Удахгүй сар шинийн баяр болох гэж буй. Баярын өдрүүдээр замын ачаалал ихсэж, түгжрэл үүсдэг билээ. Тэгвэл энэхүү асуудлыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн энэ оны анхны хуралдаан нэгдүгээр  сарын 9-нд болж, хуралдаанаар сар шинийн баярын өдрүүдийг угтаж авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Өнгөрсөн жил анх сар шинийн баярыг угтан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлж байсан бөгөөд энэ нь үр дүнгээ өгсөн ажил болсон гэж иргэдийн зүгээс үнэлжээ.

Тиймээс энэ жилийн сар шинийн баярыг угтаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхийг дэмжиж, нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар болсон байна.

Тодруулбал, томоохон зах худалдааны төвүүдийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ялган, замын хөдөлгөөнд оролцуулах, энэ хугацаанд гэр хорооллоос “Нарантуул” худалдааны төв рүү нийтийн тээврийн буухай автобус явуулах зэрэг ажлыг зохион байгуулах аж.

Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахдаа 2014 оны 1 дүгээр сарын 18-ны бямба, 26-ны ням гаригуудад  сондгой, 1 сарын 19-ны ням, 25-ны бямба гартгуудад тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл НИТХ-аас тогтоосон бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар зохицуулжээ.

Сар шинийн өмнөх өдрүүдэд "Хүчит шонхор" худалдааны төвийн орчим  замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас "Хүчит шонхор" захын зүүн урд уулзвараас хойш 300 метрт нэг чигийн хөдөлгөөнд оруулж, хөдөлгөөний зохицуулалт хийх юм байна. Мөн сар шинийг угтсан ажлын хүрээнд  "Урт цагаан" буюу "Жуулчны гудамж"-ны урд талбайд автомашины зогсоол байгуулах, дүүргүүдэд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулах юм. Сар шинийн баярын өдрүүдэд гэр хорооллын зарим гудамж замуудад хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас гэр хорооллын гудамжуудад орох, гарах гарцыг нээж зохицуулалт хийх, гэрэлтүүлэггүй газруудад шинээр гэрэлтүүлэг тавихаар төлөвлөсөн аж.

Х.Даваа