Манай улсаас Япон руу ур чадварын дадлагажигч ажилтан бэлтгэх хөтөлбөртэй холбоотойгоор 2018 онд хэчнээн дадлагажигч илгээх, дадлагажигчид ямар нөхцөл тавигдах талаар ХНХЯ-ны хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ө.Цогзолмаагаас тодрууллаа.

-Оны өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Япон улсад айлчлах үеэрээ Монгол Улс Япон улстай хамтран хэрэгжүүлэх ур чадварын дадлагажигчийн хөтөлбөрийн хүрээнд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Уг санамж бичгийг зурснаар ур чадварын хөтөлбөрт өөрчлөлт орж байгаа юу?

-Япон улс өнгөрсөн жил гаднаас дадлагажигч ажилтан авах бэлтгэлээ хангах үүднээс холбогдох хууль тогтоомжуудаа шинэчилсэн байна. Эдгээр хууль тогтоомжтой нь уялдуулж, санамж бичгийг шинээр байгуулсан. Санамж бичигт гарын үсэг зурснаар хэд хэдэн чухал асуудал шийдэгдэж байгаа. Тухайлбал, өмнө нь дадлагажигч ажилтны ажиллах хугацаа гурван жил байсан. Одоо таван жил болж, хугацаа нь нэмэгдсэн. Үүнээс гадна япон улсын зүгээс өмнө нь дадлагажигч авахдаа ТББ-уудын холбооны гишүүн байгууллагуудтай гэрээ хийдэг байсан. Харин одоо япон улс дадлагажигч ажилтан авах асуудлыг хариуцсан төрийн байгууллагын бүтэц бий болгож байгаа юм.

-Япон улс дадлагажигч авахтай холбоотой хууль тогтоомжоо шинэчилсэн гэлээ. Тэгэхээр дадлагажигчид тавих шаардлагад өөрчлөлт орсон уу?

-Ур чадварын дадлагажигч хөтөлбөрт хамрагдах иргэдэд тавигдах шалгуурт нэг их өөрчлөлт ороогүй. Ер нь дадлагажигчид 18 наснаас дээш насанд хүрсэн байх шаардлагыг тавьдаг. Мөн японд эзэмших гэж байгаа мэдлэг, ур чадвар нь эх орондоо эзэмшихэд хэцүү, шинэлэг хөгжингүй техник технологийн байх шаардлага тавьдаг. Үүнээс гадна тухайн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. Мөн япон ажил олгогчид япон хэлний мэдлэг шаарддаг. Тухайлбал, япон хэлний дөрөв, тавдугаар зэргийн төвшний хэлний мэдлэгтэй хүмүүсийг ажиллуулах сонирхолтой байдаг.

-Одоогоор зөвшөөрөлтэй хэчнээн байгууллага япон уруу дадлагажигч илгээж байна вэ?

-Одоогоор 62 байгууллага Японд дадлагажигч илгээх хүчинтэй зөвшөөрөл авсан байна. Гэхдээ байгууллагуудын хүчинтэй хугацаа дуусах, зарим нь байгууллагын эрхийг түдгэлзүүлэх, шинээр олгох учраас дадлагажигч байгууллагын тоо хэлбэлзэж байдаг. Дадлагажигч илгээгч байгууллагуудын нарийн мэдээллийг хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны веб сайтаас авч болно.

-2018 онд хэчнээн дадлагажигчийг япон руу явуулах вэ?

-Жилдээ 200-300 гаруй хүн дадлагажигчаар япон руу явдаг. 2017 оны байдлаар 360 орчим дадлагажигчийг илгээсэн байна. Япон улс гаднын улсаас дадлагажигч авах тогтолцоотой байдаг. Ер нь хэдэн дадлагажигч авч ажиллуулах талаар тодорхой тоо хэлдэггүй. Манай улсаас хэдэн дадлагажигч явах нь Японы ажил олгогчоос хамаарна. Тиймд Монголын талаас “залуусаа ажлын ачаалал даах чадвартай ч гэдэг юм уу, сурталчлах ёстой.

-Ер нь хэчнээн ажил, мэргэжлээр дадлагажигч бэлтгэж байна вэ. Энэ жилийн хувьд шинээр нэмэгдэх ажил, мэргэжил бий юу?

-Нийт 33 ажил, мэргэжлийн 159 чиглэлээр дадлагажигч авдаг. Тухайлбал, барилга, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, төмөрлөгийн үйлдвэрлэл зэргээс гадна ихэнхдээ техник технологийн чиглэлээр дадлагажуулдаг. Энэ жил асаргаа, сувилгаа гэсэн шинэ чиглэл гарч ирсэн байгаа. Энэ нь ахмад настай хүнийг асрах ажил учраас япон хэлний өндөр мэдлэг шаардах юм.

-Энэ жил дадлагажигчаар явах хүмүүс хэзээнээс Япон улс уруу явах вэ?

-Одоогоор япон уруу дадлагажигч илгээгдээд эхэлчихсэн байна.

-Ур чадварын дадлагажигч хөтөлбөрт хамрагдах бол ямар материал бүрдүүлэх ёстой вэ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дадлагажигч илгээж буй байгууллагад хяналт тавьдаг учраас байгууллагын дотоод дүрэмд оролцдоггүй. Тухайн илгээгч байгууллага бүрдүүлэх материалыг хариуцдаг.