Гурилын үнийг тогтворжуулж чадаагүйд нь Засгийн газрыг огцруулъя
2014/01/05
Энэ Засгийн газар хоёр оныг ардаа үлдлээ. Харин ард түмний амьдрал дээшилж, улс орон нь хөгжиж байна уу гэдгийг асуухад ичгэвэртэй. Он солигдох мөчид хүүхдүүдэдээ гарын бэлгийг нь гар татахгүй авч өгсөн, ширээн дээрээ амтат бялуу тавьсан айл цөөн байсан нь лавтай.
Учир нь бараа таваарын үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар муудсаар байна. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь “Өндөгний үнэ нэмэгдсэн нь бидэнд хамаагүй” ухааны юм ярьж суугаа нь харамсалтай хэрэг. За яах вэ, Засгийн газарт өндөгний үнэ асуудал биш байж болох юм. Харин үнэ тогтворжуулах нэрийдлээр “Гурилын үнийг тогтворжуулах” хөтөлбөрийг 2012 оны аравдугаар сарын 26-нд баталсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Үүний нэгд нь гурилын үйлдвэрүүдэд шинэ ургацын хүнсний улаан буудай худалдан авахад хөнгөлөлттэй зээлийг олгох замаар гурилын жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах нөхцлийг тогтмол хангах бүхий “Гурилын үнийг тогтворжуулах” хөтөлбөр нэртэй ажлыг эхлүүлсэн. Үүний хүрээнд Монголбанкнаас 61 тэрбум төгрөгийн зээлийг гурилын үйлдвэрүүдэд өгөхөөр шийдвэрлэснээс өнөөдрийн байдлаар 24 үйлдвэрт 48,7 тэрбум төгрөгийг олгосон. Гэтэл гурилын үнэ тогтворжиж чадсан уу. Харамсалтай нь ийм боломж нээгдсэнгүй. 25 килограмм шуудай гурилыг дунджаар 16500 төгрөгөөр худалдан авдаг байсан нь саяхан. Тэгвэл өнөөдөр 21000 төгрөг болтлоо өсөж, иргэдийн халааснаас гарах мөнгө улам л нэмэгдэж байна. Тэгэхээр үүнээс Засгийн газрын хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр зөв байсан уу гэдэг асуудал гарч байгаа юм. Нөгөөтэйгүүр энэ хөтөлбөрийн хүрээнд гурилын үнийг тогтворжуулж чадаагүйд нь Засгийн газарт хариуцлага тооцох нэг алхам бий боллоо.
Өдөр ирэх тусам гурилын килограмм тутмын үнэ нэмэгдэж байгаа нь нууц биш. 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 3.4, нэгдүгээр зэргийн задгай гурил 3.4, хоёрдугаар зэргийн савласан гурил 0.8 хувиар өссөн үзүүлэлт бий. Энэ нь манай улс гурилынхаа бүтээгдэхүүнийг хангах улаан буудайн нөөцгүй болсноос үүдэлтэй гэдэг. Тиймээс ОХУ-аас 100 мянган тонн улаан буудай импортлон авах саналыг УИХ-аар хэлэлцэж байгаа нь “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр гээч нь нүдээ олсон уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтөөс хамаарч гоймон, цагаан будаа, гурил орлох бүтээгдэхүүний импорт нэлээд буурсан. Дотоодын гурил, гурилан бүтээгдэхүүний эрэлт энэ хэрээр өсч байгаа. 2013 онд 126,5 мянган тонн буудайн нөөц бүрдүүлснээр гурилын үйлдвэрийн хэрэгцээг жилийн хугацаанд хангаж, гурилын үнийг тогтвортой хадгалж ирсэн. Тиймээс 2014 онд хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор 100 мянган тонн улаан буудайн нөөцийг бүрдүүлэх саналыг оруулж байна. Гурилын үнийг тогтвортой байлгахад импортын буудайн гааль, НӨАТ-аас чөлөөлөх нь чухал” хэмээн байр сууриа илэрхийлсэн удаатай. Үүнээс улаан буудайгаа дотооддоо 100 хувь хангадаг байсан манай улс яагаад гаднаас импортлох дээр тулчихваа гэдэг нь асуудал үүсгэж байгаа юм. Үүн дээр ч УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. Нөгөөтэйгүүр Засгийн газар тонн улаан буудайг 320 мянга гэж тогтоосон нь гурилын үнэ нэмэгдэх нэг эх үүсвэр болсон байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, 2013 оны ургац хураалтын дүнгээр нийт 369,8 мянган тонн улаан буудай хурааж авсан. Үүнийг 2012 оныхтой харьцуулахад 95,4 мянган тонноор хураалтын дүн багассан юм. Тариалан эрхлэгчид Засгийн газарт “Нэг тонн улаан буудай худалдаж авах үнээ 400 мянган төгрөг болгож нэмэгдүүлээч. Ингэж байж хэвийн үйл ажиллагаа явуулах бололцоотой болно” гэж хүсэлт тавьсан ч 320 мянган төгрөгөөр тогтоосон. Энэ байдлаас болоод тариалан эрхлэгчид ургац муу хураах шалтгаан болсон. Тэгэхээр Засгийн газрын бодлогын алдаанаас болоод өнөөдөр Монгол Улс улаан буудай экспортлогч биш импортлогч орон болж, тэр байтугай гурилынхаа үнийг тогтвортой барьж чадахгүй байдалтай болсон нь энэ.
С.МӨНХБАЯСГАЛАН
Зочин · 2014/01/07
Balaii gar ogtsroh heregtei sh dee