо
2017/12/01
“ Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт онол практикийн хурлыг ХХААХҮЯам болон ШУТИС-ийн Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн сургууль, Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль хамтран зохион байгууллаа. Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар салбар яамдын төлөөлөл, үйлдвэрлэгчид, эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг хийж, шийдэл гаргах зорилготойгоор уг хурлыг хийсэн юм.
Онол практикийн хуралд үйлдвэрлэгчид, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагаас нийт 100 гаруй хүн оролцож, арьс ширний салбарын хүний нөөц, түүхий эд материал, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, экспортын тулгамдсан асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлоо солилцлоо.
Хэлэлцүүлгийн хүрээнд салбарт тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, шийдвэрлэх арга зам, шийдлийн талаар санал зөвлөмж гаргаж, холбогдох төрийн байгууллагад хүргүүлэхээр тогтсон нь хурлын үр дүн байлаа.
Онол практикийн хурлын үеэр арьс ширний үйлдвэрлэлийн салбарт гарч байгаа технологийн ололт амжилтыг харуулсан бүтээл, бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргаж, оролцогчдод үзүүлсэн юм. Мөн манай улсад хэрэгжиж буй төслийн нэгжүүд болон UNIDO, Койка, JICA, ТИКА зэрэг олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.