Сонгуулиар ард түмнийхээ төлөөлөл болон сонгогдсон "Эрхэм 76"-гийн өнөөгийн байдлын тухай өгүүлье.

Н.Алтанхуяг тэргүүтэй 76 гишүүд ажилдаа ирдэггүй. Чуулгандаа ирэхээрээ бие бие рүүгээ сайхан үгтэй хэрүүлийн алим шидэлцэн идсээр чуулганаа өндөрлүүлдэг жамтай. Эсвэл чуулгандаа ирэхгүй УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл андыгаа шоконд оруулаад авсан авдаг. Ямар сайндаа л  тэрбээр "Гэнэт зог тусаад хартал хэн ч алга" нэртэй зургийг авч твиттер хуудаснаа нийтэлж байхав. Эрхэм ангийн нөхдөө ирэхгүй болохоор нь арга ядсандаа хоосон танхимд сууж зургаа авахуулан баримтуулаад сууж байхав дээ.

Үүгээр ч зогсохгүй удаа дараа чуулгандаа ирэхгүй, ирсэн нэг нь зугтаж оддог түүхтэй нөхдүүд гэж байгаа. Энэхүү ажил таслалтыг зогсохын тулд гишүүдийнхээ ирцийг хурууны хээгээр бүртгэх асуудал ярьж эхлээд хуулиа хэлэлцээд эхэлсэн.

УИХ-ын дэгийн тухай хуультай холбоотой гурван төсөл хэлэлцүүлгийн шатанд явж байна. УИХ-ын дэгийн тухай буюу гишүүдийг хурууны хээгээр ирц бүртгэдэг, санал өгдөг болгох гурван хуулийн төсөл буюу тодруулбал, А.Бакей, С.Бямбацогт нарын өргөн барьсан төслүүд анхны шалгуураа амжилттай даваад авсан. Ийнхүү тус, тусад нь өргөн барьсан хуулиудыг нэгтгэх явцад  бусдын өмнөөс санал өгсөн гишүүнд хариуцлага тооцох заалт нь гээгдсэн талтай. Үүнийг хууль санаачлагч төдийгүй зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өргөн барьсан төсөлд "Хүний өмнөөс кноп дарж санал өгсөн гишүүнд хариуцлага тооцно" гэдгийг тодотгосон байсан боловч өөр хуультай нэгтгэж, энэхүү заалтыг байхгүй болгосон нь  хариуцлагаас мултрах нэг арга гэж байж болох.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: "Парламентийн нэр хүнд унаж байгаа нь чуулганы хуралдаанаар санал хураахад 10 хэдүүлээ сууж байж ирж нь 60 гаруй хувьтай гардаг" гэсэн нь УИХ-ын үнэн царай. Тиймдээ ч арга ядсан арга хэрэглэж, өөрсдийгөө хурууны хээгээр бүртгэж  байж хариуцлагатай болно гэж хуулийн төслүүд өргөн барьсан. Гэтэл зарим гишүүд нь хурууны хээгээр бүртгэх нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан гэх юм. УИХ-ын гишүүд нь  цагтаа хуралдаж, хуралдаа ирдэг байсан бол заавал бүрэн эрхэд нь халдсан хуулийн төсөл өргөн барих шаардлага байхгүй. Үүргээ ухамсарлаж, сонгогчдынхоо өмнөөс ажиллана гэчихээд ажилдаа ирэхгүй байгаагаа гишүүд зөв зүйл гэж боддог бололтой. Тухайлбал, УИХ-ын гишүүн Су.Батболд "УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан төсөл санаачилж оруулж ирсэн. Хурууны хээг онцгой тохиолдолд ашигладаг" хэмээн ярьж суугаа юм.

"Эрхэм 76"-г чуулгандаа цагтаа ирээд, цугтаа хуулиа батлаад, хэлэлцэх зүйлээ яриад явдаг байсан бол өдийд тэдний яриад байгаа тэрхүү эрхэнд нь халдахгүй байх байсан гэдгийг хаа хаанаа ойлгох л асуудал. Иймхэн зүйлийг ойлгох ухамсартай хүмүүсийг сонгосон л баймаар ард иргэд минь.

Гэтэл хурууны хээгээр ирц бүртгэж эрхээ зөрчлөө гэж гоншигноод сууж байх цаг үе биш л юмсан. Цаана чинь өчнөөн охид, бүсгүйчүүд, энгийн иргэдийн эрх наадахаас чинь илүү зөрчигдөж байна.

"Эрхэм 76" сонгогчдынхоо хүлээлгэсэн итгэлийг нэр төртэй биелүүлээд явж чадахгүй бол УИХ-ын гишүүн гэсэн бүрэн эрхтэй төрийн түшээд өөрсдийгөө өмгөөлж л байхаас даа. Гэхдээ дахиад л сонгууль болж асуудал нэгээр дуусдаггүй гэдгийг сануулчихад гэмгүй.

Та эрхэм нөхдөөс бусад нь хурууны хээгээр ажилдаа ирж очоод амьдраад болоод л байна. Иргэд чинь ажлаасаа хоцорсон гэж хөөрхий муу авдаг хэдээсээ хасуулж болоод байхад "Эрхэм 76" минь гишүүний бүрэн эрхэд халдлаа гэж ярьж ямбалахгүй шүү.

Аливаа нэг зүйлийг шийдэхдээ байнга шахуу маргаж, мэтгэлцдэг хэд энэ жишгээрээ эл асуудлаа явуулсны эцэст  хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн.  Хууль батлагдсанаар гишүүд албан ёсоор хурууны хээгээр бүртгүүлж, ирц, саналаа өгдөг болохоор хэн нь ажлаа хийж, хэн нь ажлаа хийхгүй байгаа тодорхой болно.

Ийн хурууны хээгээр бүртгүүлэх хуулийн төслийг ингэж л маргаан дэгдээж байж эцсийн хэлэлцүүлэгт явуулж байгаа "Эрхэм 76"-ийн тухай өгүүлэхэд ийм л байна.

Х.Даваа