Зөвлөлт болон Оросын театр киноны нэрт жүжигчин, эстрадын алдарт дуучин Людмила Марковна Гурченкогийн тухай уншигч та бүхэндээ сонирхуулж байна.
“Буудалд учирсан хоёр” киноны зоогийн газрын үйлчлэгч бүсгүйн тэр л дотно дүрээрээ бидний сэтгэлд мөнхөрсөн эрэмгий хийгээд үзэсгэлэн төгс эмэгтэйн амьдрал түүх үнэхээр сонирхолтой билээ.
Гурченко хуучны ЗХУ-ын Украины Бүгд Найрамдах Улсын Харьков хотод 1935 оны 11-р сарын 12-нд Марк Гаврилович Гурченко, Елена Александровна Симонова-Гурченко нарын гэр бүлд төрсөн бөгөөд 2011 оны 3 сарын 30-нд 76 насандаа өөд болжээ.
Түүний эх язгууртан, харин эцэг нь барлагийн удамтай байв. Төрсөн цагаасаа эхлээд Аугаа Эх орны Дайн эхлэх хүртэл Харьковт эцэг эхтэйгээ подвалын нэг өрөөнд амьдарч байлаа. Дайнаас өмнө Людмила Гурченкогийн эцэг эх Харьковийн филармонид ажилладаг байсан юм. Эцэг нь баян хуур тоглодог мэргэжлийн хөгжимчин бөгөөд баяр, наадам дээр дуулж хуурдаж, харин ээж нь түүнд тусалдаг байв.
1944 оны намар Людмила Гурченко Бетховены нэрэмжит хөгжмийн сургуульд элссэн юм. 1953 онд дунд сургуулиа төгссөний дараа Москва руу явж, Бүх Оросын Кино Урлагийн Дээд Сургуульд элсэж,Сергей Герасимов болон Тамара Макарова нарын урланд орж сургуулиа төгсчээ.
Анх 21 настайдаа Ян Фридийн «Үнэний зам» кинонд тоглосноор кино урлагт хөл тавьсан түүхтэй. Тухайн онд Оросын алдарт найруулагч Эльдар Рязановын бүтээсэн залуу оюутан Людмила Гурченко гол дүрд нь тоглосон «Багт наадмын шөнө» гэдэг инээдмийн кино дэлгэцнээ гарч ихээхэн амжилт олсон юм. Ийнхүү үзэгч олны дуртай, хүсэн хүлээдэг бүтээл нэгээр нэмэгдэж, ёстой л Зөвлөлтийн ард түмний хайрыг булаасан жүжигчин болж чадлаа.
1965 онд Людмила 30 нас хүрээд гэрлэлтээ цуцлуулсаны дараа анхны өөрийнх нь байр болох нийтийн байранд амьдрах болжээ. Людмила Гурченкогийн өндрөөр үнэлэгдсэн томоохон бүтээлүүдээс Алексей Германы «Дайнгүй 20 жил», Андрей Михалков- Кончаловскийн "Сибириад", Никита Михалковын «5 шөнө», Эльдар Рязановын «Буудалд учирсан хоёр», Петр Тодоровскийн «Механикч Гавриловын хайртай эмэгтэй», Роман Балаяны «Өдрийн бодол, шөнийн зүүдэн дэх нислэг», Владимир Меньшовын «Хайр дурлал ба тагтаанууд» зэрэг киног нэрлэж болох юм.
Людмила Гурченкогийн дуулсан хэд хэдэн цомог гарсан байдаг. 2011 онд
Людмила Марковна Оросын одоо цагийн од дуучин, хөгжмийн зохиолч, яруу найрагч, хөгжимчин Земфирагийн «Хүсч байна уу?» дууны хөгжимт клипэнд тоглосон нь түүний хувьд эцсийнх нь байжээ. Тэрхүү клипэнд Людмила Гурченко Олег Янковский, Андрей Мирнов, Александр Абдулов, Юрий Никулин болон бусад жүжигчидтэй хамт бүжиглэдэг бөгөөд энэ нь түүний насан өөд болохоос нэгхэн сарын өмнө хийгдсэн байна.
1959 оны 6 сарын 5-нд охин Мария Борисовна Королёва төрсөн. Зээ хүү Марк Александрович Королёв 1982 оны 9 сарын 22-нд төрсөн боловч харамсалтай нь 1998 онд 16 насандаа хар тамхины тунг хэтрүүлсэнээс болж нас барсан. Зээ охин Елена Александровна Королёва нь 1983 оны 11 сарын 17-нд төрсөн одоо 29 настай. Гуч охин нь 2008 оны 2 сарын 11-нд төрсөн байна. Бяцхан охин эмэг эхтэйгээ тун адилхан боловч түүнийгээ хэзээ ч хараагүй юм.
2011 оны 2 сарын 14-нд Гурченко хальтирч унаад хөлөө хугалсан. Түүнийг эмнэлэгт хэвтүүлж маргааш нь хагалгаа хийгээд 3-р сарын 7-нд эмнэлгээс гаргасан юм. 3 сарын 30-нд жүжигчний эрүүл мэндийн байдал улам муудаж, дуудлагаар ирсэн түргэн тусламж эмнэлэг рүү явах 21 минутын хугацаанд сэхээн амьдруулж чадалгүй 19:28-нд түүний үхлийг бүртгэсэн гэдэг. Насан эцэслэх хүртэл нь түүний нөхөр продюсер Сергей Михайлович Сенин дэргэд нь байсан гэдэг. Энэхүү явдалд Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Оросын холбооны улсын засгийн газрын тэргүүн Владимир Путин нар гэр бүлд нь эмгэнэл илэрхийлжээ.
2011 оны 4 сарын 2-нд Людмила Гурченкотой хагацах ёслол Москвагийн Зохиолчдын Төв Ордонд болсон. Тэр өдөр оршуулгын ажил Новодевичьевын оршуулгын газар болж, нэрт жүжигчинг Татьяня Шмыга, Олег Янковский болон Вячеслав Тихоновын дэргэд хөдөөлүүлсэн юм.
2011 оны 9 сарын 30-нд, Людмилаг өөд болсоноос хойш 6 сарын дараа, Гурченкогийн гэр бүлийнх нь зөвшөөрөлтөйгөөр амьдралын сүүлчийн хүнд бэрх үеийн хувийн тэмдэглэл болон бичлэгийг нийтийн хүртээл болгожээ.
1956–2010 оны хооронд Людмила Марковна Зөвлөлт болон Оросоор зогсохгүй, гадаадын олон сая үзэгчдийн сэтгэл зүрхийг булаасан кино урлагийн олон сайхан бүтээлд гайхаад барамгүй жүжигчний авьяас, ур чадварын төгс төгөлдөр байдлыг бүрэн илтгэсэн 100 гаруй уран сайхны шилмэл бүтээлд гайхамшигт дүрүүдийг амилуулсан билээ.