Задарсан засаг ноёдоо базах цаг болжээ, Ерөнхий сайд аа
2014/01/10
Хуулийн дээр хөх тэнгэр л бий гэж улстөрчид цэцэрхэх дуртай. Гэвч хуулийн дээр засаг ноёд сандайлах болсоор удлаа. Засгийн газрынхаа тулах цэг, тулгуур, хөл нь байх учиртай аймгийн Засаг дарга нар хууль бус үйлдэл, авлига, албан тушаалын хэрэг төвөг, элдэв асуудалд байнга нэр нь орооцолдож, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, “аав”-ынд хүртэл ороод л.
Хамгийн харамсалтай нь тэднийг “базах” ёстой Ерөнхий сайд маань даацтай арга хэмжээ авч чадахгүй, хариуцлага тооцохгүй, амандаа ус балгасан мэт таг дуугүй, өөгшүүлсэн маягтай суух нь тэдний хууль бус үйлдэлтэй эвлэрч байна уу гэх эргэлзээг төрүүлнэ.
“Шинэчлэлийн” Засгийн газрын хувь заяаг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлж, Ерөнхий сайдын чихнээс хонх уяж, нүүрийг улалзуулж байгаа засаг ноёдын нэг бол П.Ганхуяг. Аймгийнх нь ИТХ-аас түүнийг огцруулахаар шийдвэрлэсэн. ИТХ-д үнэмлэхүй олонхи буюу 16 суудалтай АН-ынхан тэнэгтээ Засаг даргаа огцруулах гэсэнгүй. Авсан суудлаараа олонхи болсон тэд хэрэв намчирхсан бол Засаг даргаа улаан цээжээрээ хамгаалмаар. Гэхдээ Дорноговийн ИТХ-ын гишүүд намын эрх ашгаас илүү нутаг орон, ард түмнийхээ эрх ашгийг дээгүүр тавьж. Тиймдээ ч газрын наймаа, хууль бус тендерийн асуудалд нэр нь орооцолдсон Засаг даргыг огцруулах шийдвэр гаргажээ. Гэвч Ерөнхий сайд “no no” гэсэн хариу өгчихөөд буй. Асуудал үүгээр эцэслэгдээгүй л дээ.
Гагцхүү орон нутагтаа байтугай нам дотроо нэр хүндгүй болж, газрын наймааны асуудлаар АТГ-т дуудагдсан нөхрийг ИТХ нь огцруулах шийдвэр гаргачихаад байхад засгийн тэргүүн хамгаалахын цаана ямар учир байгаа юм бол? Заримын хэлдэгчлэн П.Ганхуягийг огцруулах гэхээр АН-ын нөлөө бүхий гишүүдийн эрх ашиг хөндөгдөх гээд байгаа юм уу? Тиймээс тэд Ерөнхий сайдад шахалт үзүүлэв үү? П.Ганхуяг Н.Алтанхуягийн халаасны хүн гэж үү? Гэх мэт олон асуулт хариултаа нэхэж байна.
Ойрын ирээдүйд манай улсын эдийн засгийн өсөлт уул уурхайд түшиглэх нь гарцгүй үнэн. Тэр тусмаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор зөвхөн дорноговьчууд төдийгүй монголчуудын хувьд том боломж. Уг цогцолбор Дорноговь аймгийг үнэд оруулах түлхүүр. Гэвч анх “Эх орон” намаас нэр дэвшиж улстөрд орж ирсэн П.Ганхуяг тун удалгүй АН-ын батлах өвөртөлж, Засаг даргын сэнтийд залрахдаа хожим Засгийн газраа дэнжигнүүлэх хэмжээнд хүртэл хувийн шунал, хүслээ дарж чадаагүй нь харамсалтай. Тэр төрсөн сумандаа нэр дэвшээд нүүрээрээ харуулдаж унасан шигээ Дорноговьд АН-ын нэр хүндийг шавхайтай хутгаж, дараагийн сонгуулиар бүдэрч унах хангалттай том нүх ухчихжээ. Хачирхалтай нь “Шинэчлэлийн” Засгийн газар урхагшсан асуудлын идээ бээрийг шахаж, өөрчилж шинэчлэх шийдвэр гаргаж чадахгүй өнөө хэр П.Ганхуягийн толгойг илсээр...
Монголчууд “Явах хүнээр ачаа бүү татуул” гэдэг. Өнөөдөр тухайн нутаг оронд байнга амьдардаггүй, асуудал бэрхшээлийг мэдэрдэггүй, Улаанбаатараас ажлаа амжуулдаг нүүдлийн шувуу шиг Засаг дарга нар цөөнгүй. П.Ганхуяг тэдний л нэг. Ямар сайндаа л Дорноговийн ард түмэн Засаг даргатайгаа уулзахыг “өдрийн од” харахтай зүйрлэхэв. Очихоороо л Улаанбаатар руу ажлаар явсан гэх тайлбар, цоожтой хаалга мөргөсөөр удсан учраас тэр. Харин Дорноговийн Засаг даргатай Төрийн ордонд бол байнга таарч болно шүү. Дорноговийг “хөгжүүлэх”-ийн тулд Төрийн ордонд “конторлодог” юм болов уу, ёстой бүү мэд.
Энэ мэт задарсан засаг ноёдоо “базах” цаг болсон юм биш үү, Ерөнхий сайд аа.
Зочин · 2014/01/12
bazah ch gejdee chaawaas 2 har heree biesee gaihaw gegch boloh bailgvi
Зочин · 2014/01/12
Явах биш үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэгсэн
Зочин · 2014/01/11
энэ саарал ордонд цэвэр хүн нэг ч бхгүй.нэг нь шудрага байх гэхээр нөгөө нь хийсэн луйварыг нь хэлнэ гэж дарамтлаад ************ болгоно.бүгд бузар бүхэнтэй **********лдсан.хийсэн нүглийн гай үр удамд нь ирэх л болно.