Монгол улсын нутаг дэвсгэрт хийгдэж байгаа бүх арилжаа наймаа нь төгрөгөөр хийгдэх ёстой. Үүнийг хуульчилж өгсөн байдаг бөгөөд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт тавьдаг. Тодруулбал,

  • Төв банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д  “Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төгрөг нь өөрийн нэрлэсэн дүнгээрээ Монгол улсын нутаг дэвсгэрт бүх төлбөр тооцоонд хэрэглэгдэх төлбөрийн хууль ёсны хэрэгсэл мөн”,
  • Иргэний хуулийн 217 дүгээр зүйлийн 217.1-д  “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ”,
  • Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр  гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.” гэж тус тус заасан.

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс дээрх хууль, эрх зүйн актуудыг хэрэгжүүлэх зорилгоор хяналт шалгалтыг явуулж байгаа хэдий ч хуулийн заалт, ялангуяа хуулийн заалтыг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо сул байдаг. Тиймдээ ч эрх зүйн орчинг сайжруулах шаардлага байгааг Монголбанкныхан ярьж байсан удаатай.

Санхүүгийн зохицуулах хорооноос Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу:

  • 2012 онд 3 удаа шалгалт хийж, 121 байгууллагыг хамарч, 38 байгууллагад 178,308,000 төгрөгийн;
  • 2013 онд 1 удаа шалгалт хийж, 41 байгууллагыг хамарч, 14 байгууллагад 134,400,000 төгрөгийн;
  • 2014 онд 1 удаа шалгалт хийж, 20 байгууллагыг хамарч, 2 байгууллагад 13,440,000 төгрөгийн
  • 2015 онд 1 удаа шалгалт хийж, 1 байгууллагыг хамарч, 9,600,000 төгрөгийн 
  • 2016 онд 1 удаа шалгалт хийж, 11 байгууллагыг хамарч, 5 байгууллагад 52,800,000 төгрөгийн торгууль ногдуулжээ.

Санхүүгийн зохицуулах хорооноос Валютын зохицуулалтын тухай хуулийн дагуу: 2013 онд 4 удаа шалгалт хийж, 159 байгууллагыг хамарч, 13 байгууллагад 49,920,000 төгрөгийн торгууль ногдуулсан ба бусад жилүүдэд шалгалт хийгээгүй байна. Мөн 389 банк бус санхүүгийн байгууллагад хууль хэрэгжүүлж ажиллах талаар мэдэгдэл хүргүүлж, 4 удаа 137 байгууллагыг хамруулан үзлэг явуулсан байна. Харин 2017 болон энэ онд Санхүүгийн зохицуулах хорооноос ямар нэг шалгалт хийгдээгүй.

Уг нь хяналт шалгалт хийх цаг болсон уу гэвэл болсон. Өдрөөс өдөрт үнэгүйдэж байгаа төгрөгийн нэр төрийг СЗХ-оос шалгалт явуулж тодорхой хэмжээнд сэргээх учиртай. Өөрөөр хэлбэл хууль зөрчин бараа, ажил үйлчилгээнийхээ үнийг төгрөгөөр бус гадаад валют, тооцооны нэгжээр илэрхийлсэн, төлбөр тооцоог гүйцэтгэсэн, зарлан сурталчилсан тухайн иргэн, хуулийн этгээдийн орлогыг хураах, торгох, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, үйл ажиллагаа эрхлэх эрхийг цуцлахаар шүүхэд хандах хүртэл хариуцлага хүлээлгэх ажлаа хийж Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг үнэгүйдлээс хамгаалах, иргэд, хуулийн этгээдийн бодит орлого болон худалдан авах чадварыг тогтворжуулахад хувь нэмрээ оруулах цаг болсныг сануулж байна.