Тэрээр Хятадын нэгэн ядуу гэр бүлд төрж өссөн. Гэр бүл нь бүр хүүхдээ бусдад “зарах” хүртлээ үгээгүй ядуу байжээ. Эцэг эх нь Жэки Чаныг эх барьж авсан Британи эмчид 26 ам.доллараар худалдахыг оролдсон байна.
Жэки Чан эхээс 5.5 кг жинтэй мэндэлсэн. Учир нь илүү тээлттэй буюу эх нь түүнийг 12 сар тээж, эцэст нь кесаревын хагалгаа хийж, гарган авсан байна. Тиймээс ээж нь Жэки Чаныг багад нь Пао Пао буюу “их буу” гэж хочилдог байв. Жэки Чан багадаа үүгээр ч зогсохгүй олон хочтой байжээ. Хамгийн аюултай, аз сорьж, амь эрссэн үзүүлбэрийнх нь улмаас “baseball bat” буюу “бэйсболын цохиур” гэж ч нэрлэдэг байв.
Түүнийг 7 нас хүрэхэд эцэг эх нь ажил хөдөлмөр эрхлэхээр Австралийг зорьж, харин Жэки Чаныг Хонконг дахь дотуур байртай сургуульд үлдээжээ. Энд Жэки Чан “Том хамар” гэх хоч авсан байна. Учир нь уурласан багш нь Жэки Чаны хамрыг саваа модоор цохиж хугалжээ. Сургуульд акробатын урлаг, жүжигчний авъяас чадвар, дорнын гардан тулаанд Жэки Чан суралцсан байна.
Ийнхүү 8 насандаа Жэки Чан анхны дүрээ авчээ. “Том болон жижиг Вон Тин Бар” кинонд жижиг дүр бүтээсэн байна.
1971 онд дунд сургуулиа төгсөхдөө Жэки Чан аль хэдийнэ дэлгэцийн 7 бүтээлд тоглоод амжсан байв. 1962 оноос хойш карьерынхаа туршид 114 кинонд тогложээ. 
Жэки Чан кино уран бүтээлтэй холбоотой олон ч дээд амжилт эзэмшиж, Гиннесийн номонд нэрээ мөнхөлсөн байдаг. Нэг үзэгдлийг хамгийн олон удаа “дубльдсэн” амжилт эзэмшдэг бол, сүүлд 2012 онд нэг киноны титрт хамгийн олон удаа дурдагсан амжилт тогтоосон. Нэг кинонд тэрээр кино зохиолч, найруулагч, гол дүр, продюсер, гүйцэтгэх продюсер, зураглаач, зургийн дарга, туслах продюсер, үзүүлбэрийн найруулагч, гэрэлтүүлэгч, хөгжмийн зохиолч, нийтийн хоол хариуцсан менежер зэрэг нэгэн зэрэг 15 албан тушаал хашжээ.
Нэгэн кинонд тоглох үеэрээ тархиндаа хүнд бэртэл авчээ. Тархинд нь үүссэн нүхийг хуванцраар дүүргэсэн байна. Тус бэртлийн улмаас баруун чих нь сонсголгүй болжээ.
Дашрамд сонирхуулахад, Жэки Чан маш сайн дуулдаг гэнэ. 1984 оноос хойш өөрийн дуутай 20 гаруй цомог гаргажээ. Түүний тоглосон зарим кино жүжигчний дуулсан киногоор төгсдөг байна.
Жэки Чан бол төгс төгөлдөрийг эрхэмлэгч. Гуравхан секундын үзэгдлийн төлөө 1,600 удаа дубльдэж, зураг авалт 2 хоног үргэлжилжээ.
Жэки Чан олон улсын даатгалын компаниудын “хар” жагсаалтад багтсан байдаг. Учир нь Жэки Чаны аюултай үзүүлбэрийн эрсдлийг хүлээхээс компаниуд айдаг байна.
Жэки Чан – Хятадын болон Америкийн кино жүжигчин, кино найруулагч, продюсер, кино зохиолч, үзүүлбэрийн найруулагч, дуучин, буяны үйлстэн, ЮНИСЕФ-ийн сайн үйлсийн элч, тулааны урлагийн мастер, Британийн хатан хааны одонт.
Түүний уриа бол “Айдас – үгүй, орлон тоглогч – үгүй, эн тэнцэх хүн – мөн л үгүй”.
Кино урлагт оруулсан хувь нэмрийнхөө төлөө 2016 онд Оскарын хүндэт шагнал хүртжээ.
Нэр: Жэки Чан /Jackie Chan/

Төрсөн огноо: 1954 оны 4-р сарын 7 /63 настай/

Төрсөн газар: Хонконг хот

Жин: 62 кг

Өндөр: 174 см

Жил: Морь

Орд: Хонь
Жэки Чан нь Тайванийн жүжигчин Лин Фэнцзяотой 1981 онд хуримлажээ. Тэд нэг хүүтэй. Жэки Чаны хүү Чан Цзумин 34 настай.
Чан түүнчлэн гэр бүлийн гадуурх харилцаанаас нэг охинтой ч, охиноо хүлээн зөвшөөрдөггүй байна. 

Эх сур: Доржнамжил