Өнгөрсөн жилийн улсын их баяр наадамд долоо давж улсын заан цолны болзол хангасан удамт бөх Н.Жаргалбаяртай ярилцлаа


-Таны бөхийн замд орсон үеэс ярилцлагаа эхэлье?

-За энэ сайхан өдөр “Өдрийн сонин”-оор дамжуулж Монголын ард түмэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Миний хувьд 20 нас хүрч байж бөхийн спортоор тууштай хичээллэж эхэлсэн. 2010 оноос хойш улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн удирдлагад бэлтгэл сургуулилт хийсэн. Тэр үед харцага багш бөх болох хүсэл сонирхолтой Сэлэнгэ аймгийн 40 гаруй залуусыг цуглуулж “Алдар” спорт хороон дээр бэлтгэл хийлгэж байсан нь “Таван хан” дэвжээний суурийг тавьж байсан юм байна лээ. Тэр үед л ачаалалтай хийж байсан бэлтгэл маань миний үзүүлсэн амжилтуудтай салшгүй холбоотой байдаг. Хамт хөдөлмөрлөж байсан залуус маань өнөөдөр дийлэнх нь цолоо ахиулаад сайн барилдаж байна.

-Анх ямар цол хүртэж байв?

-Эхлээд 2010 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын наадамд үзүүрлэж сумын начин цол хүртэж байсан байна. Харин дараа жил нь Ерөө сумынхаа баяр наадамд түрүүлж сумын заан цол авсан. Энэ үеэс л үндэсний бөхөөр барилдаад амжилт гаргаж болох талаар толгойд бодогдож эхэлсэн дээ. Бэлтгэлээ улам эрчимжүүлж хийсэн минь үр шимээ өгч дараа дараагийн цолууддаа хурдан хүрсэн. 2012 онд аймгийн начин болоод 2013, 2014 онуудад түрүүлж аймгийн хурц арслан болсон.

-Таны аав Д.Нэгдэл улсын начин цолтой сайн барилдаж байсан бөх. Аавынхаа барилдааныг үзэж байв уу?

-Миний аав 1979 оны улсын наадамд улсын арслан Ө.Эрдэнэ-Очироор тав давж начин цол хүртэж байсан. Ид сайн байх үеийнх нь барилдаануудыг сүүлд бөхөд дур сонирхолтой болсон хойноо бичлэг дээрээс л харж байсан даа. Аав үндсээс гадна чөлөөт бөхөөр хичээллэж байсан учраас хурдтай хараатай барилддаг байсан юм билээ.

Н.Жаргалбаяр зурган илэрцүүд-Аавынхаа барилдаанаас сурах зүйл их байв уу. Д.Нэгдэл начин олон хувилбар мэх хийж, өвөрмөц барилддаг байсан шүү дээ?

-Мэдээж суралцах зүйл их байсан. Гэхдээ бид хоёрын барилдааны арга барил өөр л дөө. Аав 175 см орчим өндөртэй, бөхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер цолтой тамирчин хүн. Тиймээс биеийн онцлогтоо тааруулж баруун, зүүн хөл авах, мушгиж тонгорох гээд олон төрлийн барилдаантай байсан. Харамсалтай нь зарим нэг шалтгааны улмаас олон жил барилдаж чадаагүй. Миний хувьд өндөр чацтай учраас шийдвэрлэх барилдаануудаа золгосон, шуудагдсан барьцнаас хийдэг. Ийм барилдаан маань сэтгэлд нь нийцдэггүй юм шиг санагддаг. Зүгээр зогсоод байх юм, урагшаа явж барилд гэж их зэмлэдэг.

-Та бөхийн өргөөнд барилдаж эхлэн “Таван хан” дэвжээгээр зарлуулж гарч байгаад “Увс нуур” галын бөх гэж барилдах болсон. Харьяаллаа яагаад сольсон юм бэ?

-Улсын аварга, арслан цолтой бөхчүүдийн бэлтгэл сургуулилтыг нь хангаж, тэднээс юм суралцахыг хүсч сольсон. Олон шилдэг бөхчүүдтэй бэлтгэл сургуулилт хийж, гар зөрүүлснээр өөрийгөө илүү дайчилж тэр хэрээр амжилт өссөн.

-Та 2010 онд нэгэн томоохон барилдаан дээр нэгийн даваанд гурван удаа гарч барилдаж байсан санагдаж байна. Энэ талаар дурсамжаа хуваалцахгүй юу?

-Би тэр үед сумын начин цолтой залуу Дөрвөн уулын хишиг барилдааны аманд гардаг байсан. Сумын цолтнууд бөхийн тоо гүйцээгээд нэгийн даваанд хоёр, гурав гарах тохиолдол гардаг байсан. Тэр барилдаанд би эхлээд улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр начинтай барилдаад уначихаад ирээд сууж байтал гарын даа дахиад гарчих гэж байна. Дараа нь Ч.Булганхүү арслантай барилдах гэсэн арслан “чи унасан” гээд барилдаагүй. Харин гурав дахь удаагаа гарахдаа Завханы Ж.Сүхбат арслантай барилдаад шуудагны барьцнаас мордоод давж байсан. Хоёрын даваанд дархан аварга Г.Өсөхбаярын аманд очиж өвдөг шороодсон. Дараа нь МҮБХ-ны нарийн бичгийн дарга, тайлбарлагч Б.Цогтбаатар ах “Чи чинь хэдэн удаа гарч барилддаг юм бэ” гэж уурлаж байсан. Одоо бодоход бөх болох гэж хөглөж байсан минь инээдтэй санагддаг юм.

-2015 онд улсын наадамд анх удаагаа барилдахдаа Дорнодын Д.Анарт өвдөг шороодсон. Гурвын давааны төгсгөлд тунасан хоёр аймгийн цолтны барилдаан бөх сонирхогчдын анхаарлын төвд байсан. Энэ барилдааны талаар ярихгүй юу?

-Аймгийн хурц арслан болоод анх удаагаа улсын наадмын дэвжээ үзсэн маань тэр. Гараад өөрийнхөө барилдааныг ерөөсөө гаргаж чадалгүй хөмрүүлж нэлээд чанга унаж байсан шүү. Уначихаад шарлахаад намар нь бэлтгэлдээ их эрт орсон. Илүү хөдөлмөрлөх ёстойгоо ойлгож урьд өмнөхөөсөө илүү их хичээж, хувийн сахилга батаа нэмэгдүүлсэн дээ.

-Сургамжтай барилдаан болжээ. Та дараа жилийн наадамд нь зургаа давж улсын харцага цол хүртсэн?

-Тийм ээ. 2016 онд тэгш ой тохиож 1024 бөх зодоглосон болохоор аймгийн цолтнуудад улсын цол хүртэх боломж нээгдсэн. Би анхны багш улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав давж начин, харцагын даваанд Хөвсгөлийн Ч.Хөхчирэнгэртэй тунаж барилдаад харцага цолны болзол хангасан даа. Зааны даваанд нэг дэвжээний аварга С.Мөнхбат амлахад нь гуядах гээд хутгуулж унасан.

-Хоёулаа өнгөрсөн жилийн наадмын талаар ярилцъя. Наадмын бэлтгэл дээр сурвалжлагч ярилцлага авах гэхэд нь “ Ахаа хоёулаа наадмаар 12-ны орой цэнгэлдэхэд ярилцья” гэж хариулсан гэсэн. Үүнээс үзэхэд цолоо ахиулна гэдэгтээ их л итгэлтэй байж дээ?

-Монгол хүн амны билгээр гэдэг. Сайхан юм ярьж явбал бүтэж байдаг гэж би боддог. Бэртэл гэмтэлгүй дээрээс нь галынхаа наадамд түрүүлчихсэн байсан болохоор 12-ны орой цол нэмээд баяртайгаар уулзъя гэж бодсоны үүднээс л тэгж хэлсэн.

-Наадмын даваануудын талаар ярихгүй юу. Ялангуяа гурвын даваанд Говь-Алтайн хурц арслан Д.Тангадтай хүнд барилдаан хийсэн байх?

-Гурвын давааны барилдаан хүнд болсон шүү. Барилдааны үндсэн цаг дуусаад шодоход барьц сонгуулсан. Барьцыг нь тавиулаад өөрөө сонгоод л даваа авсан даа. Барилдааны явцад зүүн хөлөө бага зэрэг бэртээсэн ч цаашдаа өөрийнхөөрөө сайн барилдаад Сүхбаатарын улсын начин Бо.Батжаргал, Өвөрхангайн онжав харцага Х.Гантулга, Булганы улсын начин Д.Тамир нарыг даваад заан цолны даваанд нутгийн аварга Г.Эрхэмбаяр ахынхаа буян заяаг хүртсэн дээ.

-Ц.Содномдорж арслантай хийсэн барилдааны талаар?

-Энэ цагт олон бөх сонирхогчдын түрүү бөхөөр нэрлэж байсан хүчит харцагатай наймын даваанд амлуулсан. Өөрийнхөөрөө барилдсан ч туршлага дутаад өвдөг шороодсон. Харамсаад байх зүйл байхгүй ээ. Содном арслан маань сайн барилдаж төрийн наадмын түрүү хүртсэн.

-Барилдааны явцыг дэргэрүүлж яривал. Ц.Содномдорж арслан эхлээд тохоход нь сандарсан уу?

-Арслан давхар шуудагны барьцнаас тохоход нь мэдрээд араар нь хашиж мордсон ч дутуудаад, мөргүүлээд унасан. Тухайн үеийн барилдааны агшин эгзэг нь тэгж таарсан.

-Таны багш, аав зэрэг хүмүүс гарьд цолны хариуцлагатай даваанд гарахад юу зөвлөж байв.

-Т.Өсөх-Ирээдүй багш болон нутгийн аварга Г.Эрхэмбаяр тэргүүтэй нутгийн бөхчүүд “Өөрийнхөөрөө барилдаарай, яарч болохгүй шүү” гэж зөвлөж, зоригжуулж байсан. Зөвлөгөөг нь дагаж өөрийнхөөрөө барилдаад түрүү бөхөд шороодсон. Бөхчүүд хэлдэг дээ “Түрүү бөхтэй л таарчихгүй юмсан” гэж. Түрүүлэх бөхийн хийморь өөр байдаг юм байна лээ. Гэхдээ миний хувьд нас залуу, наадам олон байгаа. Суралцах зүйл ч маш их бий.

-Таныг бөхийн хүрээнийхэн “Каран Жагаа” гэж дуудаад байсан. Энэ нэрнийхээ талаар тайлбарлавал?

-Би өөрийнхөө биеийн онцлогт тааруулж ихэнх барилдаанаа шуудагны барьцнаас хийдэг. Голлож хийдэг мэх маань шахаж татах. Үүнтэй л холбоотой байх даа.

-Та 2013 онд дархан аварга А.Сүхбатаас “Ирээдүйн аварга” шагналыг хүртэж байсан?

-Нэгэн цаг зүлэг ногоон дэвжээг чимж явсан аваргаас “Ирээдүйн аварга” шагналыг нь гардсандаа баярлаж явдаг шүү. Энэ шагналыг авсан хүмүүс цаашдаа бүгд сайн барилдаж цолоо ахиулдаг сайхан уламжлалтай. Энэ шагналыг бэлгэдэж ирээдүйд аварга болохын төлөө илүү хөдөлмөрлөнө дөө.

-Танд амжилт хүсье?

Энэ завшааныг ашиглаад бөхөд хайртай Сэлэнгэ нутгийн зон олон болон “Таван хан” дэвжээ, “Увс нуур” дэвжээ, “Blue Dragon” компанийн хамт олондоо талархал илэрхийлье.

О.ДАШНЯМ